Залхуу тариачин /Энэтхэг ардын үлгэр/

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Хурын бурхад бүхэл шөнөжингөө баярлан бороо ихээр оруулж хоносноор зам харгуй шавар шалбаагт хутгалдан хонхор газрууд бүгд халгиж цалгитлаа усаар дүүрсэн байв. Өнөөдөр хадсан өвсөө зах дээр зардаг өдөр учир тариачин Ражу морин тэргээ жолоодсоор тосгоны замаар захыг чиглэн явж байв.

Хэдий чинээ эрт очно төдий чинээ өвсөө ихээр худалдах боломжтой учир хирэндээ л яаравчлан байв. Зам шалбааг ихтэй болсны улмаас морин тэргийг жолоодон явах нь ихэд төвөгтэй аж. Ингээд явж байтал тэрэгний дугуй шаварт суучихаж гэнэ. Морио урагш хүчлүүлэх тусам тэрэгний дугуй улам гүн шигдэж байв. Ражу суудлаасаа үсрэн бууж тэрэгнийхээ дэргэд очоод эргэн тойрноо ажин өөрт нь тусалчихаар хүн хайсан боловч олдсонгүй гэнэ.

Тэргээ өөрөө өргөж, түлхэх оролдлого жаахан ч хийгээгүй хирнээ өөрт тохиолдсоноо азгүй явдал хэмээн хараан зүхэж эхлэв. Тэгэн тэгсээр дээш тэнгэр өөд харан Бурханд хандаж “Би үнэхээр азгүй юм аа! Яагаад надад энэ бүхэн тохиолдох ёстой гэж? Бурхан минь, бууж ирээд надад туслаач” хэмээн орилж эхлэв. Нилээдгүй хугацаанд хүлээсний эцэст Бурхан Ражугийн өмнө гарч ирээд “Чи үнэхээр ингээд л зүгээр харж суугаад, гоншгонож гомдоллож байгаад тэргээ хөдөлгөчихнө гэж санаа юу? Чи л бие сэтгэлээрээ хүчин чармайлт гаргахгүй бол өөр хэн ч чамд туслахгүй шүү дээ.

Шаварт суусан дугуйгаа өөрийн биеэр татаж гаргах оролдлого хийвэл аяндаа арга нь олдох бус уу?” хэмээн зэмлэнгүй хэлэв. Үүнийг сонсоод Ражу өөрөөсөө ичих шиг болжээ. Ингээд өвдгөө нугалан доош сууж, мөрөөрөө дугуйг түшиж байгаад морио зүтгүүлж эхлэв гэнэ. Тэгтэл хормын зуур дугуй шавраас сугаран гарч ирлээ. Тариачин Ражу энэ явдлаас ихэд суралцан Бурханд талархаад баяр хөөртэйгөөр аян замаа цааш үргэлжлүүлсэн аж.

Сургамж: Эзэн хичээвэл заяа хичээнэ.

Эх сурвалж: Богино үлгэрүүд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.