
Хүүхдийг эрүүл чийрэг өсгөснөөр хүйтний улиралд өвчин даах чадвар нэмэгдэж, ямарваа нэг өвчнөөр өвчлөх нь багасна. Иймээс дулааны улирал ирж байгаа тул хүүхдийг ус, агаар, нарыг ашиглан чийрэгжүүлэх хэрэгтэй. Чийрэгжүүлэлт бол гадаад орчны өөрчлөлтөнд дасан зохицох чадварыг сайжруулдаг. Бага насны хүүхдийг чийрэгжүүлж чадаагүйгээс хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын өвчин, түүний хүндрэлээр илүүтэй өвчилж байна. Чийрэгжүүлэх арга хэмжээ нь энгийн боловч эцэг эхээс ихээхэн тэвчээр шаарддаг.
Агаараар чийрэгжүүлэх
Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар зайлшгүй шаардлагатай. Иймд хүүхдийн өрөөг тогтмол агааржуулах хэрэгтэй бөгөөд хүйтний улиралд 3-4 цаг тутамд 10-15 минут, зун өдөржин салхивчийг нээлттэй байлгах хэрэгтэй. Хүүхдийн өрөөнд угаалга хийх, тамхи татах, хоол хийж болохгүй.
Агаараар чийрэгжүүлэлтийг агааран угаалт, агаарт зугаалах зэргээр хийнэ.
Агааран угаалт гэдэг нь хүүхдийг дулаан байранд богино хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Төрсний дараах эхний өдрөөс нь хүүхдийг хурайлах бүртээ 1-3 минутын хугацаагаар нүцгэн байлгаж цаашид хугацааг нэмэгдүүлж 10-15 минут нүцгэн байлгана. Хүүхдийг ой хүртэл нь агааран угаалтыг 30 минут хүргэнэ. Агааран угаалт хийхдээ байрны дулаан 20-22 хэм, 2-6 сартайд 19-20 хэм, 6 сараас18-19 хэм байхаар зохицуулна.
Агаарт зугаалах. Нярай хүүхдийг зун намрын улиралд төрөхөөс гарсан өдрөөс нь эхлэн 10-15 минутын хугацаагаар салхинд гаргаж, цаашид гадаа байлгах хугацааг нь алгуурхан ихэсгэх замаар өдөр бүр гаргаж салхилуулж байх нь чухал. Харин хүйтний улиралд 3-4 долоо хоногтойгоос эхлэн дулаан хувцаслаж 10-15 минутаас эхлэн гадаа гаргаж улмаар гаднах агаарын температур -10 хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед салхинд гаргаж, 1-2 цаг хүртэл гадаа байлгаж хэвшүүлэх хэрэгтэй.
Хүүхдийг гадаа гаргахын өмнө хамрыг цэвэрлэж, хамрын амьсгалыг чөлөөтэй болгох хэрэгтэй. Хүйтний улиралд агаарын бохирдол ихтэй байгаа учраас хүүхдийг хотоос зайтай цэвэр агаарт гаргах нь чухал юм.
Усаар чийрэгжүүлэх
Хүүхдийг тогтмол усанд оруулж сургах ёстой. Хүүхдийг усанд оруулдаг саван, сойз, сав, алчуур тустай байх шаардлагатай. Усаар чийрэгжүүлэлтэнд усанд оруулах, усан арчилт хийх, усан шавшлага хийх, хөл угаах зэрэг орно.
Усанд оруулах. Хүүхдийг өдөр болгон усанд оруулбал уснаас айхгүй, арьс нурахгүй сайн талтай. Хүүхдийг усанд оруулахын өмнө салхивчаа хааж, гараа сайтар савандаж угааж, цэвэр хормогч зүүнэ. Усанд ороход болон уснаас гаргахад өлгийдөж хувцаслах бүх зүйлсийг бэлэн байлгасан байна. Хүүхдийн усанд оруулах өрөө 22—24 хэмийн дулаан байна.
Хүүхдийг усанд оруулах тусгай түмпэн гаргаж сайтар угааж ариутган ёроолд нь 4 нугалсан өлгий даавуу дэвсэж бэлтгэх ба эхний 2—3 долоо хоногтойд 37—37.5 хэмийн бүлээн буцалсан усанд оруулах ба ингэхдээ эх нь хүүхдээ гарынхаа шуун дээр хэвтүүлэн угаалгыг хийнэ. Хүүхдийг эхний 7 хоногт 5 минут, цаашид 8— 10 минут өдөр бүр орой хөхүүлэхийн өмнө усанд оруулж унтуулж хэвшүүлэх хэрэгтэй.
Эхний саруудад усны хэм 37 градус, 6 сараас дээш 36 хэмийн дулаан байна.
Оруулж байгаа ус хүүхдийн биеийг бүрэн далдлах ёстой. Усанд байх хугацаа 1 хүртэлх насны хүүхэд 5—7 минут, 2 нас хүртэл 8—10 минут, 2 наснаас дээш 10—20 минут байлгана.
Усанд оруулах тоо 6 сар хүртэл өдөр бүр, 1 нас хүртэл өнжөөд нэг, 1—3 насанд долоо хоногт 2—3 удаа, 4 наснаас долоо хоногт 1 удаа оруулна. Усанд оруулаад гаргахдаа 1—2 хэмээр хүйтэн усыг хүүхдийн дээрээс гоожуулан дараа нь хуурай зөөлөн алчуураар арчина.
Усан арчилт. Усан арчилтыг 5 сартайгаас эхлэн хийнэ. Арчилтыг хийхдээ зөөлөн үсэрхэг даавуун алчуур болон бээлийг усанд базаад хөлийн ул, эрээн булчин, гуя, гар, хэвлий, нуруу, цээж, хүзүү гэсэн дарааллаар арчина. Арчилт хийх усны хэм эхлээд 36 хэм, аажим градусыг багасгаж 30—33 хэм болгоно. Байрны дулаан 20 хэмээс доошгүй байна.
Усан шавшлага. Хүүхдийг нэг наснаас нь эхлэн усан шавшлагыг хийнэ. Хувин болон шүршүүр ашиглан хүүхдийн биен дээр ус асгана. Усан шавшлагыг 1—2 минут хийгээд хүүхдийн арьсыг улаан ягаан болтол зөөлөн алчуураар арчаад дулаан хувцаслана. Хүүхдийн толгой дээрээс ус асгаж болохгүй.
Хөлийг угаах. Нэг нас 6 сартайгаас 2 настай хүүхдийг унтахын өмнө хөлийг нь угаана. Хөлийг угаахдаа эхлээд 35—36 хэм, цаашид 3—4 хоног тутамд усны хэмийг нэг хэмээр бууруулан 18—22 хэмд хүргэнэ. Хөлийг угаахдаа эхлээд дулаан улиралд хийнэ.
Наран шарлага гэдэг нь хүүхдийг гадаа наранд түр хугацаагаар нүцгэн байлгахыг хэлнэ. Наран шарлагыг хэт ягаан туяаны илч сайн байдаг өглөөний 11 цагаас өмнө орой 17 цагаас хойш хийх нь зүйтэй. Хүүхдэд нарны шарлага хийх үед агаарын дулаан сүүдэр газарт +22 хэмээс доошгүй байна.
Гадаа агаарын хэм +30 хэмээс дээш байхад хүүхдэд наран чийрэгжүүлэлт хийдэггүй. Хүүхдэд 4 сартайгаас наран чийрэгжүүлэлт хийж эхэлнэ. Эхлээд нэг минут нуруугаар нъ, 1 минут хэвлийгээр харуулан хэвтүүлэн наран шарлага хийнэ. Цаашид 2 хоног тутам шарлагаа 1 минутаар нэмэгдүүлсээр 1 нас хүртэлх хүүхдийг 20 минут, 1 наснаас дээш 30 минут, хөхүүл хүүхдийг хөхүүлэхээс 30 минутын өмнө, хөхүүлснээс хойш 1—1.5 цагийн дараа шарна.
Наран шарлагын үед хүүхдэд өргөн хүрээтэй цагаан малгай өмсгөнө. Буцалсан ус уулгаж болно. Хүүхдийг унтуулж болохгүй.