
Европын холбооны дээд шүүх Польш улсыг Европын холбоонд өдөрт 1 сая еврогийн торгууль төлөхийг үүрэг болгожээ.
Энэ оны эхээр Европын холбооны шүүх Польшийг Үндсэн хуулийн цэцийн дэргэдэх Сахилгын танхимаа тараахыг шаардсан юм. Польшийн эрх баригчдын зүгээс Европын холбоог Польшийн хараат бус шүүх тогтолцоонд нөлөөлөхийг оролдож байна хэмээн буруушааж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан аж.
Түүнээс гадна энэ сарын эхээр Польшийн Үндсэн хуулийн цэц Польш болон Европын холбооны хоорондын маргаанд Польш улсын хууль нь Европын холбооны хуулиас дээгүүр тавигдана хэмээн мэдэгдсэн нь Европын холбооны удирдлагуудын бухимдлыг төрүүлсэн байна.
Польшийн Үндсэн хуулийн цэцийн дэргэдэх Сахилгын танхим нь 2018 онд байгуулагдсан ба уг танхим нь шаардлагатай тохиолдолд шүүгч нарт шийтгэл ноогдуулдаг ба авлигын эсрэг тэмцэх явдалд чухал ач холбогдолтой болохыг Польшийн эрх баригчид онцолж байсан аж.
Тэгвэл шүүмжлэгчид Польшийн эрх баригчид уг танхимыг хараат бус, бие даасан шүүгчдийг шийтгэж, тэдгээр шүүгчдийн гаргасан шийдвэрт хориг тавихад ашиглаж байна хэмээн үзэж байгаа билээ.
Өнгөрсөн 7-р сард Европын холбооны шүүх Польшийн Үндсэн хуулийн цэцийн дэргэдэх Сахилгын танхим нь хараат бус, шударга байж чадахгүй хэмээн үзэж, Польшийн эрх баригчдад уг танхимыг тараахыг үүрэг болгосон юм. Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий Европын холбоо Польш улсын хууль эрх зүйн тогтолцоо ямар байх ёстойг заах эрхгүй хэмээн мэдэгдсэн ч Сахилгын танхимыг тараахыг зөвшөөрсөн юм.
Нөгөө талаас тэрээр Сахилгын танхимыг чухам хэзээ тараахаа тодорхой мэдэгдээгүй аж. Европын холбоо болон Польш улс хоорондын маргаан эцэслэх хүртэл Европын холбооны зөвлөл коронавирусын цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд зориулж Польш улсад 57 тэрбум еврогийн санхүүжилт батлах явдлаа хойшлуулсаар байгаа аж.
Польшуудын дунд хийсэн санал асуулгаар иргэдийн 40.8 хувь нь засгийн газар нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, маргаанаа зогсоох ёстой гэж хариулсан бол 32.5 хувь нь Европын холбоотой зөвшилцөлд хүрэх хэрэгтэй хэмээн хариулсан байна.
Европын холбооны шүүхийн шийдвэрийн дагуу Польш улс Сахилгын танхимаа тараах хүртлээ Европын холбоонд өдөрт 1 сая еврогийн торгууль төлөх ёстой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.