ЭФҮ ноён ба МАНЖ гүнж

Twitter Print
2020 оны 06-р сар 20-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Эфү нь “хүргэн” гэсэн утгатай манж үг бөгөөд Монголын язгуур угсаат ноёдод цэвэр зүрчид угсааны гүнжийг өгч ураг барилдах замаар “итгэлцэл” бэхжүүлэх алхамууд хийсэн байдаг. Хүргэндээ “төрийн эфү”, “хошой эфү” цол шагнаж үлэмж шагнал дагалдуулдаг.

Түшээт хан Дондовдорж нь Манж Чингийн үеийн ууган эфү бөгөөд түүнээс хойш Түшээт хан болон Сайн ноён ханы 10 орчим эфү түүхэнд үлдсэн. Манжийн хаан гүнж нараа 5 жилийн дотор нутагтаа ирэхийг хориглож, хоол хүнсийг ордноос олгож байхаар зарлигласан байдаг. Зарим сурвалжид, Манжийн хаад Монголын ноёдыг тандаж хянаж байх зорилгоор өөрсдийн гүнж нарыг нэр нөлөөтэй, алтан урагт хамаарах язгууртнуудад хатан болгож ЭФҮ цол өгдөг. Тэдгээр гүнж нар монгол ноёдын өргөөнд юу болж буйг Бээжин рүү мэдээлэх үүрэгтэй бөгөөд нас барсныхаа дараа шарил нь Бээжин рүү дагаж ирсэн бараа бологсод, эд хөрөнгийн хамт “буцдаг” гэж бичсэн буй.

1699 онд Манжийн Энх-Амгалан хааны YI гүнж буюу ордны авхайгаас төрсөн Хичээнгүй амирлангуй гүнж Түшээт хан аймгийн Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдсөн. Гүнж монгол ноёныг чин сэтгэлээсээ хайрлан Хаживдорж, Ринчэндорж, Гэжайдорж нарын олон хөвүүдийг төрүүлж, эхнэр хүний журмыг сахиж, монгол ёс заншлыг дагаж хүндэтгэдэг байсан гэдэг. Нөхөр болох Дондовдорж нь Чингис хааны алтан ураг Абтай сайн ханы үр ач бөгөөд сайхан төрсөн эр хүн төдийгүй эрдэм номд боловсорсон, шүлэг яруу найрагт дуртай хүн байсан ажээ. Дондовдоржийн монгол хатнаас төрсөн хүү нь Занабазар хутагтын дараа II дүрийн Богдод өргөмжлөгдөж хожим нь Хотгойдын Чингүнжав, Амарсанаа нарын бослогыг дэмжсэн хэрэгт буруутгагдан Манжийн хааны шахалтаар хор ууж нас барсан, манж гүнжээс төрсөн хүү Ринчендорж нь Амарсанааг оргуулсан хэргээр амиа алдсан гэдэг.

Манж гүнж 1740 онд нас барахдаа “Миний бие монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ монгол хүн болсон. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай” хэмээн гэрээсэлжээ. Ийнхүү гүнжийн шарилыг хадгалах, тахилгын онгоныг сүмийн хамт байгуулсан нь “Гүнжийн сүм” хэмээн алдаршсан юм.

1948-1949 онд Гүнжийн онгонд малтлага хийхэд аль хэдийнэ сүйтгэгдсэн байв. Судалгааны явцад газар доор гантиг чулуун өрөө байгаа нь тодорхой болж дотор нь зандан модоор хийсэн авс байгааг илрүүлсэн. Авсыг давирхайдаж есөн давхар торгоор доторлоод жижиг нүүрс хийсэн байсан нь гүнжийг “чандарласан” байх магадлалтай гэж үзсэн. Сүйтгэгдэхээс өмнө Гүнжийн сүмийг хамгаалдаг байсан “сүмчин” хэмээх отог айлуудаас онгоныг очиж эргэдэг, сүмийн доторхи байдал хүн амьдардаг мэт эд зүйлс бүрэн бүтэн байжээ. Гүнжийн хэрэглэж байсан авдар, алт шармал хос мөнгөн бугуйвч, гоо сайханы шүүгээ, торгоны илүүр, аяга, цайны сав, Манжийн хаанаас олгосон “алтан өргөмжлөл” зэрэг нь эдүгээ Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Одоо Гүнжийн сүмийн туурь нь хэрмэн хашааны үлдэгдэл, богд хаалга, боржингоор хийсэн мэлхий чулуу, түүний дээр байсан гэрэлт хөшөө, гүнжийн авс байсан газар доорхи гантиг өрөө зэргээс бүрддэг. 

Жич: Тэрэлжийн Мэлхий хадны тэндэх Хүүхэн ууланд байх, дүүжин гүүр гарч очдог сүмийг “Аръяабал” гэдэг бөгөөд энэхүү яриад байгаа Гүнжийн сүмтэй ямар ч хамааралгүй юм. UB2 зочид буудлын хойгуур Тэрэлж голын гармаар гараад зүүн тийш Баянгийн талаар дайрч 37км явж хүрдэг. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн нарс модон ойд байх туурь бөгөөд машинаар явж чадах газар хүртэл яваад цааш мориор юм уу, явган явж хүрнэ.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.