
Найман сар дөнгөж гармагцаа намрын дохиогоо сэмхэн сэмхэн өгөөд эхэлдэг. Тэр л дохиог нь эхлээд хангай нутаг сэрж мэдрээд, шөнөдөө жиндсэн моддын шарланги навчис, уулын бэлээр хөшиглөх манан хүдэн, хоног тоолон улам цэвцийн гялтганах өглөөний мөнгөн хяруу, үзүүрээрээ шүргэх төдийхөн тэндээ жиндүүхэн салхины сэнхийх амьсгал гээд юухнаар ч болов, хүмүүс бидэнд цаана чинь, цаана чинь, өнөөх намар чинь, намар чинь хэмээн бөхөлзөн дохилзох тариан түрүүний бүжгээр, ээнэгшин ганганалдах шувуудын хэлээрээ санаа алдах мэт далдхан цаанаасаа хүүрнээд эхэлдэг. Эхэлдэг эхэлдэг, намар тэгээд л эхэлдэг.
Эх орныхоо энд тэндгүй зунжингаа өөд уруугүй, өгсч уруудан, жолоо цулбуур ер таталгүй аялсан, зугаалсан хүмүүс гэв гэнэтхэн яав гэмээр намрын дохиогоор гэрийн зүг буцах болдог. Тийн явах тоолондоо ийм эх оронтой хүмүүс шүү дээ, бид гэж хэлэх мэдлэгтэй мэдэцтэй, бүрэн дүүрэн илэрхийлэх эрмэлзэлтэй тэмүүлэлтэй болдог. Болдог болдог, энэрч хайрлах, бахдаж тэмүүлэх тийм эрмэлзэлтэй болдог.
...Хархорин, Эрдэнэ зуу, Элсэн тасархай, Хар балгас, Хөшөө цайдам, Өгий нуур, Хөл асгат, Хар бухын балгас, Цогтын цагаан байшин, Улаан хэрэм, Зоргол хайрхан, Их, Бага газрын чулуу, Дэлгэрийн чойр, Улаан, Цагаан суварга, Говь гурван сайхан, Хонгорын элс, Баян заг, Говийн их дархан газар, Онгийн хийд, Хүйсийн найман нуур, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Тэмээн чулуутын ам, Үүртийн тохой, Шанхын хийд, Цэнхэрийн халуун рашаан, Тайхар чулуу, Хөрөөгийн үзүүр, Цацын эрэг, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Гол модны дурсгал, Жаргалантын буган хөшөөд, Хар хул хааны балгас, Хядагийн эх, Хөвсгөл нуур, Байбалыкийн туурь, Уран тогоо уул, Амарбаясгалант хийд, Ноён уул, Хар зүрхний хөх нуур, Бурхан халдун, Хангал нуур, Балдан бэрээвэн хийд, Айл харгана, Рашаан хад, Өглөгчийн хэрэм, Хурхын хөндий, Ононы цагаан нуур, Дуурлиг нарс, Гурван нуур, Дэлүүн болдог, Зүүн хэрэм, Хэрлэнгийн хөдөө арал, Аваргын балгас, Аврага тосон, Горхи-Тэрэлжийн цогцолбор, баруун бүх аймгийн гайхамшигт уул ус, нуур гол, түүх дурсгалт газар гээд хангай говь, хорин нэгэн аймгийн хаана нь ч үзээд ханашгүй үзэсгэлэн бий, яваад баршгүй уудам нутаг орон минь бий...
Тэр бүхэн бол тэнгэрлэг монголчууд бидний эцэг дээдсээс заяасан, эгнэгт орших өлгий нутаг минь билээ. Харийн сайхан нүд мялаадаг, өөрийн сайхан зүрх мялаадаг гэсэн үг бий. Харь хол хичнээн ч явж, хамаг сайхныг нь бахаа ханатал эдэллээ ч гэсэн энэ минийх гэж хэлэх эрх хэнд ч байхгүй, эндээс би явахгүй гэх арга даанч олдохгүй. Сэтгэл зүрх тэгтэл ч бас ээнэгшиж уягдахгүй. Намрын дохио шиг хүний нас ахих тутам нутаг л бодогдоно. Хорвоогийн жам гэдэг энэ юм.
Харийн нутгийг эндүүрч, өөрийн юм шиг элгэмссэн өвгөд минь ч гэсэн ухаарал гэмшлээ хойч үедээ санамж болгон шүлэглэсэн л байдаг.
1320 онд төрж, 1370 онд насан өөд болсон Тогоонтөмөр бол Монгол улсын Юань гүрний арван нэгдэх хаан хүн. 1333 онд хаан ширээнээ заларсан тэрбээр Хятадын улаан алчууртны бослогод аргагүй хүчинд автаж, 1368 онд Дайду хотоос зугтан гарч, ухран ухарсаар эцсийн эцэст эзэндээ ямагт ээлтэй эх орон Монголоо, ертөнцийн чихнээ дуурсгалт эцэг дээдсийн агуу их хот Хархорумоо зорин зүтгэсэн боловч, харьж ирж хараахан чадсангүй. Ташрамд дурдахад, өнөөгийн Бээжин хотыг Юань гүрний үед Дайду хэмээн нэрлэж байсан юм билээ.
Эх орноо тойрч, өөрийн нүдээр үзэх тусам ямар сэтгэл төрөх вэ гэхээр ийм л сэтгэл үлдэх байх!
Тэгэх тусам эх орондоо гамтай, эзэн хүний сэтгэлтэй л байхсан гэж бодогддог юм. Танд ч бас тэгдэг биз!
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.