Чү Жин Бин Монгол сургуулийг устгасан бол Хятад дарга нар одоо Монгол хэлийг...

Twitter Print
2020 оны 07-р сар 20-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Өвөр Монголын зарим хошуунд Монгол хэлээр хичээл орохыг хориглосон шийд гараад байгаа. Үүнтэй уялдуулж манай зохиолч, яруу найрагчид эх хэл болоод бичиг үсгээ дээдлэн сурталчилах хөдөлгөөн өрнүүлээд буй. Өвөрмонголчууд ч бас идэвхитэй тэмцэж байна. Тэд WeChat-ын бүлгэмүүдээр: “Өнөөгийн хятад дарга нар 20 жилийн өмнөх Чү Жин Бин гэдэг хятад хүүхнээс айхтар бодлого явууулж байна. Эд нарын хажууд Чү Жин Бин арай гайгүй байжээ” гэж хэлэлцэж байна.

Энэхүү хятад авгай 2000 оноос Өвөр Монголын зарим гацаа, сумдын монгол сургуулийг татан буулгаж байжээ. Үүний улмаас сумынхаа монгол сургуулиас аймаг, хошуудын хятад сургуульд суралцах болсон охид, хөвгүүдийн монгол хэл ихээхэн будантжээ. Энэ нь үнэндээ өвөр монголчуудын хувьд том “аюул” болсон байна. Учир нь 2000 оноос аймаг, хошуудын сургуульд суралцах болсон сурагчид өдгөө хорь, гуч хүрч яваа залуучууд бөгөөд тэдний ярианд хятад үг, хятад аялгуу давамгайлахын сацуу хятад сэтгэхүй нөлөөлөх нь их болжээ. 1990-ээд оны үед Чү Жин Бай хатагтай Шанхай хотын сонин хэвлэл, радио телевизийг хянадаг Ухуулах хэлтсийн дарга байжээ. Тэр үед хожмын БНХАУ-ын дарга Жян Зэмин Шанхай хотын дарга байсан бөгөөд Чү Жин Бин хатагтай нь Жян Зэминий нууц амраг байж. Төдөлгүй Жян Зэмин Бүх Хятадын тэргүүлэгч болмогцоо нууц амраг Чү Жин Бин хатагтайг БНХАУ-ын Боловсролын яамны сайд болгожээ. Тэгээд энэ хүүхэн Боловсролын яамны толгойд гармагцаа Хятадын цөөн тоот үндэстнүүдийн гацаа, сумдын сургуулиудыг самрах ажилдаа орсон байдаг юм. Жишээ нь Өвөр Монголын Шилийн гол аймагт гэхэд л тавь гаруй монгол сургууль байсан бөгөөд Чү Жин Бин хатагтай бараг бүгдийг нь татан буулгажээ. Харин Монгол сургуулиудаа устгуулахгүй гэж Шилийн голынхон ихээхэн тэмцэл хийсний үр дүнд Шилийн голын Сангийн далайн бага сургууль, Зүүн Үзэмчиний “Мандах булаг” бага сургууль, түүнчлэн Жирэм аймгийн нэлээд хэдэн монгол сургуулийг татан буулгуулалгүйгээр авч үлдэж чадсан байна. Тэгтэл одоо эдгээр монгол сургуулиудад бүх хичээлийг хятадаар заах шийдвэр гарчихаад байна.

Тиймээс тэмцэлд нэгдээд буй өвөрмонголчууд “Одоо бүх хичээлийг хятадаар заагаад хэдэн жил үргэлжилбэл бидний хүүхэд цэвэр хятад болох аюул нүүрлэнэ. Тиймээс одооноос хятад хэлээр хичээл заалгуулахыг болиулах ёстой” гэцгээж байна. Мөн Жирэм аймгийн зарим нэг сэхээтэн: “Бид удахгүй Ямбиний солонгосчууд шиг болох нь ээ. Шороон түмэн хятадын дунд монголоороо үлдэнэ гэдэг маш хэцүү болж хувирлаа. Бид ч яахав монголоороо ярьж л байна. Харин үр хүүхэд маань хойшид монгол хэлээрээ ярихаа болих нь ээ” гэж түгшин ярьж байна. Ямбиний солонгосчууд гэдэг нь Хятадын хилийн ойролцоо байдаг Солонгосын нэгэн тосгон бөгөөд энд хятад сургуультай, бүх зүйл нь эрчимтэй хятадчилагдаж яваа юмсанж.

Уг нь БНХАУ-ын дарга Си Жин Пин одоогоос дөрвөн жилийн өмнө “Гацаа тосгодод сургууль байгуулахыг хүндэтгэж үзнэ” гэж хэлсэн юм байна. Тиймээс Ордосын зарим хүмүүс WeChat-ын бүлгэмүүдээр хоорондоо хөөрөлдсөөр байгаад Ордосын хоёр ч тосгонд монгол сургууль байгуулчихжээ. Өвөрмонголчууд их удирдагч Си Жин Пин-дээ тун ч таатай ханддаг бөгөөд учир нь Си даргын эмэг эх монгол хүн байсан гэх. Тиймдээ ч Си дарга Бүх Хятадын 56 үндэстнээс өвөр монголчуудад илүү элэгтэй ханддаг гэх яриа бий. Гэвч эдүгээ Си даргын доод албан тушаалтнууд Монгол хэлийг устгах ажилд ханцуй шамлан ороод байна. Үүнийг Си дарга мэдэж байгаа болов уу?

Б.Ойдов 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.