Онц ноцтой гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Twitter Print
2014 оны 08-р сар 19-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 17-нд Төв аймгийн Зуунмод хотод байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хороож, орлогын нэг сая гаруй төгрөгийг аваад зугтсан ноцтой хэрэг гарлаа. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар Цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд 17-ны 23:45 цагийн үед нэгэн иргэн шатахуун авахаар очоод түгээгч эмэгтэй нь амиа алдсан байсныг харж дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн албан хаагчид хэргийн газар шуурхай очиход шатахуун түгээгч эмэгтэй, 35 настай н.Цэцэгмаа нь хүзүү, хэвлийн тус газраа хутгалуулж амиа алдсан байдалтай байжээ. Мөн орлогын нэг сая гаруй төгрөгийг нь гэмт этгээд аваад зугтсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар гэмт этгээд шатахуун түгээх газрын камерийг бүгдийг нь эвдэлж, уг хэргийг үйлдсэн аж. Цагдаагийн байгууллагын ажилчид камерын бичлэгийг сэргээхээр ажиллаж байгаа юм байна. Дээрх шатахуун түгээх станц  нь Төв аймаг руу орох замд байрладаг бөгөөд Дундговь, Өмнөговь аймаг руу зорчиж буй жолооч нар ихэвчлэн үйлчлүүлдэг байжээ. Талийгаач эмэгтэй уг шатахуун түгээх газар олон жил ажиллаж байгаа, гэр нь ойролцоо байдаг гэдгийг мэдээлжээ. Мөн гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ.

Дээрх онц ноцтой хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтэс, Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагчид хамтран шалгаж байгаа аж. Одоогийн байдлаар хэргийн газар нарийвчилсан үзэг хийгдэж байгаа бөгөөд гэмт этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.