Украин руу дүрвэсэн беларусуудад тусалж байсан залуугийн амийг хөнөөсөн байж болзошгүй

Twitter Print
2021 оны 08-р сар 04-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцэгч 26 настай Виталий Шишов өнгөрсөн мягмар гарагийн өглөө Украины нийслэл Киев хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс дүүжлэгдсэн байдалтай олджээ. Украины цагдаагийн газар Виталий Шишов бусдын гарт амиа алдсан байж болзошгүй хэмээн үзэж, хэргийг мөрдөж эхэлсэн байна.

Беларусь улсын иргэн Виталий Шишовын хувьд өнгөрсөн жилээс эхлэн Украины Киев хотноо амьдарч эхэлсэн ба Беларусьт байхдаа Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд оролцож байжээ. Тэрээр Киевт "Белорусский дом на Украине" нэртэй байгууллагыг удирдан ажиллаж байсан ба тухайн байгууллага нь Беларусийн дэглэмээс зугтан, Украин улс руу дүрвэсэн иргэдэд Украинд ажиллаж амьдрахад нь туслах, хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг байжээ.

Украины Үндэсний цагдаагийн албаны дарга Игор Клименкогийн мэдээлснээр Виталий Шишов амиа егүүтгэсэн эсвэл түүнийг амиа егүүтгэсэн мэтээр харуулах байдлаар амийг нь хөнөөсөн байж болзошгүй гэсэн хувилбаруудыг шалгаж байгаа ба Виталий Шишовын хамар болон өвдгөн дээр нь ил шарх байсан болохыг онцолсон ч түүнийг халдлагад өртсөн гэж хэлэхэд хэтэрхий эрт байна гэжээ.

В. Шишовтой хамт ажиллаж байсан хүмүүсийн яриагаар тэрээр Украинд амьдарч эхэлснээсээ хойш түүний алхам бүрийг нууцаар мөрдөж, ажиглаж байгаа талаар ярьж байсан ба түүнийг хулгайлна эсвэл амийг нь хөнөөнө гэсэн сүрдүүлэг заналхийлэл удаа дараа ирж байжээ. Өнгөрсөн жилийн 8-р сард Беларусьт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, А. Лукашенког албан тушаалаасаа огцрохыг шаардсан жагсаал цуглаанд оролцсон хэдэн арван мянган иргэдийг баривчилж, хавчин дарамталж эхэлсэнтэй холбоотойгоор сөрөг хүчнийхэн болон жирийн иргэд хөрш Украин, Польш, Литва улс руу олноороо дүрвэх болсон юм.

Беларусийн Ерөнхийлөгчийн сонгуульд А. Лукашенкотой өрсөлдсөн сөрөг хүчний тэргүүн Светлана Тихановская Виталий Шишковын амийг хөнөөсөн байж болзошгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Өнгөрсөн 5-р сард Беларусийн эрх баригчид Грекээс Литва руу нисч байсан Ирландын Ryanair компанийн зорчигч тээврийн онгоцыг Минск хотын нисэх онгоцны буудалд хүчээр буулгаж, тус онгоцоор зорчиж байсан сэтгүүлч Роман Протасевичийг баривчилсан бол энэ долоо хоногт Токиогийн Зуны Олимпын наадамд оролцсон Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин эх орон руугаа буцахаас татгалзаж, Токио дахь Польш улсын элчин сайдын яамны байранд орогнож байна.

Беларусийн эрх баригчид Беларусийн засгийн газрын эсрэг жагссан иргэдийг гэмт хэрэгтэн эсвэл Барууны санхүүжилтээр ажиллаж буй харгис хувьсгалчид хэмээн тодорхойлж, тэдгээр иргэдийн эсрэг хууль сахиулагчдын авч буй арга хэмжээг зохистой бөгөөд зайлшгүй шаардлагатай хэмээн тодорхойлж байгаа юм. АНУ-ын зүгээс Украины цагдаагийн газраас Виталий Шишовын хэргийг хэрхэн мөрдөн шалгаж байгааг нухацтай ажиглана гэдгийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс онцолжээ.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/europe/missing-belarusian-activist-found-dead

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.