
Манай орны хувьд ходоодны өвчлөл их байгаа ба түүнийг үүсгэж байгаа хэд хэдэн шалтгаан байна.
1. Хеликобактерийн халдвар, тархалт нөлөөлж байна. Хеликобактерийн халдвар нь Монголын хүн амын 90 хувийг хамарч байна.
2. Хоол хүнсний зохистой хэрэглээ алдагдсанаас ходоод гэмтэж байна.
3. Архи дарс болон тамхины зохисгүй хэрэглээ ходоодонд шууд нөлөөлж байна.
4. Стрессийн нөлөөнөөс үүдэлтэй ходоодны өвчлөл нэмэгдэж байна. Ходоод өөрөө маш мэдрэмтгий эрхтэн гэдэг утгаараа стрессийн нөлөөгөөр гэмтэх үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.
Эдгээр үндсэн шалтгаанаас үүдэн ходоодонд үрэвсэл үүсч, цаашлаад ходоодны шарх болж байна. Урт хугацаанд эмчид үзүүлэхгүй, эмчилгээгээ хийлгэхгүй явснаас ходоодны хавдар болох эрсдэл гарсаар байна.
Таны цээж байнга хорсоод байна уу
Цээж хорсоод байна, хоол идсэний дараа хэвлийгээр цанхайж, дүүрэх, гэдэс маш их дүүрч, хоол шингэхгүй аюулхай дээр халуун оргиж төөнөх зэрэг зовиур илэрч байгаа бол энэ нь ходоодны архаг үрэвслийн шинж тэмдэг байх магадлалтай юм байна. Мөн ходоодны архаг үрэвсэл үүсэх явцад бидний хэрэглэж байгаа хоол хүнсний дэглэм алдагдсанаас ходоодны хүчил улаан хоолой руу буцаж урсах байдлаар илэрдэг байна. Үүнийг ходоод, улаан хоолойн сөргөө өвчин гэдэг бөгөөд ходоодны өвчлөлтэй хүмүүсийн 90 орчим хувь нь эл өвчнөөр өвчилсөн байдаг. Энэ өвчин нь тухайн хувь хүнээс маш нарийн дэглэм шаарддаг ба хувь хүн өөрөө ухамсарлаж өвчнийхөө зовиурыг бууруулах боломжтой юм. Улаан хоолойгоор дамжиж ходоод руу хоол хүнс ордог. Ходоодны амсар дээр цагариг хэлбэртэй булчин байдаг бөгөөд ходоод руу хоол ороход булчин хаагдаж, ходоодонд орсон хоол 4-5 цаг тасралтгүй боловсорч гэдэс рүү орж гадагшилдаг байна.
Өглөө хоосон гарах
Өдөр нь бас юм идэхгүй явж байгаад орой гэнэт идэх
Хоол ихээр идчихээд хэвтэх
Хэвлийн хэсгээр хэт таргалсан
Тамхины хэт их хэрэглээ
Стрессийн нөлөө зэргээс болж ходоодны амсар дээр буй булчин дутуу хаагдаж эхэлдэг байна. Булчин дутуу хаагдсанаас болж ходоодонд ороод боловсрох ёстой хоол хүнс нь бүрэн боловсрохгүй улаан хоолой руугаа буцаж эхэлдэг. Ингэснээр ходоодны хүчил улаан хоолой руугаа буцаж урсах үзэгдэл үүсч, улаан хоолойн доод хэсгийг үрэвсүүлэхээс гадна тухайн хүнд цээж хорсох, ам гашуун оргих, горойх, гулгих, хихрэх зовиур илэрч эхэлдэг аж.
Ийм зовиур илрэхэд зарим хүмүүс содатай ус уугаад зовиураа дарж, нэлээд олон жил явсны дараагаар дуран оношилгоо хийлгэхээр ирдэг байна. Гэхдээ ийм шинж тэмдэг илрээд удсаных нь дараа биш, илэрч эхлэнгүүт нь заавал дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй юм байна. Эл өвчлөлд насны ялгаа гэж байхгүй. Сүүлийн үед 16, 17 настай өсвөр насны хүүхдүүд цээж хорсох зовиуртай явдаг болжээ. Дурангийн оношилгоо хийснээр ходоодны улаан хоолой доод хэсэг хэр их үрэвсэж, ходоодыг хэр их гэмтээж байгааг нь 5 зэргээр тогтоодог байна. Аль зэрэгт байгааг нь тогтоосны дараа тухайн хүнд эмийн эмчилгээ болон дэглэмийг зөвлөнө.
Энэ өвчлөл нь олон жилийн хоолны дэглэм алдагдсанаас үүсэж байгаа учраас эмчилгээний 20 хувь нь эм, 80 хувь нь дэглэмээс шалтгаалдаг байна. Тэгэхээр тухайн хүний өөрийн тэвчээр, хичээл зүтгэлээс эл өвчин ихээхэн хамаарна гэсэн үг. Эм ууж эхлэхээр ходоодны хүчил дарангуйлаад зовиур алга болохоор дэглэм алдаж, дахиад л сэдрэх тохиолдол гардаг байна. Ходоодны хүчил дарангуйлах эмийг удаан хугацаагаар хэрэглэвэл ходоодны архаг үрэвслийг даамжруулах эрсдэл байдаг. Тиймээс дэглэмийг маш сайн баримтлах хэрэгтэй юм байна.
Дэглэм яаж барих вэ
Улаан хоолой руу урсч байгаа зүйлийг үүсгэхгүй байхаар дэглэм барих ёстой аж. Хэвлийн хөндийн дотоод даралт гэдэг зүйлийг үүсгэхгүй байх ёстой. Үүнд:
Хоолыг цагаар иднэ. Өглөө, өдөр, оройн гэсэн дэглэмээр хооллоно. Ходоодонд хоол ороод 4-5 цагийн дараа боловсордог учраас өглөөний хоолоо идээд 4-5 цагийн дараа өдрийн хоолоо иднэ. Хоолноос хоолны хооронд аль болох ходоодны хүчил их ялгаруулах зүйлс идэхгүй, хэрэглэхгүй байх хэрэгтэй.Үүнд, бүх төрлийн чихэр, хүчил ихтэй жимс, хийжүүлсэн ундаа, халуун ногоо, амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй.
Хоол идэнгүүтээ хэвтэж огт болохгүй. Хоол идсэнээс хойш наад талын хугацаа нэг цаг, цаад талын хугацаа хоёр цагийн дараа хэвтэх асуудал яригдана. Орой унтахаас өмнө 3 цагийн өмнө хоол идэх ёстой гэсэн үг. Нэг дор ихээр хоол идэхгүй, шингэн ихээр уухгүй байх хэрэгтэй. Нэг дор ихээр идэж, ууссанаас болж мөн л ходоодондоо боловсрохгүй улаан хоолой руу буцаж урсана. Тиймээс хоол хүнсээ дундаж хэмжээгээр идэх хэрэгтэй. Хоолыг аль болох бариу хувцастай идэхээс зайлсхий. Энэ нөхцөлд мөн л хэвлийн даралт үүсгэж, ходоодонд боловсорч чадахгүй улаан хоолой руу урсах асуудал үүсдэг.
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчинд тамхи голлох үүрэг гүйцэтгэдэг учраас тамхины хэрэглээг зогсоох ёстой. Тиймээс иргэд иймэрхүү зовиур илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж, дурангийн оношилгоо хийлгэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хэрвээ цээж хорсолттой удаан явбал улаан хоолойн салст нь өөрөө маш нимгэн учраас хүчилд түлэгдэж, энэ байдлаараа олон жил явснаас болж ходоодны доод хэсэгт шарх шалбархай үүсдэг. Энэ нь аажимдаа улаан хоолойн салстыг гэмтээж, улаан хоолойн хавдар үүсгэх эрсдэлтэй байдаг.
Тэгэхээр цээж хорсохыг намжаагаад яваад байх нь цаашдаа илүү ноцтой асуудлыг үүсгэж болох учраас эрт үед нь оношлуулах хэрэгтэй байна. Монгол хүний ходоодны онцлог гэж байдаг. Монголчуудын дийлэнх нь хүчил ялгарал ихтэй хүмүүстээ ордог учраас хэт их амтлагчтай, халуун ногоотой хоол хүнс тохиромжгүй гэж үздэг. Аль болох ходоодныхоо орчинг алдагдуулахгүй хоол хүнсийг сонгох ёстой. Мөн хоолноос хоолны хооронд ус сайн уухыг зөвлөж байна. Ус нь өөрөө ходоодны хүчиллэг орчинг сааруулж, ходоодыг хамгаалах үүрэг нь эмээс илүү нөлөө үзүүлдэг. Ходоодны өвчлөлтэй хүмүүс өвдсөн үед нь эм ууж, дэглэм бариад, өвдөөгүй үед дэглэмээ барихгүй гэдэг ойлголтоос салах хэрэгтэй. Хеликобактерийн халдвар нэлээд өндөр байгаа энэ үед бид аль болох залуугаасаа ерөнхий хоолны дэглэм гэдэг зүйлийг барьж явснаар ирээдүйд ходоодны өвчлөл, шарх, хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах боломжтой.
Шүлтлэг хоол хүнс түлхүү хэрэглэх нь хүчлийг саармагжуулж цээж хорсох таагүй мэдрэмж бууруулна. Үүнд бүх төрлийн ногоон өнгийн хүнсний ногоо орно.
Эх сурвалж: Манна фүүдс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.