Айлын хоол “буудах”-гүй болсон

Twitter Print
2014 оны 08-р сар 18-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Иргэдээс тавьдаг санал гомдол, сэтгэл дундуурын олонг тоочвол Эрүүл мэндийн салбарт юу хийх ёстой нь маш тодорхой харагдана. Материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйлчилгээ тусламжийг чанаржуулах, оношилгоо эмчилгээг чанаржуулах суурь ажлаас эхлээд эх нярайн эндэгдлийг буруулах, эрчүүдийгээ хавдрын хорт тойргоос гаргах гээд аль ч үеийн эрүүл мэндийн сайдын шийдэх асуудал, хийх ажил маш тодорхой, мөн хөлгүй их байдаг биз. Гэхдээ эрүүл мэндийн салбарт хийх ёстой энэ “маш тодорхой” асуудал нь бодлого болоод хөрөнгө мөнгөний дутагдалд байсан тул төгөлдөр шийдлийг олох хувь дутсаар олон засгийн ард гарсан. Энэ хугацаанд социалист хэв загвар, сэтгэлгээн дээр суурилсан эрүүл мэндийн салбартаа дорвитой өөрчлөлт хийлгүй бараг тэр чигээр нь чирсээр ирсний чөдөр тушаа ч их бий. 

Энэ засгийн үед ч “хэвтүүлэх ор байхгүй” гэсэн үг хэвээр. Үүгээр нь эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй байна гээд яаруу дүгнэчихдэг бидний араншин ч мөн хэвээрээ. Одоо бид өөр хэмжүүрээр харах ёстой байх.

Нийслэлд хүн амын төвлөрөл, авто машины бөөгнөрөл хэмжээндээ тулсныг бид мэднэ. Үүн дээр хотын чадалтай эмчид үзүүлж, ухаалаг аппаратаар үзлэг оношилгоо хийлгэж, “том” эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэсэн хөдөө орон нутгийн иргэдийн хот чиглэсэн урсгал бөөгнөрөл 4 улирлаа даадаг байлаа. Үүнийг даган эмнэлэгүүдэд ачааллаас хэтэрсэн өвчтөнүүдийн хүлээлт “бөглөрөл” ч үүснэ. Энэ бөглөрөл алт шиг цагийн дайсан төдийгүй иргэдийг чирэгдүүлэх, хий явуулж хэдэн төгрөгөөөр нь “шатаах”, сэтгэл санаагаар унагаах, цаг алдаж өвчнийг даамжруулах гээд олон сөрөг үр дагавартай байлаа. Байлаа гэдэг нь одоо энэ бөглөрөл бүр алга болчихсон гэсэн хэрэг биш. Ямарч байсан эрс багасах эхлэл тавигдсан гэж салбарынхан хэлж байна. Уузвар, гудамж төслөөр нийслэлийн замын хөдөлгөөний бөглөрөл 30 хувь хүртэл буурсан гэж байгаа бол 11 аймагт эрүүл мэндийн оношилгооны төв бий болсноор хөдөө орон нутгаас өвчний учир хотыг зорих иргэдийн тоо 60 орчим хувиар буурчээ. Сүүлийн хоёр жилд төрөөс эрүүл мэндийн салбарт хаясан мөнгө, хөрөнгө оруулалтыг урьд жилүүдтэй нь харьцуулбал хол зөрүүтэй их тоо гарах юм байна.

Сүүлийн хоёр жилд төрөөс эрүүл мэндийн салбарт хаясан мөнгө, хөрөнгө оруулалтыг урьд жилүүдтэй нь харьцуулбал хол зөрүүтэй их тоо гарах юм байна.

Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс өгөх эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөг гаргажээ. Мөнгө хөрөнгө яахав, Төр эрүүл мэндэд гаргах ёстой л юм. Харин энэ мөнгө нь иргэн бидний нуруунаас ямар ачааг хөнгөлж , амьдарлын түвшнийг минь хэрхэн дээрдүүлсэн бэ.

Энд эхний 11 аймагт оношилгооны төв бий болсноор иргэдийн халаасанд идэх талх өмсөх зүүхийн хэчнээн мөнгийг замын зардал бус хэмнэлт болгон үлдээж байгааг одоохондоо яс тооцох аргагүй. Хөдөөний иргэд оношлуулахгүй өвдсөөр талийхвий дээ гэх айдаснаасаа өдөр өдрөөр салж байгааг харин баттай хэлж болно. Орон нутгийн эмнэлэгийн оношилгоо үйлчилгээ хэзээ ч байгаагүй богино хугацаанд, хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтаар хурдан босч ирсэн нь энэ хоёр жил. Өдрөөс өдөрт иргэд орон нутгийн эмнэлэгийнхээ оношилгоо, эмчилгээнд итгэлтэй болж байна. Аливаа өвчнийг хотын эмнэлэгт л хэн гэдэг гавьяат л яг оношилдог, энд хөдөө худлаа гэдэг байсан нь одоо хуучин хүүгийн бодол болжээ. Энд түүх багахан сөхвөл Эрүүл мэндийн сайдын 2012 оны 316 дүгээр тушаалаар “Аймгийн оношилгооны төв” байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдний ажиллах удирдамж, үндэслэл, тооцоо судалгааг баталж, анхны төслийг боловсруулж байж. Ингээд 2014 гарсан 2 жилийн хугацаанд биеллээ олж бодитой хэрэгжиж эхэлжээ. Яармагийн эмнэлэг шиг холын “сураг” болсонгүй, намуудын сонгуулийн хошгируулалт болж мартагдсангүй.

Оношилгооны төв байгуулах анхны төслийг “Эрүүл мэндийн салбарт 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэчлэлийн арга хэмжээг нээх уулзалт”-д оролцогч 21 аймаг, 9 дүүрэг, харъяа 16 байгууллагын удирдлага, төлөөлөгч нарт танилцуулан хэлэлцүүлж, төслийг Засгийн газарт хүргүүлжээ. Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлогыг дэмжин, өөрийн багцаас 25.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгснөөр энэ ажил өнөөдөр биеллээ олсон байна. Хамгийн гол нь үүний үр дүнг иргэн хүн орон нутагтаа шууд хүртэж байна. Хөдөөгийн хүн гэж хотын эмнэлгийн хоёр давхарт хөлсөө арчин дугаар хүлээж, орой нь айлын хоол буудаж, маргааш эмчрүү хөтлөөд явах хүн царайчилж айлд суухгүй боллоо.

Хөдөөгийн хүн гэж хотын эмнэлэгийн хоёр давхарт хөлсөө арчин дугаар хүлээж, орой нь айлын хоол буудаж, маргааш эмч рүү хөтлөөд явах хүн царайчилж айлд суухгүй боллоо.

Мэдээж энэ жишээ нь шийдсэн асуудлыг хэтэрхий хөнгөмсөг, хялбар болгон харуулж байгаа. Өвчинд шаналаад хотод ирэх буцах унаа машин, ууж идэх, зардал мөнгө гэхийн цаана үзлэг оношилгоо найдвартай байх эсэх, өвчнийг нь үгдрүүлчихгүй эмчилж амь насны арыг нь даах асуудал томоор тавигдана.

Магтагдаад буй 11 аймгийн оношилгооны төвүүд олон улсын технологийн чиг хандлагын дагуу дижитал, бүрэн автомат, өндөр хүчин чадалтай, хугацаа, хүч хэмнэх тоног төхөөрөмжүүдийг сонгож нийлүүлэн 15-23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангагджээ. Компьютерт томографи, Уушги, ходоод, бүдүүн гэдэс, бөөр, шээсний дижитал дуран, Суурин дижитал ЭХО аппарат, Тархины судасны допплерографи, Шүд, нүд, чих, хамар хоолойн иж бүрдэл тоног төхөөрөмж, Лабораторийн шээс, биохими, коагулограмм, гематологийн бүрэн автомат аппаратуудаар хангасан гэж Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал мэдэгдэж байна. Энэ нь хотын эмнэлэг л дээрдээ гэсэн архаг хардлагаа орхих хэрэгтэй. Яг л төв эмнэлэгтэй адил техник аппаратаар орон нутагт үзлэг оношилгоо явагдаж байгаа гэдгээ баталсан давхар “мессеж” мэдэгдэл байх. Зарим аймгууд хотынхоос ч илүү оношилгооны багаж техниктэй болсон гэж байна.

Өнгөрсөн жилд 23.696 сая төгрөгийн төсөвт өртгөөр 11 аймагт баригдсан оношилгооны төв ажиллаж эхэлснээр хот руу эмчлүүлэхээр ирэх хүмүүсийн тоо 60 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байгаа нь цаанаа иргэн, өрхийн зардал мөнгийг төдий хэрээр хэмнэсэн гэсэн үг. Маш хурдан үр дүнгээ өгсөн хөрөнгө оруулалт гэж болно.

Гэхдээ бид эрүүл мэндийн салбарыг материаллаг бааз талаас нь хэдэн эмнэлэгтэй, хэдэн эмчтэй, хэр олон сэхээн амьдруулах тасагтайгаар нь хэмжих бус иргэн тантай нийлж эрүүл мэндийг тань хамгаалах ажлыг хэр хийж чадаж байгаагаар хардаг болох огт өөр хэмжүүрийг одоо тавих болсон. Өвдсөн үед дусал залгаж хэвтүүлсээр сэхээх, нэг бол үүрд үдэх эмнэлэгийг бус хорт өвчнийг толбын чинээ байхад нь илрүүлчихдэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгооны техник баазтай байх хэрэгтэй гэдгийг төр зөв харсан нь дээрх хөрөнгө оруулалтаар харагдана. Жил бүр өсөлттэй гардаг хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг өвчнүүд бүгд л 3-10 жилийн архаг явцтай эмчилгээ авахад оройтсон хожуу үедээ оношлогдож байгаа гэдэг.

Нэмж хэлэхэд эрүүл мэндийн салбарын элдэв хоцрогдол хүндрэлийн төвд энэ салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох цаг болсон нь харагддаг. Зарим зохицуулалт, дүрэм журам, норматив нь маш их хоцрогдсоноос нэгж салбар хөдөө орон нутагтаа байр ахуй, ажил үйлчилгээний стандарт нь ихээр алдагдсан байдаг. Өнгөрсөн хоёр жилд Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулгыг хийж Нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, сувиллын бүтэц үйл ажиллагааны стандартуудыг боловсруулан батлуулж, мөрдөж эхэлсэн.

“Эрүүл ахуйн тухай” хууль зэрэг хууль эрх зүйн бодлогын олон баримт бичгүүдийг боловсруулан, хэлэлцүүлж, батлуулах ажлыг хийж гүйцэтгэсэн гэж ЭМЯ мэдэгдэж байна. Зүрхний шигдээс, тархины цус харвалтыг эрт оношилж эмчлэх, нөхөн сэргээх тусламжийг эрт үзүүлэх төвийг байгуулан ажиллуулж эхэлсэн мэдээ харагдлаа. Энэ бүхнээс нь эрүүл мэндийн салбар эрх биш өндийж байна гэж хэлж болохоор. Шинэчлэлийн засгийн амлалт бодлого эрүүл мэндийн салбарт арай илүүтэй биеллээ олсон талаас нь харах гэж үзвэл ийм. Урам өгч магтья ч гэж бодлоо, гэвч болсонгүй. Учир нь эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй 1001... дугаарын хуудас атгаж , ор хүлээж аргаа барсан иргэд олноороо байсаар л байгаа юм. Гэхдээ аймгийнхаа эмнэлэгт архаг өвчин хуучаа оношлуулж, хотын чадалтай эмч нар “видео” дэлгэцээр хуралдаж шинжилгээг нь харж, эмчилгээг нь зааж өгөхийг сонсож итгэл тайвшралыг олж, хойд хашаанаас цай бариад шогших хөгшнөө цонхоор харуулдсан шигээ яс амар хэвтээ буурай бол олон болсон байгаа. Тэд эмнэлгийн салбарт хаясан хөрөнгө, энэ засгийн санал санаачилга эрүүл мэндийн үйлчилгээнд юу өгснийг хүртэж байгаа хүмүүс юм. Тэд эрүүл мэндийн шинэчлэл амьдралд нь ойр хүрч ирснийг маниас арай дээр,сэтгэлээсээ хэлэх биз.

Одоо араас нь хүнд өвчнөөсөө салахаар харийг зоригсдын цуваа ч мөн багасах байх гэж найдья. Элэг, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг манай эмч нар нутагтаа хийж чаддаг болсон л гэж байна. Энэ засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх” 165 дугаар зорилтын хүрээнд хийгдэх ажил үргэлжилнэ гэж байна. Аливаа ажлын ард бид тоо бөөгнүүлж харьцуулж дүгнэх дуртай. Оношилгооны төв байгуулсан аймгуудад орчин үеийн багаж аппаратаар оношилгоо эмчилгээг 2014 оны 4 дүгээр сарын 01-нээс эхлэн үзүүлж эхэлсэн байдаг бөгөөд энэ оны 5 дугаар сарын 31-ний байдлаар нийт 65265 иргэн, нэг аймагт дундажаар 5933 иргэн үйлчлүүлсэн гэсэн дүн гарчээ. 65265 иргэн, хотод ирж бөөгнөрөл бөглөөнд нэмэр болж айлын хоол “буудах” хэрэггүй болжээ.

Одоо үлдсэн аймгууд ийм төвтэй болчихвол хотын эмнэлэгийн бөглөрөл арилж, гэрийнхээ захад хониныхоо шөлийг зөөж уугаад эмнэлэгийн оношилгоо үйлчилгээ авч эмчлүүлдэг иргэд 100 мянга хол давах юм байна. Цаашид оношилгооны төвгүй бусад аймагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг тухайн аймгийн хэрэгцээ, эрүүл мэндийн статистик үзүүлэлтүүдэд тулгуурлан нийлүүлэх асуудлыг шат дараалалтай хангахаар 2014, 2015 оны хөрөнгө оруулалт, зээлийн хөрөнгөнд тусгасан тухай төрийнхөн хэлж байна.

Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн гэдэг. Энэ үнэн бол өнгөрсөн хоёр жилд эрх биш өвдөг дээр нь суулгаж чадсан байна. Улс төржилтөөс үүдсэн шахалт хавчилт, элдэв гацаа, дэгээ тээг орчихгүй энэ чигээрээ өгсөөд байвал энэ салбар хөл дээрээ босох нь тийм хол биш харагдаж байна.

Пүрэвжавын Баярхүү/тоймч/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.