Коронавирусын халдвар авсан иргэдийн 80 гаруй хувьд нь халдварын шинж тэмдэг хөнгөнөөр илэрч байна

Twitter Print
2020 оны 02-р сар 19-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Хятадын Өвчнийг хянах, Өвчнөөс сэргийлэх төвөөс коронавирусын халдвар авсан 44 мянга гаруй тохиолдол дээр хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулсан байна.

Судалгааны үр дүнд коронавирусын халдвар авсан нийт иргэдийн 80 хувьд нь өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр, харин архаг хууч өвчтэй, өндөр настай иргэдэд өвчин хүнд хэлбэрээр илэрч буйг тогтоожээ. Түүнчлэн судалгаагаар эмч, эмнэлгийн ажилчид коронавирусын халдвар авах өндөр эрсдэлтэйг онцолсон байна. Өнгөрсөн мягмар гарагт халдварын голомт болсон Ухань хотын эмнэлгийн захирал 51 настай Лю Жимин коронавирусын халдварын улмаас нас барсан билээ.

Судалгаагаар Хубэй мужид коронавирусын халдварын нас баралтын түвшин 2.9 хувьтай байгаа бол Хятадын бусад бүс нутагт 0.4 хувьтай гарсан байна. Эцсийн дүндээ Ковид-19 вирусын нас баралтын түвшин дунджаар 2.3 хувьтай байгаа аж. Судалгаанд хамрагдсан коронавирусын халдвар авсан 44 672 тохиолдлын 80. 9 хувьд нь өвчин хөнгөн хэлбэрээр, 13.8 хувь нь хүнд, 4.7 хувь нь маш хүнд хэлбэрээр илэрсэн байна. Уг вирусын халдварыг авсан иргэдийн дунд нас баралт бага хувьтай байгаа ч халдвар авсан 80-аас дээш насныхны хувьд нас баралтын түвшин өсөх хандлагатай байгаа нь ажиглагджээ. 

Coronavirus: Largest study suggests elderly and sick are most at risk-н зурган илэрц

Түүнчлэн архаг хууч өвчтэй байх нь коронавирусын халдварын улмаас нас барах эрсдлийг нэмэгдүүлж буйг судалгаанд онцолсон байна. Коронавирусын халдварын явцыг хүндрүүлэх өвчин эмгэгүүдэд зүрх судасны өвчин эмгэг, чихрийн шижин, амьсгалын замын архаг үрэвсэл, даралт ихсэх өвчин тус тус багтсан байна. 

2-р сарын 19-ны байдлаар коронавирусын халдвар авсан 1749 тохиолдол бүртгэгдсэн нь 1-р сарын 29-нөөс хойш бүртгэгдсэн хамгийн бага тоо аж. Коронавирусын халдвар авсан нийт иргэдийн тоо 75 213-д хүрч, уг вирусын халдварын улмаас нийт 2010 хүн нас бараад байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.