
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киев хотоос холгүй байрлах Бородянка хотын нөхцөл байдал Буча хотынхоос дор байна хэмээн мэдэгджээ.
Украины албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн нийслэл Киев хотоос 35 км зайд байрлах Буча хотод 300 гаруй энгийн иргэдийг хөнөөсөн бол Бородянка хотод амиа алдсан иргэдийн тоо түүнээс ч өндөр байх магадлалтай аж.
Беларусийн хил Украины нийслэл Киев хооронд байрлах Бородянка хот ОХУ-ын зэвсэгт хүчнийхний Киев рүү довтлох замд байрлаж байсан ба хотыг санаатайгаар бөмбөгдөж, агаараас цохилт өгч байсан нь хотын өнөөгийн дүр зургаас харж болох юм.
BBC агентлагийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчний цохилтонд өртсөн Буча, Ирпень зэрэг Киевтэй ойр байрлах хотуудтай харьцуулахад Бородянка хотын байшин барилгуудын дийлэнх нь үнс нурам болжээ.
Бородянка хотод амиа алдсан иргэдийн тоог одоогоор тодорхой хэлэх боломжгүй юм. Учир нь аврагчид бөмбөгдөлтөнд өртсөн байшин барилгуудын нурангийг цэвэрлэх ажлаа дөнгөж эхэлж байгаа ба нурангин доор олон арван иргэдийн цогцос байх өндөр магадлалтай аж.
ОХУ-ын цохилтын улмаас Бородянка хотод олон давхар хэд хэдэн орон сууц нурж, газрын хөрстэй тэгширсэн аж. Кремлийн зүгээс ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн энгийн иргэдийн аминд хүрээгүй, Буча хотын дүр зураг нь ОХУ-ын нэр хүндийг унагах гэсэн тавилттай жүжиг байсан хэмээн удаа дараа мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.