Оюун-Эрдэнийн онигооны тайлал

Twitter Print
2021 оны 03-р сар 06-нд 18:50 цагт
Мэдээний зураг,

Ойрын өдрүүдэд Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын "Эмэгтэй цэргийн" асуудалтай холбоо бүхий онигоо тасрах шинж алга. Үнэндээ жаахан ултай бодож үзвэл хүн амын өсөлт төрөлт гээч улс орны амин чухал асуудал болж мэдэхээр байдал үүсээд байна л даа.

Манай эргэн тойрны улс орнуудад "Хүн амаа яаж өсгөх вэ?" гэдэг асуудал тухайн улс орны удирдагчдын толгойн өвчин болчихоод байгаа юм. Гэтэл залуу нас халуун цустай манай ерөнхий сайд "Охид бүсгүйчүүдийг цэрэгт явуулж гэрлэлт залуужиж байгааг сааруулах тухай" ярьсан нь онигооны үндэс болов бололтой. "Хятад хялгана шиг олон. Орос ой шиг олон" хэмээн манай өвөг дээдэс эртнээс нааш хэлэлцсээр ирсэн. Одоогийн байдлаар Хятад хялганаас ч олон байж мэдэх. Гэхдээ л тухайн улсын хүн амын 12 хувь нь 65-аас дээш насны иргэд байгаа нь улсын эдийн засагт маш их дарамттай байж таарна. Хятадад ч гайгүй энэ үзүүлэлт Өмнөд Солонгос, Тайваньд 14 хувь байгаа бол арлын Японд бүр 27 хувьд хүрсэн гэнэ шүү.

Одоо байгаа Японы 127 сая хүн ам 2053 онд 100 сая болон багассан байх бөгөөд тухайн үед 65-аас дээш настангууд нийт хүн амын 38 хувийг эзлэсэн байх ажээ. Ер нь бидний эргэн тойрны улс орнуудад төрөлт бага, бараг тэг, тэр ч байтугай хасах нэг хувь руу орчихоод байна. Үүнийг тухайн улс орнууд үндэсний аюулгүй байдалд тулгарч байгаа хамгийн том аюул хэмээн үзэж байна. Гэтэл гэрлэх нас залуужиж, төрөлт өндөрсөх магадлалтай байгаа нь Монгол улсын хувьд угтаа бол маш том боломж юм л даа. Оюун-Эрдэнэ үүнийг боломж талаас харах учиртай байсан санагдана. Энэ удаа залуу ерөнхий сайд маань ийм бодит нөхцлийг тооцож үзсэнгүй цээжний бангаар пэд падхийсэн үг унагасан нь олон нийтийн зүгээс онигоонд орох үндэс болов бололтой.

Монголчууд эртнээс нааш хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ гэж ихэд бэлгэшээн ярилцсаар ирсэн билээ. Сүүлийн үед, бүр тодруулбал "Сүүлийн хоёр жилд 4000 өсвөр насны охид жирэмсэн болж тэдний 70 хувь нь өрх толгойлсон эмэгтэй болсон." гэдэг статистик мэдээ одоо ч миний өмнө байж л байна. Тэр бол ондоо асуудал. Үнэндээ сүүлийн хоёр жил бага, их дунд сургуулийн танхимын хичээлийг тооцоо судалгаагүй хааснаас үүдэлтэй гарсан анхаарал татахуйц ноцтой асуудал нь мөн үү гэвэл мөнөөс мөн байж таарна. Ер нь дэлхийн нийт улс орнуудын тал хувьд хөгшрөлт, төрөлтийн хомсдол гээч том аюул нүүрлээд байна. Тэнгэр тэртээ дээр үеэс Монголыг ивгээж ирсэнчлэн энэ ороо бусгаа цаг үед гэрлэлт 18 нас хүртэл залуужиж, тэр хэрээр хүүхдийн цовоо цолгин дуу хоолой Монголын уудам талаар цууриатаж байвал залуу ерөнхий сайдын зүгээс тэгтэл зэвүүрхэж дургүйцээд байх зүйл баймааргүйсэн. Залуу хүн байна. Өөрөө ч хоёр гурваар тогтохгүй илүү олон нуган агь, гэгтэй болоосой гэж ах зах хүний хувьд ерөөе. Хүсээд байвал өөрийнхөө гэг нарыг цэрэгт явуулах эрх нээлттэй шүү дээ.

Ердөө 40-50 жилийн дараа 1 хятад, солонгос, япон, тайвань залуу нэг өвгөн эмгэний амьжиргааг ар нуруун дээрээ үүрч явах хүндхэн бөгөөд гашуун ирээдүй дээрхи улс орнуудад нүүрлээд эхлэв бололтой. Тэр үед 5-6 Монгол залуу ганц настангаа бөөцийлөөд авч явдаг гэгээн саруул нийгмийн орчинг буй болгосон байх юмсан даа. Оюун-Эрдэнэ ерөнхий сайдад энэ мэтийг зөвлөөд өгдөг олигтой зөвлөх байдаг ч болоосой. Монголчууд минь...

Д.Болдбаатар

Гэгээ боловсролын төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.