ХБНГУ-ын Дэд канцлер Шадар сайд Д.Тэрбишдагвыг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2014 оны 08-р сар 16-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Шадар сайд, Монгол-Германы Засгийн газар хооорондын комиссын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд  ХБНГУ-ын Берлин хотноо   ажлын айлчлал хийж байгаа билээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Шадар сайд, ХБНГУ-ын Дэд канцлер бөгөөд Холбооны Эдийн засаг, эрчим хүчний сайд ноён Зигмар Габриелтай  уулзлаа. 

Уулзалтын  эхэнд  Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож  буй энэ үед уулзаж байгаад баяртай байгаагаа  илэрхийлээд, Монгол Улс нь  ХБНГУ-ыг Европ дахь гол түнш орон хэмээн үзэж, харилцаа хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгсөөр ирснийг онцолсон.

Уулзалтын үеэр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хоёр улсын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн гуравдугаар хуралдааныг ирэх 10 дугаар сарын 24-нд Берлин хотноо зохион байгуулахаар  хоёр тал харилцан тохиролцлоо.

ХБНГУ-ын Дэд канцлер Зигмар Габриел дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд ач холбогдол өгч тэмдэглэж байгаад баяртай байгаагаа онцлохын зэрэгцээ дэд бүтэц, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгаалал, норм стандартын асуудлаар Шадар сайдтай харилцан саналаа солилцов.

Айлчлалынхаа  хүрээнд Монгол Улсын  Шадар сайд Д.Тэрбишдагва хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар Дойче Баан компанийн Санхүүгийн удирдах зөвлөлийн дарга доктор Р.Лутц, Германы Эдийн засгийн Зүүн Европын хорооны гүйцэтгэх захирал ноён Р.Линднер, "RAG  Мining solution" ХХК-ны захирал, профессор М.Юнкертэй нартай албан уулзалтыг  хийсэн байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.