
Төрсний дараах үед ариун цэврийг сахихдаа тодорхой дүрмийг дагах ёстой байдаг. Төрсний дараа, ялангуяа эхний 7-10 хоногт төрөх замын бичил урагдалт, шарх эдгэрэх, оёдол тависан бол оёдлыг авах хүртэл бие зассаны дараа болон өглөө босоод, орой унтахын өмнө бэлэг эрхтнээ угааж байхыг хичээх хэрэгтэй.
Урьдчилан сайтар угааж цэвэрлэсэн гараар, цавинаас хошного руу гэсэн чигт бүлээн усаар угаана. Угааж байгаа усыг ийм чиглэлд урсгаснаар шулуун гэдэснээс элдэв халдвар үтрээ рүү орохоос сэргийлж өгдөг. Бэлэг эрхтнийг угаахдаа эхлээд умдаг ба бэлгийн их уруулын хэсгийг угаагаад дараа нь гуяны дотор талыг угааж, хамгийн сүүлд нь хошногоны орчмыг угаана. Усыг үтрээрүү гүн урсан оруулалгүйгээр урдаас нь арагш чигт урсгана, шүршинэ. Усыг үтрээ рүү гүн оруулбал халдвар орохоос хамгаалах үүрэгтэй үтрээний хэрэгтэй бактериуд урсаж, зайлуулагдах аюултай тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
Угаадаг алчуур, угаадаг хөөс зэргийг ашиглах ямар ч хэрэгцээ байхгүй. Учир нь эдгээрийг ашиглан угаах үед бичил язралт үүсч халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.
Угаасны дараагаар салтааны арьсыг эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зориулалттай цэвэр алчуураар арчина. Алчуурыг өдөр болгон сайтар цэвэрлэн угааж байх хэрэгтэй. Нэг удаагийн алчуур ашиглаж болно. Арчих хөдөлгөөн нь угаах хөдөлгөөнтэй адилаар урдаас арагш гэсэн чиглэлд явна.
Төрсний дараа бэлэг эрхтний ариун цэврийг сахих эм бэлдмэл, хэрэгслүүд
Бэлэг эрхтний ариун цэврийг сахих хэрэгслийг сонгох асуудал мөн л чухал. Хэрэгсэл нь арьсыг сайн цэвэрлэдэг, цочроодоггүй, харшил өгдөггүй байх ёстой. Төрсний дараах үед эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зорилгоор хүүхдүүдийн саванг ашиглаж болно, мөн богино хугацаанд буюу 7-10 хоногоос хэтрүүлэлгүйгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг ашиглаж болно. Мөн Ph эмзэг газрынхтай адил байдаг тул цочроодоггүй, сайн цэвэрлэж, үрэвсэл бактерийн эсрэг үйлчилгээтэй эмзэг газрын ариун цэврийг сахихад зориулагдсан гель, шингэнүүд мөн л сайн. Гол нь харшил өгөхгүй байх ёстой. Цэвэр ургамалын найрлагатай бөгөөд элдэв харшил, гаж нөлөө өгдөггүй эмзэг газрыг зөөлөн цэвэрлэж, загатнааг бууруулах, үнэрийг арилгах, цочирч эмзэгшсэн хэсгийг тайвшруулах үйлдэл үзүүлэх шингэнийг сонгож авах хэрэгтэй.
Мөөгөнцөрийн эсрэг, нянгийн эсрэг, болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй харшил үүсгэдэггүй үтрээний гел ашиглаж халдвараас сэргийлэх болон нэгэнт үүссэн халдварыг дарах зориулалтаар ашиглана.
Мөн дотроосоо нян, үрэвслийн эсрэг хүүхдэд нөлөөлдөггүй, элдэв химийн орц найрлагаггүй, гаж нөлөө өгдөггүй байгалийн гаралтай эмийг уух хэрэгтэй.
Ариун цэврийн хэрэглэл
Төрсний дараах эхний хоногуудад шавхрага нэлээд их хэмжээтэй байдаг болохоор сайн шингээж авдаг, дотоожинд сайн бэхлэгддэг шөнийн ариун цэврийн хэрэгсэл сонгож авах хэрэгтэй. Сүүлийн үед тусгайлан төрсний дараа ашиглах зориулалттай шингээх чадвар өндөртэй ариун цэврийн хэрэглэл гэж гарсан.
Ариун цэврийн хэрэглэлийг бохирдохын хэрээр 2-3 цаг тутам заавал сольж байх хэрэгтэй. Шавхрага нь өвчин үүсгэгч нян үржих таатай орчин байдаг болохоор ойр ойрхон солих шаардлагатай байдаг. Төрсний дараах эхний хоногуудад гарч байгаа зүйлийн хэмжээ, хэлбэр зэргийг эмч, сувилагч тогтооход хялбар байдаг тул том даавуун ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болно.
Төрсний дараах үед гарч байгаа зйүл хэт их эсвэл огт байхгүй бол нэн даруй эмч, сувилагчид мэдэгдэх хэрэгтэй. Учир нь хэт их хэмжээний (ариун цэврийн хэрэглэл хэдхэн минутын дотор нэвт норох, нөжирсөн цус гарах) шавхрага нь нэн даруй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг төрсний дараах цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй юм.
Харин төрсний дараа шавхрага огт гарахгүй байх нь умайн хүзүүний сувгийг нөж бөглөсөн, умайн агших чадвар буурснаас үүдсэн байж болзошгүй юм.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.