Харанхуйн орны талаар Азийн бөө нарын ойлголт

Twitter Print
2015 оны 06-р сар 02-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Азийн бөө нарын дунд харанхуйн орон буюу бөөгийн онгодоороо очдог орны тухай ойлголт байдаг. Эрт цагаас Азийн ард түмэн үхэгсэдийн сүнс тэнгэрт халин оддог хэмээн үзэх бөгөөд талийгаачийн хэрэглэж байсан хувцас юмс, гоёл чимэглэлийг шатаан үддэг ёс нийтлэг байна. Энэ нь түүний амьд ахуйдаа хэрэглэж байсан эд юмсын сүнсийг галын утаагаар тэнгэрт дэгдээж байгаа зан үйл юм. Одоо ч гэсэн монгол үндэсний бөө нар өвгөдийн онгод шүтээндээ тахил өргөхдөө бүхэл хонины шүүсийг шатаан өргөх зан үйл үйлчилсээр байна. Эрт цагаас улбаатай монгол харын бөөд нартын орон, харанхуйн орон гэсэн хоорондоо маш уялдаатай ойлголт бий.

Нартын орон нь бидний оршин буй энэ ертөнц бөгөөд харанхуйн орон нь нас барсан хүмүүсийн сүнс очдог тэнгэрийн нэгэн доод давхраа юм гэж үздэг байна. Бөө хүний сүнс энэ харанхуйн оронд очиж онгод болдог хэмээн үздэг байна. Тийм болохоор монгол хэлэнд "нас барсан" хэмээхийг хүндэтгэн хэлэхдээ "өөд боллоо", "тэнгэрт халив", "тэнгэр боллоо" хэмээн хэлдэг нь сүнс тэнгэрт очдог хэмээх санааг агуулж байгаа юм.

XV зууны үеэс Монголд дэлгэрсэн шарын шашны нөлөө монгол бөөд тусч харанхуйн орон хэмээх ойлголтод ч өөрчлөлт орсон байна. Бөө нар онгодоо дуудахдаа "дээд тэнгэрээс нижигнэнхэн буудаг хайрхад, дэвжид лусаас цухалзанхан гардаг хайрхад" хэмээн дууддаг. Эндээс харахад сүнс онгодын орших орон дээр ч байна, доор ч байна хэмээн ойлгож болно. Сүнс онгодын орших дээр, доор хоёр ертөнц байвал амьд хүмүүс бидний орших нарт ертөнц гэж бас байх бөгөөд шарын нөлөө орсон бөөд гурван ертөнц хэмээх ойлголт бий болжээ. Судлаач Ч.Далай, Х.Буянбат нар "дунд ба доод ертөнцийн хооронд үл мэдэгдэх ертөнц бий бөгөөд хүмүүс үхэхээр голдуу энэ ертөнцөд очно" хэмээсэн байна. Тэгвэл судлаач Ёнсог "сүнс дээр, дунд, доор ертөнцийн доор ертөнцөд очдог" хэмээн тайлбарлаад энэхүү доод ертөнцийг харанхуйн орон болно хэмээсэн байна. Энэ нь тамын орны тухай бурхны шашны ойлголттой дөхөж очиж байгаа юм.

Сибирийн бөө нарын дунд ч гурван ертөнцийн тухай ойлголт байдгийг бөө судлаач Элиде 1974 онд бичсэн "Бөөгийн шашин" номдоо бичсэн байдаг.

Харин дархад бөө нарын дунд гурван ертөнцийн тухай ойлголт бараг байхгүй бөгөөд энэ нь бурхны шашны нөлөө бага орсон хийгээд хоёрт зах хязгаар нутагт хуучны уламжлал ойлголтоо хадгалсаар өдий хүрсэнтэй холбон үзэх хэрэгтэй. Бернийн Их Сургуулийн докторант Жүдит Хангартнерийн дархадын удган Умбанаар зуруулсан харанхуйн орны доорх зургаас тод харагдана.

Эрдэмтэн О.Пүрэвийн бичсэнээр Чойн Долгор удган онгод орох гэгчийг тайлбарлахдаа "онгодоо дуудаж байтал ямар нэг үл үзэгдэгч хий юм гэнэт тэврээд авах шиг болсноос хойш бие гэдэг хачин сайхан хөнгөн болоод л гэрээсээ гараад хатиралтай сайн морь унаад явчих шиг болдог юм. Тэгээд л алсад цэнхэрлэн харагдах их уулсын наана униар татсан их хөндийгөөр давхиж явтал урдаас хан буурал аав, хатан буурал ээж болон лусын эзэд нэг нэгээр угтан ирээд уулздаг. Тэгэхээр л ухаан алдчихдаг юм даа онгодууд ирснээс хойш юу ярьж, ямар байдалтай байсныгаа огт мэддэггүй" хэмээсэн байна. "Алсад цэнхэрлэн харагдах их уулсын наана униар татсан их хөндий" хэмээн хэлж байгаа нь хэдийгээр харанхуйн орноо хэлж байвч манай энэ ертөнцтэй адил дүр зураг бууж байна. 

Английн эрдэмтэн Хампри "Shamans and elders" хэмээх номдоо "Оnе оften mееts in thе Literature thе idеа тhаt тhе реорlеs оf North Аsiа think terms of а tripartite соsmоs, соnsisting оf аn uрреr world (the sку), а middle world (the еаrтh), аnd аn undеrwогld". 

XX зууны эхэн үеийн Дагуурын бөө нарын гурван ертөнцийн ойлголтод тулгуурлан сайн хүмүүсийн сүнс тэнгэрийн оронд муу хүмүүсийн сүнс доод ертөнцөд бас зарим нь манай энэ ертөнцөд эргэж ирдэг хэмээн бичсэн байна.

Эрдэмтэн Г.Д.Санжеев 1927 онд бичсэн номдоо XX зууны эхэн үеийн буриадуудад гурван ертөнцийн ойлголт байгаагүй хэмээн дурдсан байна. Оросын эрдэмтэн Б.Дорж энэ талаар бас дурдаагүй. Германы эрдэмтэн Хайсег бичихдээ бурхны шашны нөлөө бөөд орохоос өмнө гурван ертөнцийн тухай ойлголт байгаагүй хэмээн тайлбарлаж байна. 1920 иод оны үед Н.Поппе дагуур нарын сонирхолтой үлгэрийг тэмдэглэн авсан байдаг. Түүнд Их Юань улсын үед нэг залуу гол өгсөж явсаар агуйн амаар орж шал өөр ертөнцөд аялсан бөгөөд тэр ертөнцийн хүмүүс хүний ертөнцийг орхисноос хойш бид энд хэдэн мянган жил болж байна хэмээсэн гэж бичсэн байдаг.

Энэ үлгэр АНУ-ын нэрт бөө судлаач Майкл Харнерийн доод ертөнцөд аялсан ойлголттой адилавтар байгаа бөгөөд өөр ертөнцөд аялахын тулд агуй, модны нүд, хаалга зэрэг нүхтэй олон зүйлийг ашиглаж болно гэсэнтэй орох арга нь адил байна. Тэгж аялахдаа луутай уулзсан хэмээсэн байдаг. Монголын Сайхантуяа удган "би харанхуйн оронд аялж явахдаа луутай таарсан" хэмээн хуучилсан нь М.Харнерийн үгийг баталгаажуулж байна. Бурхны шашны нөлөө бага орсон Якутын бөө нарт гурван ертөнцийн тухай ойлголт байдаг нь харанхуйн орны тухай ойлголтыг будлиантуулж байна.

Гэвч сүнс онгодоор аялан очиж болдог бас тэндээс сүнс онгодыг ирүүлж уулзаж болдог тийм зэргэлдээ ертөнц байна гэдэг нь баттай юм. Туршлагагүй, олон жил болоогүй бөө нар энэ ертөнцөд онгодыг урин ирүүлж хэрэгтэй зүйлд ашигладаг байна. Харин олон жилийн туршлагатай сүнсээ жолоодох төвшинд хүрсэн бөө бол тэр оронд айлчлан очиж, тэндээс үхэгсдийн сүнсийг буцаан авчирч амьдруулах чадалтай байна. Эрдэмтэн О.Пүрэв энэ талаар "Багш бөөгөөр харанхуйн оронд аялах замаа заалгаснаас хойш шавь бөө гурав дахь жилээс хойш харанхуйн орноор бие даан ганцаар аялах чадварыг эзэмшдэг гэдэг. Багшаар замаа заалгах эхний долоо хоног дотор онгод орсон анхны шөнөөс харанхуйн орон гэгчтэй танилцаж эхэлнэ.

Энэ өдрөөс хойш улам улмаар суралцан 15-аас дээш жил бөөлсны эцэст харанхуйн оронд их хол зайд бараг сансар хүртэл аялах чадвартай болдог. Ийм чадвартай болмогц бусдад багшлах нь сайн бөө төрүүлэх эх сурвалж юм. Тиймгүй бол шавь нь түүхий болно" хэмээсэн байна. Мин улсын үеийн Нишин удган "харанхуй газраа сүнсийг нэхэхээр одмуй, үхээрийн улсад таамаглаж одмуй, муу газраа амыг авахаар одмуй, унасан сүнсийг цөлбөн авахаар эчмүй" хэмээн бөөлж Сэргүдэй Фияангугийн сүнсийг Эрлэг номун хааныхаас аван буцаж ирэн амилуулж байна.

Ингэж харанхуйн оронд зорчиж, сүнсийг нь буцаан авчирч дахин амьдруулах бөө цөөн боловч байна. Бурхны шашинд гэгээн хутгийг олсон лам хүн ийм зүйл хийж чадах бөгөөд ийм чадалтай болтлоо урт удаан хугацааны бясалгалын хөдөлмөр туулдаг шиг бөө бас олон жилийн хөдөлмөрөөр харанхуйн оронд аялах онгодын чадал суудаг байна. Нишин удганы бичигт дурдсанаар "манай тосгонд гурав, дөрвөн бөө буй. Цөм хоол мэхэлж идэх бөө нар, гагцхүү өчүүхэн архи, нэг тахиа, атга боорцог зэргээр тахил тахиж хоол бэлтгэж байх бөө нар болой" гэсэн нь чадалгүй хуурамч бөө бас олон байхыг хэлсэн болой. Тийм бөө одоо Монгол маш олон байна. Тэднээс харанхуйн орны тухай асуухад огт төсөөлөлгүй байдаг.

Тийм болохоор Азийн бөө нарын дунд зэргэлдээ орших ертөнц буюу харанхуйн орон гэсэн ойлголт бүгдэд нь буй бөгөөд харин түүнд очиж аялж, ид шидийн хүчийг үзүүлж чадах нь нэн ховор байна.

 
Доктор, профессор. С.Дулам
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.