Red Velvet Cake буюу Улаан хилэн бялуу

Twitter Print
2020 оны 12-р сар 30-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Орцыг нь хараад шантрах хэрэггүй хийхэд хялбар хамгийн гол нь маш амттай бялуу

Орц:

Бялууны кексэнд

- 345 гр бялууны гурил буюу cake flour ( үүнийг гэрийн нөхцөлд энгийн гурил болон эрдэнэшишийн цардуулын тусламжтайгаар маш хялбархан хийж болох бөгөөд дараагийн постондоо хийх аргыг нь дэлгэрэнгүй оруулна)

- 1 ц/х хүнсний сода

- 2 х/х нунтаг какао

- 1/2 ц/х давс

- 115 гр өрөөний хэмд зөөлөрсөн давсгүй масло

- 400 гр элсэн чихэр

- 200 мл ургамлын тос

- 4 том өндөг ( урьдчилж шар цагаанаар нь ялгаад тавина)

- 1 1/2 ц/х ваниллын охь

- 1 ц/х 5%-н цагаан цуу

- Улаан өнгийн хүнсний будаг

- 240 мл buttermilk буюу 240 мл сүүн дээр 1 ц/х лимоны шүүс хийж хутгаад 5 минутаас багагүй хугацаанд тавина.

Кремэнд

- 450 гр крем чийз

- 115 гр масло

- 480 гр нунтаг сахар ( сахрын пудр)

- 2-3 ц/х сүү

- 2 ц/х ваниллын охь

Хийх арга:

1. Шарах шүүгээгээ 180 хэмд халаана. Бялууныхаа хэвийг тосолж эсвэл хэвэндээ калькан цаас дэвсэж бэлтгэнэ.

2. Бялууны гурил, хүнсний сода, нунтаг какао, давс зэргээ хооронд нь хольж сайтар хутгана.

3. Өөр нэг саванд маслаа миксернийхээ хамгийн хурднаар 1 минут орчим миксердэнэ. Ингэснийхээ дараа элсэн чихрээ хийж 2 минут хэртэй дахин миксердэнэ. Үүн дээрээ ургамлын тосоо хийж дахин сайтар холилдтол миксердэж өгнө. Масло нь ээдчихсэн юм шиг сайн уусаагүй ч юм шиг харагдвал санаа зоволтгүй шүү!

4. Энэ зуурмаг дээрээ 4 өндөгний шараа болон ваниллын охио хийж дахин сайтар хутгаж өгнө.

5. 5% цагаан уксус болон хүнсний улаан будагаа хийж хутгана. Таны хүссэн улаан өнгөтэй болтол хүнсний будагнаасаа нэмж хийж болно.

6. Зуурмаг яг таарсан улаан өнгөтэй боллоо гэж үзэнгүүтээ хамгийн анх хольсон хуурай орцуудаа урьдчилж бэлдсэн buttermilk буюу лимоны шүүс сүүний уусмалтайгаа сөөлжилж 3 хуваан зуурмаг руугаа хийн хутгаж өгнө. Жишээ нь хуурай орцноосоо жоохныг хийж хутгаад дараа нь buttermilk-наасаа жоохныг хийгээд дараа нь хуурай орцноосоо г.м г.м. Энэ үе шатанд миксер шаардлагагүй зүгээр хутгуураар эсвэл халбагаар хутгаж болно.

7. Өндөгний цагаанаа 3 минут орчим миксердэн крем шиг болгоно. Үүнийгээ зуурмаг руугаа хийж миксер хэрэглэлгүйгээр зүгээр хутгуураар сайтар хольж өгнө.

8. Бэлэг болсон зуурмагаа хэвэндээ хийж шарах шүүгээнд 35-40 мин болгоно. Болсон үгүйг шүдний чигчлүүрээр хатгаж үзэн шалгана. Шүдний чигчлүүр хуурай байвал болсон гэж үзнэ.

9. Кремээ бэлтгэхдээ миксерийн тусламжтайгаар крем чийз масло 2оо 2 минут орчим миксердэнэ. Нунтаг сахар болон сүүгээ хийж дахиад 2 мин миксердэнэ. Ваниллын охио нэмж дахиад 2 мин миксердэнэ. Амсаж үзээд хэт их чихэртэй болсон юм шиг санагдвал жоохон давс нэмж болно.

*Энэ бялууг хийхэд анхаарах зүйл гэвэл бялууны 21', 23' хэмжээтэй хэвэнд хийх бол энэ зуурмаг арай ихдэх учраас зуурмагаа 2 тэнцүү хуваагаад 2 удаа жигнэж болно.

*Бялууны орцонд орох бүх материалууд өрөөний хэмтэй байх ёстой.

*Энэ бялуунд уксус орсон байна гэж гайхах мөн айх хэрэггүй. Уксус маш бага хэмжээтэй дээрээс нь 5%нх орж байгаа учраас амтагдана гэхгүй. Уксус нь бялуунд орсон хүнсний будгын тогтоц болон өнгө нь тод байхад тусалдаг.

*Buttermilk гэдгийг монголоор яг ямар сүү гэж тайлбарлахаа мэдэхгүй байна. Гэхдээ гэртээ хийх аргыг нь дээр заасан байгаа. Buttermilk бол энэ бялууны салшгүй хэсэг шүү.

Эх сурвалж: sally's baking addiction

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.