
Нэг. 2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21
Энэ өдөр өглөөнөөс авахуулаад дуулиан шуугианаар тасарсангүй. Уг нь манай Монгол улс тэр талаар доргио чичиргээ багатай орон гэгддэг.
Өнөөдөр бол харин өдөр болгон шахам дуулиан шуугианаар дүүрэн байдаг, хүн ам олонтой, түмний хараа, чих тийшээ ханддаг дэлхийн том улс гүрнүүдийн иргэд ч алмайрч гайхахаар ар араасаа үйл явдал хөвөрсөн, ер бусын өдөр болж өнгөрөв. Хүний эрхийг хөндөхийн төдийд ингэж хөдөлдөг, иргэдээ үзэл бодлоо илэрхийлэхийн хамт хариу арга хэмжээг ингэж огцом авдаг энэ жишгээ битгий орхиосой, үзэмж төдий битгий байгаасай, санаанд нь таарвал ухасхийдэг, санаанд нь эс таарвал таг болдог уламжлалаа битгий дагаасай билээ гэх хүн нэг биш тааралдав.
Үйл явдал хэрхэн цааш өрнөж, үр дүн нь хэрхэн яаж гарч, урхаг дагавар нь хожмоо юу үлдэхийг хэлэх гэж оролдох нь арай эртдэнэ. Энэ өдрийн хариулт ирэх өдрүүдэд тэртэй тэргүй тайлагдана. Маргаашнаас л лав Ерөнхий сайд шинээр тодорч, Засгийн газар ч бараг багтаж бүрэлдэх биз. Цаашдаа Ерөнхийлөгчийг огцруулах тухай яригдаж, Ерөнхийлөгчийн зүгээс ч хариу барьж таарах л байх. Тэр нь чухам юу байхыг харахаас өөрөөр таах аргагүй.
Харин өнөөхөндөө илэрхий байгаа нь, хэдэн арван телевизийн сувгуудыг хичнээн эргүүлж тойруулж үзээд ч, Breaking News буцалж байгаа мэдээллийн талбар нэг ч алга, юу ч болоогүй юм шиг, өнөөдөр болоод өнгөрсөн, маргаашнаас үргэлжлээд өрнөх үйл явдал, үг хэллэг, нухацтай ноцтой мэдэгдлийн талаар задалж, залгаж, жишээлж, тайлж, тайлбарлаж, санал сэтгэгдлийг нь сонсч, ярьж хөөрч байгаа юм нэгээхэн ч алга. Өөр оронд өдийдсөн бол, төлөвлөсөн нэвтрүүлэг, кино, концерт юу байдаг санж вэ, тэр бүхнээ тас орхиод, дан ганц өнөөдөр өрнөсөн үйл явдлыг тал талаас нь, “мөлжүүргүй” болтол нь эфирээ ч хаахгүй, маргааш болтол ярих нь тодорхой. Ялангуяа өнөөдрийнх шиг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурвын гурван гишүүн нь үг хэлж, мэдэгдэл хийж, онц ноцтой хэд хэдэн зүйлийн талаар илэрхий ярьсан ийм үед яаж ийм ажин түжин, анир гүм байж болохсон билээ. Тэгдэггүй гэдгийг ч улс орондоо ойрмогхон өрнөж байгаа үйл явцыг хэрхэн яаж ширхэгчлэн харуулж байсан CNN-ээс эхлээд телевиз, мэдээллийн том том агентлагуудын жишээнээс бид харахаараа нэг болсон.
Энэ өдрийн хариулт ирэх өдрүүдэд аяндаа тайлагдана.
Хоёр. ХҮНГҮЙ Л БОЛ ЮУ Ч БАЙГААД НЭМЭРГҮЙ
Галгүй зуух, хүнгүй гэр, айл амьтангүй газар нутаг, цаанаа л нэг жиндүү. Хөдөөний хүүхдүүд бидний хэн нь ч бай, хар багаасаа л хүн үгүйлж, хүний бараа хармагц баярлаж, хүний нөмөр үгүйлж өссөн гэхэд, лав л худлаа гэхгүй дээ. Мал бэлтгэлийн тууварт яваад аав минь хавар, зун, намрын хэдэн сарыг авахад, араас нь сураглаж үгүйлнэ. Араг үүрээд аргал түүхээр явсан ч, одоохон ороод ирнэ гэхгүй, ижийнхээ хойноос харуулдана. Аймгийн төв рүү сурахаар явсан ах эгч нарыгаа сургуулийнхаа амралтаар ирэв үү хэмээн машин дуугарах тоолонгоор горьдон хараачилна.
Холоос ирж яваа хүнийг хэний нь мэдэхгүй байж, бараагий нь хараад л баясна. Гэр дүүрэн хүнтэй дүнгэр дангар хөөрөлдөж л байвал, ижий минь тэнд галд шарагдан хоол унд төхөөрч, манайх гэдэг айл хүний хөлд дарагдан хөглөрөх нь ерөөсөө надад хамаагүй. Тэнгэр муухайрч, мал бэлчиж чадахгүй өдөржин шөнөжин цасан шуурга тавих, цасны сиймхий, бэлчээрийн нүд хайж, хол ойр отор нүүдэл хийх хэрэгцээ миний багад хаа нэг, бүр мартсан цаана гарч л байсан. Тэр бүрийд толгой дээр минь хамаг ачаа нүүгээд ирсэн мэт хачин эвгүйцэж сандардаг хэр нь, ах нар сургуулиас ирчихсэн, хүн олонтой бужигнаж байвал айх юм надад харин ч нэг байхгүй. Тэнгэр хангай минь уурлавал уурла, догширвол ч догшир, цасан шуургаа тавибал чиг тавь л даа гэж хэлэх л шахна. Намайг айлгах юм хорвоо дэлхийд үгүй юм шиг санагдана. Тас хар шөнө ч гэлээ, хүний дуу гэрээс дуулдахгүй холоо очоод, түмэн живаа оддын доор, мөр хараад, тайван гэгч нь зогсож л байна. Тийм их айдасгүй болно.
Хүүхэд гэхгүй багад гуниг сэтгэл бас төрнө. Нүүгээд явчихсан айлын буурь харлаж харагдахад гуниг сэтгэл төрнө. Тэднийх энд нутаглаж байхад ямар байлаа даа, инээд хөөр, дуу хуур цангинаж, үеийн минь хэдэн хүүхэд үймж шуугин тоглож байсан нь санаанд бууж, уйлмаар ч юм шиг санагдана. Сургуулийн насанд хүрсэн бүхэн төв суурин газар руу явцгааж, зунжингаа бужигнасан манайх гэдэг айл намар болохоор эзгүйрч, энэхэн тэрхнийг янзлан ижий минь илүү гэрээс гарч орон бүртэлзэхээс өөр юмгүй болоход жигтэйхэн гунина. Хэдэн бор шувуу юухан хээхэн тонголзон тоншиж, тэгснээ дэрхийн нисэлдэж, уяа шон дээр зэрэгцэн сууж, намайг ер анзаарахгүй тэрүүхэндээ эрхлэх янзтай. Шон дээр уяатай тонгойн зогсох ганц хоёр морьдын сүүл намрын салхинд намиран, хойд хоёр хөлнийх нь завсраар хийсэх нь хүртэл гунигтай. Байж ядаад гэрт гүйн ороход, яндагийн дуу хонгиноод бас л цөхрөлтэй. Яг тэр үеэр хол саахалтын хэн нэгэн бөг бөг шогшоод хүрээд ирэх нь ямар их ханьтай, яасан их зугаатай гэж санана.
Хожмоо би хол ойр явахдаа багын тэр хүн үгүйлэх сэтгэлдээ нэг биш удаа автагдаж байсан сан. Яагаад ч юм бэ, ямар ч учиртай ч юм бэ, хүнгүй болсон, хүмүүс нь дүрвэх мэт хаа нэг тийшээ нүүгээд явчихсан, орхиод оргүй алга болсон, хэзээ нэг цагт хот суурин байсан эзгүй цулгуй газар орныг харах тоолон сэтгэл сэмэрч, үүх түүхийг нь үгүйлэн дурсмаар санагддаг юм. Нэг хэсэг манай аймгийнхан Улаанбаатар, Чойр, Эрдэнэт, Дархан гэх зэргээр нүүцгээгээд, Мандалговийн минь Боржигон, Равжих, Мандал, Сайнцагааны энгэрийн гудамжнууд өм цөм айлгүй болж, хоосон хашаа, хашааны ором үлдсэнийг харахад тэртээх цагийн хөгжил хөөртэй өдрүүд өөрийн эрхгүй бодогдож, гуних сэтгэл төрж л байсан. Эргээд одоо дүүрсээн. Юань гүрний үеийн их хаадын минь зуны өргөө нийслэл -салхи хүүгэж, өвс найгасан Шандын шар талын балгасан дунд зогсч байхад бас л тийм бодолд дарагдаж, их түүхийн хөглөрсөн шар тоосонд нам хучуулах шиг болж л байсан.
Буриадын нутгаар явж байхад, Галуут нуурын хөвөөнөө эзэд нь дөнгөж өчигдөр орхиод явчихсан юм шиг эзгүй суурин, өдий төдий байшин барилгыг хараад сэтгэл мөн л эзгүйрсэн. Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд, ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэх зэрэг цэцэн мэргэн үгийг манай дээдэс тал дээр зохиогоод хэлчихээгүй. Хүнгүй бол ер нь хаан байгаад ч нэмэргүй. Хүнгүй бол орд харш, хот суурин юу байгаад ч хэрэггүй, нэг л мэдэхэд тоос шороо, хогийн ургамалд дарагдаж, аалзны шүлсэнд баригдаж, аяндаа л өмхөрч мөнхдөг. Хүнтэй тулдаа хорвоо дүүрэн байдаг. Хүний хорвоод ийм л хууль үйлчилдэг. Хэн хүнгүй бие биенээ хайрла, тэр тусмаа төр засгийн ямар ч болов, эрх мэдэл түрхэн зуурын болзолтойгоор олдсон хэн ч бай, та хүнийг л хүндэл, хүүхдийг л хайрла. Хүн гэдэг хосгүй эрдэнийн тухай ийм нэгэн бодол дөнгөж төрсөн, нялх биетэй бүсгүй хүнийг нүцгэн шахуу аваад гарахыг нь хараад төрсөн билээ.
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Od
(182.160.40.90) 2020-02-12 21:05Oird sonsoogui saihan medee bn. Ta buhend ajiliin ondor amjiltiig husen erooe!
Хариулах
Zochin
(66.181.179.82) 2020-02-12 16:38Teewriin tsagdaagiin bie bureldehuund bayr hurge
Хариулах