
Жаргалантын Сангийн аж ахуйд намаржин тариа ногоо хурааж, нар салхинд холцруутан шороотой төмс шиг болсон оюутнууд хотод ирцгээж, сэвх сайрнаасаа салцгаан “төрсөн байтлаа зурсан юм шиг” хөөрхөн зүс царайтай болцгоож, анги ангидаа хуваарилагдан анхны хичээлдээ орцгоов.
Ажиллаж байгаад ирсэн мань мэтийн арваад “хөгшин” оюутантай манай Монгол хэл, уран зохиолын факультет МУИС-ийн хоёрдугаар байр буюу олны нэрлэж заншснаар “эрээн баганат”-д байрладаг ажээ. Арав төгсөөд ирсэн гучаад хурган оюутан, ажиллаж байгаад ирсэн арваад төлгөн оюутнууд цөм бие биенээ үл таних тул дэмий л энийг гайхан түүнийг шохоорхоно. Хичээлийн эхний цаг дээр монгол дээлтэй залуухан багш бүсгүй орж ирээд өөрийнхөө намтар түүхийг оросоор танилцуулснаа, самбар дээр “хэрээ хэрээнийхээ зүг ниснэ” гэсэн гарчиг тавиад Пушкины дөрвөн мөр шүлгийг оросоор бичив. Тэгээд энэ шүлгийг цаашаа хэн үргэлжлүүлэн гүйцээж бичих вэ гэж асуух шиг болов. Эргэн харвал гар өргөсөн хүн ганц ч алга. Гэтэл өчигдөр деканы үүдэнд танилцсан Ховдоос ирсэн Цэрэндагва гэдэг миний үе насны улаан нүдтэй залуу босч:
- Багш аа миний дотор муу байна. Гарахыг зөвшөөрнө үү гэхэд багш:
- Яагаад дотор чинь ... гэтэл мань эр түрүүлэн ам нээж:
- Өчигдөр оюутан болсныхоо “бал сар”-ыг тэмдэглээд жаахан наргисан юм. Уучлаарай гэж хэлчихээд цүнхээ барин гарч одов. Удалгүй завсарлагааны хонх дуугарч З.Түмэнжаргал /яруу найрагч/ бид хоёр араас нь гарвал нөгөөх маань коридорын цонхон дээр шил архи гаргаад тавьчихсан нүүр ам нь улаа бутран зогсч байх нь тэр. Ойртон очвол:
- Ингэж юу ч мэдэхгүй бацаануудтай хамт хурга дагасан хуц адил тэнэгтэж суухын оронд гурвуулаа зоогийн газар очъё гэдэг байгаа. Түмэнжаргалын нүд, ам нь орой дээрээ гарах нь холгүй сандарч:
- Юу гэсэн үг вэ, наад архи дарсаа цаашаа далд хий. Их сургуульд арай ядан гуйхаас наахнуур байж орчихоод анхны цагийн хичээл дээр ингэж сахилгагүйтэж болохгүй, дороо хөөгдөнө гэж мэдээрэй. Цэрэндагва архиа дуртай дургүй цүнх рүүгээ хийнгээ:
- Би л лав энэ сургуульд гуйж ороогүй. Та хоёр л гуйж орсон юм байгаа биз. Саяын тэр багш хүүхэн чинь Сангийн сайд Моломын авгай Загдаа. Намайг танихгүй хүн болж худлаа жүжиглэж байгааг нь хараад бүр дургүй хүрчихлээ. Би уг нь энэ сургуульд суух ёстой хүн биш. Хойшоо НАХЯ-ны дээд сургуульд явах гэж байтал эцгийн бие муудаад наашаа ороод ирчихсэн юм. Энүүхэндээ гэж та хоёрт хэлэхэд би хар багаасаа хилийн цаана нууц албанд тусгай үүрэг гүйцэтгэн төрийн машинд элэгдлээ шингээсэн капитал. Арай ч ингэж ядарч зутарч явах ёсгүй хүн шүү гэж хэлээд, цүнхээ савчуулан гадагш гарав. Хэд хоногийн хойно анги даасан багш Жамбаажамц орж ирэн:
- Дөнгөж сургуулийн босгоор алхсан өдрөө архи дарс уун хэл ам таталж, сургууль хамт олныг доромжилсон харамсалтай явдал манай ангиас гарсан байна. Ар, өврийн хаалгаар шургалсан Цэрэндагва мэтийн хүмүүсийг сургуулиас хөөхийг би хатуу сануулж байна гэж хэлтэл, Цэрэндагва халааснаасаа нэг бичиг гаргаж, багш руу сарвайснаа:
- Та эхлээд үүнийг уншчихаад дараа нь намайг сургуулиасаа хөөгөөрэй гэв.
- Наадах чинь юун бичиг юм бэ. Би чамайг уучлал гуйсан өргөдөл өгсөн өгөөгүй сургуулиас хөөхдөө л нэг хөөх болно. Багш нөгөөх бичгийг авч, хайнгадуйхан гүйлгэн харснаа гэнэт нүдэндээ ойртуулан анхааралтай нь аргагүй хэд дахин унших шиг боллоо. Цэрэндагва нүдэндээ доогтойхон инээмсэглэл тодруулснаа:
- Наад бичгэн дээр чинь намайг сур гэсэн үг үсэг байхгүй шүү. Харин та нарыг амжилттай сургаж төгсгө гэсэн албан даалгавар байгаа байх шүү. Хэрвээ энэ бүхнийг та зөвшөөрөхгүй гэвэл эртхэн өргөдлөө өгсөн чинь дээр байх шүү гэхэд багш хар цагаан үг дуугарсангүй гараад явчихаж билээ. Дараа нь Ардын их хурлын бланк бүхий толгойтой тэр бичгийг Түмэнжаргал бид хоёр Цэрэндагва найзаасаа гүйж баймаажин авч уншвал,
- МУИС-ийн ректор Содномд ... Энэхүү Цэгмид овогтой Цэрэндагвыг бүх талаар нь хичээнгүйлэн дэмжиж амжилттай суралцуулж төгсгөхийг үүрэг болгов. АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал гэж цэнхэр чернилээр таталгаж зураад АИХ-ын том улаан тамгыг тодоос тод дарсан байж билээ.
- Наад Цэрэндагва чинь До яамны мэдээлэгч, НАХЯ-ны хүн байна. Дэргэд нь үг алдаж дэмий балай юм битгий яриарай, ажил амьдралгүй болно шүү гэж Түмээ надад сануулна.
- Хуурамч тамгатай, хулхи бичиг барьчихаад том хүний нэр барин солиорч яваа биз.
- Үгүй дээ үгүй, жинхэнэ АИХ-ын бичиг, Цэдэнбал даргын гарын үсэг мөн байна лээ гэж Түмэнжаргал зүтгэнэ.
- Хэзээ ийм НАХЯ-ны ажилтан байсан юм бэ. Ийм муу санаагүй хагархай хэнгэрэг шиг хүн. Яаж төрийн нүд чих болсон нууц албанд ажиллах юм бэ.
- Би хошууч цолтой, сар бүр яаман дээр очиж цалингаа авдаг гэж Цэрэндагва маань их л итгэл үнэмшилтэй ярих. НАХЯ-ны хүндэт самбарт Түмээ та хоёрын таньдагаас Зо-Пай-Жингийн Баттулга бид хоёрын зураг байгаа гэж сайрхах. Манай ангид Өмнөговийн театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад ирсэн, намын гишүүн Цэенгийн Цэрэндорж /Эдүгээгийн Ардын жүжигчин, хан хуурч/, Цэрэндагваас зайгаа барин зугтааж харц мөргөлдүүлэхээсээ ч түвөгшөөнө. Тэгж байтал хавар сургуулийн дотуур байрны шинэ барилга ашиглалтад орж Цэрэндагва бид хоёр хэдэн хүүхэдтэй хамт нэг өрөөнд, давхар орон дээр нойрсох болов. Орны дээд давхарт Цэрэндагва, дор нь миний бие үүрээ засч сар хэртэй эвтэй найртай аж төрж байтал, нэг шөнө нойрон дунд галав юүлж, газар дэлхий хөдлөх шиг болж, харанхуйн дунд нэг хүн үхэж байгаа мэт муухай бархирав. Нойрмог би цочин ухасхийгээд орныхоо төмөр толгойг мөргөн бараг ухаан алддагийн даваан дээр арай чүү босч гэрэл асаавал, Цэрэндагва маань шалан дээр ухаангүй хэвтэж байх нь тэр. Нөхрийнхөө толгой дор дэр тавин эмч дуудах уу яах уу ийх үү гэж байтал Цэрэндагва шал согтуу дэнжигнэн босч ирээд шууд намайг заамдан авч:
- Чи муу шөнө зүүдлэн ор хамаагүй хөдөлгөж байгаад намайг ийм өндрөөс газарт унагааснаа мэдэж байна уу хэмээн агсамнан миний хоолойг шахав. Бид хоёр хоёр биенийхээ хоолойд азарганы ноход адил арсалдан ноцолдож байтал хүүхдүүд биднийг арай чүү салгав.
- Наад оюутны ор чинь чиний мэддэг шоронгийн модон наар биш учраас хөдөлж л таараа. Чи ямар өлгийтэй нялх хүүхэд биш унаад байхдаа яадаг юм. Архи ууж согтууран аашныхаа мууд уначихаад хүнийг дээрэлхэх санаатай юу гэж хэлээд би Цэрэндагвыг нэг сайн дэлсээд авав. Тэр намайг дийлэхгүйгээ ухаарав бололтой, бага зэрэг номхорч:
- Чи бид хоёр муудвал дэлхий сөнөнө шүү. Орноос унадаг нь миний буруу. Чи намайг бодвол уран цэцэн үгтэй, шүлэг зохиол оролддог хүн байна. Өвгөндөө нэг тасхийсэн өргөдөл одоохон бичээд өг хэмээн цаас үзэг гарган гуйлаа.
- Юун тухай ямар утгатай өргөдөл
- Би өөрөө чамд одоохон хэлээд өгье гэснээ, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал танаа, би таны Рабфакын сургуулийн багш Цэгмидийн хүү Цэрэндагва байна. Арваад наснаасаа эцгийгээ даган нэгдлийн хонь маллаж, миний бие гурван ч удаа сумын сайн малчнаар шалгарч байсан юм. Одоо МУИС-д сурч байгаа бөгөөд гэр орон, эхнэр хүүхдээсээ хол, толгой хорогдох газаргүй зутруухан амьдарч байна. Иймд 19 дүгээр хороололд ашиглалтад орсон шинэ байрнаас хоёр өрөө орон сууц яаралтай олгож тусална уу гэсэн өргөдөл бичүүлэв.
- Чи чинь тэгээд НАХЯ-ны чекист тагнуул биш, зүгээр л нэг хоньчин байсан юм уу гэвэл, тэрбээр нүдээ ямар нэг амьтны чих адил соотогнуулан зальтайхан инээмсэглэж,
- Хоньчин хүн яахаараа тагнуулч байж болохгүй гэж. Хонины дотор чинь хурган хуц, ишгэн ухна гээд нам засгийн бодлогыг байнга зөрчиж, цаг бусаар мал хээлтүүлж, хөхөө өвлөөр хурга ишиг хөлдөөж алдаг төрийн эсэргүү эвэртэй туурайтай дайсан олон байдаг юм шүү дээ гэж билээ.
Нөгөө яруу найрагч Загдын Түмэнжаргалын маань айгаад байсан НАХЯ-ны чекист, тагнуулч маань нэг иймэрхүү эрхийн цагаан солио туссан, хүний ганц зөнөг хүү, хорхойд хоргүй амьтан байсан юм санж.
2020.04.10
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.