2008 оны наймдугаар сарын 14

Twitter Print
2016 оны 08-р сар 14-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Одоогоос найман жилийн өмнө БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зуны Олимпийн XXIX наадам болсон. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон спортын хамгийн том баяр Олимпийн их наадамд Монголын баг тамирчид анх 1964 онд оролцсон түүхтэй.

Тэр жил Японы Токио хотод зуны Олимпийн XVIII наадам болоход Ази, Африкийн олон орон анх удаа спортын их өрсөлдөөнд тоосоо өргөж байлаа. Токиогоос эхэлсэн Монголын Олимпийн бамбар “Лондон 2012” хүртэл үргэлжилж өдгөө “Рио 2016”-г тэсэн ядан хүлээж сууна.

Харин 2008 оныг хүртэл арван удаагийн зуны наадамд баг тамирчдаа илгээсэн ч Монгол алтан медаль хүртэж амжаагүй явлаа. “Мехико 68”-аас чөлөөт бөхийн төрөлд Ж.Мөнхбат мөнгө, Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл, “Мюнхен 72”-оор чөлөөт бөхөөр Х.Баянмөнх мөнгө, “Монреаль 76”-гаас чөлөөт бөхөөр З.Ойдов мөнгө, “Москва 80”-аас чөлөөт бөхөөр Ж.Даваажав мөнгө, Д.Оюунболд хүрэл, жүдо бөхөөр Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хүрэл, “Сөүл 88”-аас боксын төрөлд Н.Энхбат хүрэл, “Барселона 92”-оос буудлагын төрөлд Д.Мөнхбаяр хүрэл, боксын төрөлд Н.Баярсайхан хүрэл, “Атланта 96”-гаас жүдо бөхөөр Д.Нармандах хүрэл, “Афин 2004”-өөс жүдо бөхөөр Х.Цагаанбаатар хүрэл медаль энгэртээ зүүж, алтан медаль биднээс нүүр буруулж байлаа.

/Олимпийн медаль хүртсэн бусад тамирчид: "Бээжин-2008"-ын боксын төрөлд Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө,  жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр алт, буудлагын спортоор О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн бол "Лондон 2012"-ын жүдо бөхийн төрөлд Н.Түвшинбаяр мөнгө, боксын төрөлд Н.Төгсцогт мөнгө, чөлөөт бөхийн төрөлд С.Батцэцэг хүрэл, жүдо бөхийн төрөлд С.Ням-Очир хүрэл, боксоор У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль/

Монгол улсын алдарт тамирчид болох Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Даваажав нарын мөнгөн медаль алтын дайтай байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Мөн “Сидней 2000” зуны XXVII наадамд Монголын баг тамирчид тааруухан оролцож, ганзага хоосон ирсэн нь бараан дурсамж болон үлджээ. Харин манай урд хөрш 2000 онд зуны Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авсан нь бидэнд асар том боломж олгосон.

2008 он ч болж Монголын 29 тамирчин Бээжинг зориход жүдо бөхийн -100 кг-д барилдах эрх авсан Н.Түвшинбаярыг бид төдийлөн анзаараагүй. Өмнөх наадмаас хүрэл медаль зүүсэн Х.Цагаанбаатар, дөрөв дэх Олимпийн наадамдаа оролцож буй буудлагын О.Гүндэгмаа нарыг л юм дуулгана гэж харж суусан. Монголчууд эртнээс нааш зөн совинтой ард түмэн. 2008 оны наймдугаар сарын 13-нд О.Гүндэгмаа дасгалаа амжилттай гүйцэтгэж Олимпийн рекорд амжилтыг давтан мөнгөн медаль хүртлээ. Хэрэв Хятадын тамирчин нэг л алдсан бол Монголын анхны Олимпийн алтан медалийг О.Гүндэгмаа хүртэх байлаа. Үүнийг үзэн суусан үзэгчид түүнд үнэхээр аз дутлаа хэмээн ам уралдан ярилцаж суусан. Үүнээс нэгхэн хоногийн дараа жүдо бөхийн төрөлд Монголын анхны Олимпийн аварга төрөх учиртай байж.

Бээжингийн наадмын жүдо бөхийн -100 кг-д Н.Түвшинбаяр эх орноо төлөөлөн барилдлаа. Тэрээр эхний тойрогт Олимп, Дэлхийн аварга Японы К.Сузукитэй оноолт таарлаа гэдгийг сонсоод бүгд л хэн ялах нь тодорхой гэж бодсон.

Барилдааны өмнө хүмүүс ярилцахдаа “Н.Түвшинбаяр яаж тэр том бөхийг ялахын. Цэвэр савуулчихаад, ирээд сугалаа хатуу байсан, нэгдүгээр тойрогт Олимп, Дэлхийн аваргатай таараагүй байсан бол ямар ч медаль хүртэх боломжтой байсан” гэж ярих биз гээд түүнд итгэх хүн ховор байлаа. Харин Булганы Сайхан сумын унаган хүү Япоын бөхийг цэвэр яллаа.

Энэ бол баярлахгүй байхын аргагүй ялалт байсан. Чухам энэ даваа алтан медаль хүртэхэд маш том урам өгсөн гэж хожим Н.Түвшинбаяр ярьж билээ. Нэгдүгээр тойрогт Олимп, дэлхийн аваргыг ялсан эрчээрээ дараагийн тойргуудад Германы Б.Бенжаминг хоёр юүкогоор, БНСУ-ын Ж.Сонг-Хог ваза-аригаар, Азербайжаны М.Миралевыг юүко үнэлгээгээр тус тус хожиж финалд шалгарав.

Хамгийн сүүлд 1980 оны Москвагийн Олимпод манай бөхчүүд шигшээ барилдаанд үлдэж байсан. Тэр цагаас хойш 28 жилийн дараа Олимпийн аваргын төлөө Монгол бөх шалгаран үлджээ. Казахстаны А.Житкеев Бээжинд үнэхээр сайн бэлтгэлтэй ирсэн нь анхнаасаа харагдаж байлаа. А.Житкеев хэсэгтээ Кувейт, Босни, Унгар, Голландын бөхчүүдийг дараалан цэвэр савж, финалд гарч ирсэн. Харин Н.Түвшинбаяр маш сайн барилдаж эхний ваза-ари үнэлгээг авлаа. Том үнэлгээ авсан манай бөх хамгаалан барилдахаас илүү санаачлагыг гартаа авч урагш барилдсаар дахин хоёр юүко авч алтан медалийн болзол хангасан юм.

Олон жил хүлээсэн алтан медалийг Монгол тамирчин энгэртээ зүүлээ. 2008 оны наймдугаар сарын 14-нд Монгол улс даяар баярлан хөөрч сар гаруйн өмнө буюу 7-р сарын 1-ний хар өдрийг мартагдуулсан. Олимпоор, спортоор дамжуулан баяр хөөрийг мэдэрч болдог гэдгийг тэр өдөр олон хүн ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна.

Чухам энэ өдөр хүн бүрийн баярласан сэтгэл янз бүрээр илэрч байлаа. Хотын замаар давхилдах жолооч нар хоорондоо жаахан мөргөлдөж шүргэлцэхэд л хэрүүл маргаан үүсч бөөн юм болдог. Харин наймдугаар сарын 14-нд хоорондоо шүргэлцсэн жолооч нар “зүгээрээ хөгшөөн өнөөдөр чинь Монгол хүн Олимпийн аварга” боллоо хэмээн тэврэлдээд салж байлаа. Энэ их аз жаргалыг Олимпийн алтан медаль Монголчуудад өгнө гэж хэн ч төсөөлөөгүй биз.

Булган аймгийн Сайхан сумын уугуул Н.Түвшинбаяр Олимпийн одтой бөх гэдгээ дөрвөн жилийн дараа мөн харуулсан билээ. “Лондон 2012” зуны Олимпийн наадмын жүдо бөхийн барилдаанд Тайланд, Герман, Узбекистан, БНСУ-ын бөхчүүдийг дараалан шидсэн манай бөх финалд ОХУ-д ялагдсан. Хэрэв гэмтэл аваагүй бол гарцаагүй хошой алтан медальтай эх орондоо ирэх байлаа. БНСУ-ын бөхтэй барилдаж байхдаа сууж үүрэх мэх хийх гэж байгаад гэмтэл авсан ч өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр хожиж чадсан. Монгол хүний тэсвэр тэвчээр, зорилгодоо хүрэхийн тулд бүгдийг ялж чаддаг гэдгийг Н.Түвшинбаяр дэлхий даяар харуулсан нь гайхамшигтай.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.