Оюунтөгс хүүгийн үлгэр

Twitter Print
2021 оны 08-р сар 14-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт эрээн авдраар дүүрэн эрдэнэс алттай, хар модон шоголд хадгалагддаг үлгэр туулийн өчүүхэн номтой нэг айл байжээ.

Тэднийх Эрдэнэтөгс, Оюунтөгс гэдэг хоёр хүүтэй юм гэнэ. Нэг өдөр гэрийн эзэн хүүхдүүдээ дэргэдээ суулган:

Та нар хөл чинь дөрөөнд, гар чинь ганзганд хүрлээ. Тийм учраас бие даан амьдрах цаг чинь болжээ. Маргааш өглөөнөөс эхлэн аавынхаа хөрөнгөөс аль дуртайгаа авч аян замдаа гарч аж амьдралаа зохио гээд юу авахыг асуухад Эрдэнэтөгс хоёр хүүдийн дүүрэн алт, Оюунтөгс шоголтой номыг авна гэжээ. Эцэг нь ч хэлсэн зүйлсийг нь хүүхдүүддээ өгч гэнэ. Тэгээд хоёр хүү замд гартал ах нь дүүдээ:

Ууя ууж болохгүй, идье идэж болохгүй хэнд ч хэрэг болохгүй хэдэн навсархай хуудас авахаар нэг хүүдий дүүрэн алт авсан бол хоёул элбэг хангалуун явахгүй юу? Нэгэнт тэгээгүйгээс хойш өөртөө оногдсон хөрөнгийг би чамтай хуваалцаж чадахгүй, чи наад номоороо амиа тэжээж хувиа борлуулж яваарай гэжээ. Харин Оюунтөгс юу ч хэлсэнгүй, тэд нэлээд явж байтал замд адуу хариулж яваа хүн дайралджээ. Ах нь түүнээс жороо саарал морь худалдан авч “Чи өвөртөө бэлгүй болохоор гахай явган, нохой нүцгэн байх болж дээ” гээд давхиад явчихжээ. Дүү нь гомдсон ч үгүй. Хар шоголтой номоо уншиж явтал оньсон хөдөлгүүрт морь хийсэн хүний тухай үлгэр дайралджээ. Түүнээс санаа авч ойд очин оньсон хөдөлгүүрт морь хийгээд түүнийгээ хөлөглөж ахыгаа гүйцэж очвол их л гайхан:

Ийм ид шидтэй морь ямар мөнгөөр худалдаж авав аа гэж асуухад нь:

Үлгэртэй номынхоо ид шидээр бүтээснээ хэлбэл үнэмшихгүй байлаа. Тэгээд тэр хоёр цааш аялж гэнэ. Гэтэл төөрчихжээ.

Хамаг хоол хүнсээ барж өлсөж үхэхийн туйлд хүрч гэнэ. Ахад нь хүүдий дүүрэн алт мөнгө байвч түүнийг идэж болохгүй болохоор яах билээ.

Дүү нь хар шоголтой номоо уншвал элсэн доогуур хавж ургадаг хүнсэнд хэрэглэгддэг ургамлын тухай үлгэр байж гэнэ.

Тэр ургамлыг эрж олоод хоол хийтэл амттай сайхан болсонд хоёул цадталаа идэж алжаалаа тайлжээ. Ах нь:

Дүү минь наадах чинь яасан ид шидтэй сайн ном бэ? Үүнийгээ ахдаа уншуулж байгаач. Би ч бас алт мөнгөнөөсөө өгч байя гэтэл дүү нь:

Эрдэмтэн мэргэдийн цэцэн ухааны дээжис болсон энэ ном эрдэнэс алттай зүйрлэхээргүй үнэтэй зүйл билээ.

Тэгээд ч үлгэрт өгүүлж буй баялаг дуусашгүй болохоор би тантай хуваалцахаас юунд дургүйцэх билээ гэжээ. Ингээд ах дүү хоёр номоосоо бүх зүйлийг мэдэж амар амгалан элбэг дэлбэг амьдран сууж гэнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.