
Хүүхэд айдас ихтэй өсөх нь түүнийг өөртөө итгэлгүй, идэвхгүй хүн болоход нөлөөлдөг.
Хүн ер нь тодорхойгүй зүйлээс айдаг. Жишээ нь бид: харанхуйгаас, өндрөөс, шалгалтаас, үхэл г.мэтээс айдаг бол хүүхдүүд ганцаардал, мангас, хий үзэгдэл, цэцэрлэг сургуульд элсэн орохдоо айдаг. Харанхуйн цаана, хязгааргүй өндрийн доор, шалгалтад ирэх сэдэв, мангасыг бодитоор хараагүй, шинэ цэцэрлэг ямар байх нь бүгд тодорхой биш учир айдас бий болдог.
Тиймээс хүүхдийн зүрхэнд айдас хургуулахгүйн тулд хамгийн чухал нь айж буй зүйлийг нь тодорхой болгож ярилцах явдал юм. 3-5 насны хүүхдүүд ихэвчлэн шөнийн цагт өөрсдийн сэтгэхүйн хөгжлөөс хамааран хий зүйлсийг бодит байдлаас салгаж чаддаггүйгээс төсөөллийн айдас бий болдог. Тиймээс, унтахын өмнө нь уншиж өгөх үлгэр сонгохдоо аль болох аз жаргалтай төгссөн, мангас шулам ороогүй, дайн дажингүйг сонгоорой.
Мөн томчууд хүүхэдтэйгээ хамт байх цаг багатай, харилцан ярилцдаггүй, зурагт, утсандаа найдаж үлдээсээр байгаа л бол хүүхдэд ганцаардлын айдас бий болдог. Энэ бол маш олон сөрөг талтай. Мөн хүүхэд танил биш хэн нэгтэй үлдэхийгээ ганцаараа үлдэж байгаа мэтээр хүлээж авдаг.
Хүүхдээ түр хэн нэгтэй үлдээх үедээ хаашаа, ямар хугацаанд явах, хэзээ ирэхээ тодорхой хэлээд, хэлсэндээ хүрч товлосон цагтаа ирж (Удахгүй гэж хэлсэн л бол удах хэрэггүй ). Тэгвэл хүүхдэд дараагийн удаа "ганцаар үлдэх" айдас бий болдоггүй.
Ганцаар унтахаас айдаг бол хүүхдийнхээ саналыг сонсож өрөөг хамтдаа дахин тохижуулж өгөөрэй. Дийлэнх хүүхдүүд цэцэрлэг, сургуульд элсэн орохдоо уйлдаг. Уйлж байна гэдэг айдсаа илэрхийлж буй хэлбэр. Энэ айдсаас сэргийлэхийн тулд, цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах, хичээл эхлэхээс өмнө урьдчилж очиж танилцах, болж өгвөл хүүхдийнхээ дэргэд "-яана аа, ямар багш таарах бол, -манай энэ яах бол" гэх мэт ойлгомжтой биш, сөрөг зүйлсийг ярихгүй байх хэрэгтэй.
Харанхуйн айдастай хүүхдэд өдөр шөнө хэрхэн ээлжилдэг болох, шөнө яагаад болдог, гэрэл, нар, сарны тухай зурагт номоор дамжуулан ярилцаад үзээрэй.
Дуу чимээний айдастай бол (тоос сорогч, өрөмдөгч г.мэтээс айдаг), тухайн зүйлийн ажиллах зарчим, хэрхэн ажиллаж буйг хамтдаа оролдож туршиж үзэх.
Хүүхдээ буруу зүйл хийх үед гар хүрээд хэвшсэн бол: худлаа хэлдэг, шалтаг хэлдэг, шинэ зүйлийг сэдэх хүсэлгүй хүнийг бэлдэж байна гэсэн үг. Энэ насны хүүхэд санаатайгаар алдаа гаргадаггүй тул хийсэн буруу зүйлийг нь яагаад буруу байсныг тайлбарлаад, гар хүрэхгүйгээр "арга хэмжээ" аваарай.
Айдсыг давах агуу хүч бол аав ээж таны хүүхэдтэйгээ хамт байх цаг, харилцан ярилцах мөчүүд. Айдсыг дарах хүчтэй эм бол таны халуун тэврэлт.
ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ ХАМГИЙН ИХ ЦАГАА ЗАРЦУУЛААРАЙ
Г.Төмөрзаяа
“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төв
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.