Ханш нээх гэж ямар учиртай зан үйл вэ

Twitter Print
2020 оны 04-р сар 04-нд 11:23 цагт
Мэдээний зураг,

Манай тооллын өмнөх тодорхойгүй үеэс 656 он хүртэл амьдарч байсан Зинь хэмээх ханлигийн эзэн Сянь Гүн хайртай татвар эм Лизигийн ятгалгаар хунтайз Шэньшэнг шахамдуулсаар эцэс сүүлд нь амиа егүүтгэхээс өөр аргагүй болгожээ.

Лизи татварын хувьд өөрөөс төрсөн хүүдээ хаан ширээг залгамжлуулах далд санаа агуулж байсан гэдэг. Тийм болохоор Шэньшэн хунтайзийн дүү Чүн Арь ч удалгүй ахынхаа араас явж мэдэх нөхцөл байдал үүссэн тул үнэнч дотны шадар нөхөдтэйгөө үгсэн хамтдаа оргон зайлжээ. Зам зууртаа хоол унд олдохгүй, зэрлэг ногоо, хулгана зурам мэтхэнээр хооллох тохиолдол олонтоо байсан тул хамт явагсадын тоо цөөрсөөр эцэс сүүлдээ Зе Зы Түй хэмээх шадар нөхөр нь ганцаар түүнд хань бараа болон үлдсэн байна.

Яваандаа хоол унд улам бүр хомсодсоор явах тэнхээгүй харангадан унах үед Зе Зы Түй гуяныхаа махнаас нимгэн огтлож зэрлэг өвс ургамалтай хольж амтлан шөл хийж уулгаад өөрийн эзнийг тэнхрүүлэн сэргээжээ. Чүн Арь хунтайз удалгүй энэ тухай мэдээд ихэд уясан хайлж хэзээ нэгэн цагт хувь тавилан түүнд нүүр царайгаа нааштай харуулах өдөр тохиох бөгөөс түүний ачлалыг хүндээр хариулах болно гэдэг ам тангараг өгч байсан гэдэг.

Үнэхээр 19 жилийн дараа хувь тавилан нааштай эргэж Чүн Арь хунтайз Зинь ханлигийн хаан ширээнд заларчээ. Урьд өмнө төсөөлж байгаагүй эрхэм баян орчин нөхцөлд толгой эргэж самуурсан хунтайз хэрхин зовж зүдэрч явсанаа мартаж үнэнч дотны нөхдөө умартан гагц зугаа цэнгэлээр өдөр хоногийг өнгөрөөх болсон аж. Нэгэн өдөр үнэнч сайд нь түүнд зовж зүдэрч явахад гуяныхаа махыг огтчин шөл хийж өгөөд тэнхрүүлсэн Чүн Арийн ачлалыг сануулахад хунтайз сэгхийн ухаан ороод түүнийг залж ирэгтүн хэмээн хүн явуулжээ. Гэвч үнэнч нөхөр Зе Зы Түй хүрч очихоос татгалзсан байна. Арга буюу хаан өөрөө тэдний гэрт очиход орон гэрээ сайтар түгжээд ойролцоох уулын балар ой руу орж бүгсэнийг мэджээ.

Хаантан олон цэргүүдээрээ ой шугуйг самнуулан нэгжүүлсэн ч олж чадаагүй гэдэг. Тэр үеэр нэгэн мэргэн сайд нь ой шугуйг гурван талаас нь гал тавьж шатаагаад ганц гарах гарцыг нь амдан бүслэвэл Зе Зы Түйг барьж болмуй хэмээх арга хэлжээ. Чун Арь хаан түүний үгэнд орж ойг шатаагаад ганц зугтах замыг сахиж байтал ямар ч хүн харын бараа үзэгдсэнгүй. Гурван өдөр хүлээгээд эцэст нь дахин самнуулж үзтэл үнэнч нөхөр Зе Зы Түй нь хөгшин эхийн хамт хатсан хөгшин уд модыг хоёр талаас нь тас тэврээд үхсэн байжээ.

Чүнь Арь хаан эмгэнэн гашуудахын туйлд хүрч нулимс унагах зуур сайтар лавшруулан харвал Зе Зы Түй өвдөгөөрөө хөгшин удын үндэсний нэгэн нүхийг хичээнгүйлэн бөглөсөн байдалтай байх тул түүний доторхийг нэгжүүлэн үзвээс ханцуйгаа ураад түүн дээр өөрийн цусаар:

«Сайд би вээр гуяны махаар эзнээ тэтгэх нь

Саруул гэгээн ёсонг сануулах гэсэн хэрэг

Өвгөн удын дор өлөн чөтгөр болон хувирах нь

Өндөр эзэндээ үнэнчийн ёсыг гүйцэтгэх санаа

Санаандаа та намайг агуулан багтаах бөгөөс

Сааралгүй чигч үйлийг бүү цалгардуулаарай

Ертөнц дахинаа ариун гэгээнийг бадруулваас

Есөн булгийн дор сайд би санаа амарсугай!» гэсэн байжээ.

Чунь Арь хаан тэр цагаас эхлэн архи дарс, алиа цэнгэл тэргүүтнийг умартан үнэнч сайдынхаа цусаар бичсэн шүлэг бүхий ханцуйг хана туургандаа хорголон залж, номт төр эрдэмт засгийн бодлогыг хэрэгжүүлснээр улс гэр нь хүчирхэгжиж ард нийтээр амар жаргалтай амьдрах болсон гэдэг. Хаантан Зе Зы Түй сайд, хөгшин эх хоёрт нь онгон шүтээний бунхан бариулж, тэдний таалал төгссөн өдөр гал түлж утаа гаргахыг чандлан хориглож гагцхүү урьдаас бэлтгэсэн хүйтэн зууш идэхийг зөвшөөрсөн нь Ханш нээх уламжлалт зан үйлийн үүтгэл эхлэл болсон түүхтэй. Ханш гэдэг нь “Ханьшы” буюу хүйтэн зууш гэдэг хятад үгийн монгол хэлэнд хувирч орсон үг юм. Бас түүнийг хятадууд “Ариун гэгээн” баяр гэх нь ч буй.

Манай цөөнгүй хүмүүс Ханш нээхийг Буддын шашны зан үйл мэтээр ойлгодог нь уг чанартаа огт хавьтахгүй зүйл болохыг дээрхи домгийг унших явцдаа уншигч та ухааран ойлгосон байх аа. Ер нь манай Буддын шашинд анхнаасаа байгаагүй боловч тухайн газар орны нөлөөгөөр орж ирсэн энэ мэт үүсмэл шинэ зан үйл цөөнгүй байдгийн нэгэн жишээ энэ юм л даа.

Д.Болдбаатар 

"Гэгээ" боловсролын төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.