Бидний өвөг дээдэс бичгийн их мэргэдтэй

Twitter Print
2021 оны 07-р сар 31-нд 13:45 цагт
Мэдээний зураг,

Мандаж уруудаж, өгсөж буурч ирсэн бахдам сүрдэм их түүхэндээ манай Монгол улс, эх орноо гэсэн эрдэм билэгт хөвгүүд охидоор дутаж байсангүй. Тэд чухамдаа хоттой хониноосоо илүүтэйгээр хил хязгаар, зах зайдуу нутгаа манан сахиж, уул толгод, ус шандаа хүртэл нэгд нэгэнгүй бүртгэн нэрлэж, жинхэнэ эзэн хүний оргилсон халуун сэтгэлээр нандигнан дээдэлж иржээ.

Эх оронтойгоо байхад алд бие минь элэгдэж үрэгдсэн ч яах вэ хэмээн өөрийг гаргуунд гаргаж, алт эрдэнэс байсан ч нэгэн биенээсээ харамнан байж, өвгөд дээдэс минь энэ газар шороог гагц үр хойчдоо даатгаж орхиод, цэц билэг, хашир ухаан, үг сургамжаа үр хойчдоо айлдаж дуулгаад, сэтгэл амар буцацгаасан.

Хангай говийн хаана ч гэлээ агуу тийм дээдэс үеийн үед аж төрж иржээ. Их холын биш, тун ойрын төлөөлөл гэхэд Түшээт хан аймгийн Говь мэргэн гүний хошуунд 1803 онд мэндэлж, 1856 онд насан хутаг болсон Дулдуйтын Равжаа, Засагт хан аймгийн Хан Хөхүй уулын хошуунд 1854 онд мэндэлж, 1909 онд өөд болсон Сэдбазарын Лувсандондов хэмээх хоёр их мэргэд байх жишээтэй. Энэ хоёр их хүнд ижил гэхээр шинж нэг биш бий. Хоёулаа хаад ноёдын хаш цагаан өргөө гэрт бус, харц ардын хар бор гэрт дуу хадаан төрцгөөсөн байх юм. Дулдуйт гэдэг нэртэй хүн байгаагүй, дулдуй барьж, түмэн олноос гуйлга гуйдаг Өлзийт буюу төвдөөр Даш гэдэг хүний хүү юм гэнэ билээ хэмээн нотолж ярих эрдэмтэд одоо хэр нь байдаг.

Хожмоо Лу жанжин гүн хэмээн улс орон даяар алдар суу нь түгсэн Лувсандондов нь хошуу ноён Сэдбазарын аягач Хорлоо гэдэг эмэгтэй хүү юм гэдэг. Сэдбазар ноён угсаа залгах үр хүүхэдгүй байсан тул аягачийнхаа хүүг өргөж авсан, өөрийнх ч хүүхэд байж мэднэ гэлцдэг Тийнхүү харц ардын хоёр хүүгийн нэг нь өөрөө тодорч, нөгөө нь хүнд өргөгдсөнөөр хошуу ноёд, тавдугаар дүрийн хувилгаан, Засагт хан аймгийн туслах жанжин хэмээх алдар цуу нь Монгол даяар цууриатсан их хүмүүс болцгоожээ.

Хоёр их хүний ижил нэгэн тал нь бичиг номын цуутай мэргэд, шүлэгч дууч төдийгүй төрж өссөн нутаг ус, хүн арддаа амь мэт хайртай, хүрээ хотод төдийлөн таалалгүй, алс холын хил хязгаараа өндгөө дарсан шувуу мэт сахисан, хэн хэн нь “хайрлавч үл мөнхрөх амь бие”гэж үздэг нутаг амьтай ноёд байжээ.

Тэдний туурвисан шүлэг найраг хосгүй. Равжаа хутагтын нэгээхэн сургаал гэхэд л дараах мэт.

Жигүүр хэрэггүй шувуу нэг ч үгүй.

Эв хэрэггүй хүн нэг ч үгүй.

Монголчууд, ихэд ч эв хэрэгтэй, багад ч эв хэрэгтэй гэжээ гэх зэрэг хутагтын айлдсан дээдийн олон сургаалиас товчилсхийн нэгийг толилуулъя.

Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олныг бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга.
Онц зөрүүлхэж, дээдсээс бүү сал.
Муу нөхөртэй бүү нөхөц.
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг талгүй бүү гайхуул.
Саваагүй тоглоом бүү тогло.
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэрч муу санаатантай бүү зөвш.
Эвдэрч олон зан бүү гарга.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэнэдэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юмнд бүү шуна.
Бузар хилэнцийг бүү үүсгэ.
Чөлөөгүй гэж бүү алгас.
Чадалгүй байж бусдыг бүү дууриа.
Магад дээсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү ярь.
Салах учрахад бүү гомд.
Буянтай санаанаас бүү холд.
Бодь сэтгэлийг бүү март.
Самуун хүнтэй бүү учир.
Санасан бүрийг бүү илтгэ.
Тэр энэ гэж бүү эрэлх.
Тэгнэ ингэнэ гэж бүү зарла.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Хэлбээс бүү буц.
Санаваас бүү март.
Өгвөөс эд мөн.
Сахиваас санваар мөн.
Хүлцвээс хуяг мөн.
Хичээвээс бодь мөн.
Эс мартваас бясалгал мөн.
Мэдвээс билэг мөн гэх зэргээр Тавдугаар ноён хутагт өөрийн зохиосон “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал найраглалдаа номносон нь энд тэндээсээ хэсэг бусгаар хэлэгдэж яригдаж, хэлцэгдэж шүүгдэж хэдэн үеийн хүн ардын амны уншлага, сэрэмж санамж болон өнөөг хүрчээ.
“Хан Хөхүйн магтаал”, “Сайвар халтар”, “Хөхүйн маань буга”, “Эх сайхан төр”, “Таван эрдэнэ”, “Сэнсрэгч цагаан үүл”, “Эрдэм ухааны түлхүүр уугуул бичиг минь”, “Мөнх нь үгүй хорвоо”, “Бүсгүй хүний увидас”, “Үсэг бичиг” зэрэг өдий төдий уянгын найраглал, дуу шүлэг туувисан Лу жанжин гүн бол өнөөгийнхөөр өдрийн тэмдэглэл хөтөлдөг, монгол, манж, төвд зэрэг хэл бичиг нэвтэрхий үзэж судалсан, улс орныхоо болоод дэлхий нийтийн байдал, чиг хандлагын талаар өргөн их мэдлэгтэн байсан гэдэг. Лу жанжин гүний ийм нэгэн шүлэг байдаг.
 
НҮҮХИЙН ЖАРГАЛ
Хонгор Хөхийгөө хэмжиж
Хорин Бугат давахад
Түрүүний тэмээний сүүл
Дараагийн тэмээний хамар цохиж
Ачаа татлага цугаар
Ар тийшээ гүйнэ.
Ангайсан атан тэмээддээ
Аагтай сархдыг цутган уулгаж
Эзэн мал бүгдээрээ
Эм шиг сархдаар өдлөн
Тэнгэрт ойртож газраас салсан
Тэхийн зоо шиг Хөхийн нуруунаа
Олон албаттайгаа зэрэгцэн намаржиж
Хөхүүр хөхүүр айраг султган
Нас насны хүлэг уралдуулж
Эрдэм чадал сорилцож
Эрхий мэргэнээ үзэлцэж
Цааз хуулиа үргэлжид судалж
Цагаан модоо үдэшдээ хаяж
Өндөр настандаа
Дээр суудал эзлүүлж
Өнчин ядуустаа
Дэлгэр хувь хүртээж
Дуу хуураа хадааж
Дугараа хундага цэлэлзүүлэх нь
Суудлаа булаалдаж, хүрээнд шигдсэнээс
Нүүдлээ дагасан бидний жаргал.
ХӨХИЙН ОРОЙ ДЭЭР СУУХУЙ
Хөхий уулынхаа оройд гаран суухад
Хөх тэнгэрийн доорх амьдрал нүднээ тусна.
Хөхөмдөг будан дунд бие минь заларч
Хүслийг булаагч юугаа холбон номлоход
Баруун гарын цэцэн түшмэл Чой минь
Баттай сайныг тунгаан бэхсээр урлана.
Завъяа завъяагаар хүртсэн айраг зүрх чангалж
Зааж сургах төгс дуу амнаас урсана гэх зэргээр билэгт тэр нэгэн хүн тэртээх он жилүүдэд уул усныхаа сүр жавхаа, тэмээ малынхаа тэвчээр тэнхээ, идээ цагааныхаа шим тэжээл, зон олныхоо эрхэмлэж дээдэлдэг ёс заншил, хүн ардынхаа жаргал цэнгэл, хүрээ хийдийн хэрүүл тэмцлийг бийр бэхэс нийлүүлэн байж нэгэн шүлгийн хэдэн шаданд багтаан хүүрнэсэн нь нэн бахтай.
Бидний дээдэс гэж их хүмүүс байсаан.
До.Чулуунбаатар 2021. 07. 31
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.3.207) 2022-03-23 02:07
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах