Н.Золжаргалыг огцруулъя

Twitter Print
2014 оны 08-р сар 13-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

“Монголбанкны үндсэн зорилго бол үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн заалт Төв банкны тухай хуулинд бий.  Тэгвэл өнөөдөр Монгол Улсын төв банк үндсэн үүргээ хэрхэн биелүүлж байгааг эдийн засгийн цөөхөн хэдэн үзүүлэлт дээр дүгнэлт хийгээд үзье. Өнгөрсөн мягмар гаригт Үндсэний статистикийн газраас хэвлэлийн бага хурал хийлгэж, долдугаар сарын байдлаар төгрөгийн ханш 25 хувиар суларсныг дуулгав. Үндэсний мөнгөн тэмдэгтийн уналт 25 хувиар суларна гэдэг эдийн засагт том дарамт учруулах гол хэрэгсэл  нь болж байдаг нь худлаа биш. Тэгвэл өнөөдөр арилжааны банкуудаар зарж байгаа долларын ханш 1899 төгрөгтэй тэнцлээ. Хоногийн дотор долларын ханш 3-7 төгрөгөөр өсч, энэ нь инфляцийг 15.4 хувьтай гарах  гол шалтгаан  нь болжээ. Төв банк нь төгрөгийн ханшийн унагаж, үнэгүйдүүлж, цаас болгон хувиргаад байхаар ингэхээс ч өөр яах билээ. Гол нь инфляцийн өсөлтийг дагаад ажилгүйдэл, ядуурал нэмэгддэг эдийн засгийн шууд хамаарал байдаг.

Үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уналт эдийн засаг дахь бүхий л салбаруудад асар ихээр сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, доллар 1300 төгрөг байх үед банкинд 10 сая төгрөг хадгалуулсан хүн төгрөгийн ханшийн уналтад зургаан сая төгрөгөөр “шатах” жишээтэй. Цаашлаад цалин, тэтгэвэр, тэтгэмж  бүхэнд ханшийн уналт сөргөөр нөлөөлдөг бичигдээгүй хууль бий.

Долларын хурдыг тогтворжуулж, инфляцийн инерцийг бууруулахын тулд  өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр Монголбанкны Мөнгөний зөвлөл хуралдаж бодлогын хүүгээ 1,5 нэгжээр нэмэгдүүлж, 12 хувьд хүргэсэн нь  үндэсний мөнгөн тэмдэгтийн уналтыг тогтворжуулах олигтойхон арга хэмжээ болж чадсангүй. Чадах ч үгүй гэдгийг эдийн засагчид шүүмжлэх болсон билээ.

Эдийн засагт хэрэгжүүлдэг мөнгөний бодлого нь ажлын байр бий болгож, шууд хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлийг сэргээх үүрэгтэй биш хэмээн Монголбанкныхан тайлбарладаг. Гэхдээ төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлого  үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, суурь нөхцөлийг бүрдүүлэгч анхдагч хүчин зүйл буюу эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг нь болж байдаг.  Энэ талаас нь харвал Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа бодлого учир дутагдалтай, төгрөгийн ханшийг тогтвортой барих төв банкныхан  ажлаа хангалтгүй хийж байна хэмээн дүгнэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Үнэндээ энэ асуултад иргэдээс хариулт авбал олонх нь “төв банк хангалтгүй ажиллаж байна” гэх  биз. Цалин, тэтгэврийнхээ тэн хагасыг доллар, инфляци хоёр “идүүлж” байгаа иргэд л илүү бодитой зүйлийг хэлэх нь мэдээж.

Бодлогын хүүг  нэмсэнээр долларын хурдыг хязгаарлах бус эсрэгээрээ эрчимжүүлэх эрсдэл өндөр. Учир нь бодлогын хүү нь арилжааны банкуудын зээлийн хүүд нөлөөлж, үйлдвэрлэлийн зээл хумигдах сөрөг тал бий.  Чухамдаа төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бодлогын хүүгээ нэмсэн Монголбанкны Мөнгөний зөвлөлийн шийдвэрт  ажил олгоч, бизнес эрхлэгчид ч таагүй хандах болсныг дуулгахад гэмгүй юм.

Монголбанкны ерөнхийлөгч нэг бус удаа долларын ханшийг тогтворжуулна гэдгээ амалсан.  Төв банкны ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа  долларын ханшийг 1300 төгрөгт барина  хэмээн амалж байсан  нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ. Худлаа гэвэл хуучин сонин хэвлэлийг эргүүлээд харчихаж болно. Түүнчлэн инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн төв банкны ерөнхийлөгчийн амлалт Мөнгөний бодлогод нь тов тодохой тусгагдсан бий.  Харамсалтай нь, улс орны эдийн засагт үүсээд байгаа хурцадмал байдлаас харахад Монголбанкны ерөнхийлөгчийн гоё амлалтууд, төв  талаар болж, төв банкны үндсэн зорилт, зорилго нь алдагдсан гэдэг нь захын хүнд ойлгогдохоор байна.

Өнгөрсөн жил Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр төв банк гурван их наяд төгрөгийг зах зээлд гаргасан нь төгрөгийн ханшийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн.  Үйлдвэрлэлийн гэхээсээ илүү хэрэглээний зээлийг дэмжсэн төв банкны бодлого  төгрөгийг цаас болгон хувиргаж,  тэд  өнөөдөр тэнгэр ширтэхээс өөр арга замгүй болсон нь хатуу боловч үнэн зүйл. Долоо хоног бүр интервенц хийгээд ч долларын ханшийг доошлуулах нь бүү хэл тогтворжуулж чадахгүй байгаа биз дээ. Одоо тэгээд жилээс жилд дундарсаар байгаа гадаад валютынхаа нөөцийг гөвөлтэй нь биш, бүгдээрээ хямраад, халаглаад суухаас өөр яая гэхэв.

Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, валютын ханш өссөн нь Монголбанкны буруу хэмээн УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс УИХ-ын даргад хандаж,  Н.Золжаргалыг огцруулах асуудлыг тавьсан.  Тэд “Монголбанк мөнгөний бодлогоо буруу явуулсан, мөнгөний бодлого алдагдсанаас эдийн засгийн өнөөгийн хямралт байдалд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлтээр үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ёстой атал барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж, хамаг валютаа гадагшлуулсан. Барилга импортын хамаарал ихтэй. Эдийн засгаа тэлэх бодлого нь зөв ч арга нь буруу байв. Импортыг дэмжих салбарт хөрөнгө оруулалт хийх ёстой. Тиймээс УИХ өөрийн томилсон Монголбанкны Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой" хэмээн үзэж байгааг хэвлэлээр мэдэгдэж байв. Хаврын чуулганаар хэлэлцэх ёстой байсан энэ асуудлыг харамсалтай нь, УИХ-ын дарга нам дараад өнгөрсөн билээ. Бие даагчид тавьсан асуудлынхаа хойноос хөөцөлдөхгүй  тэгсхийгээд орхисон. Тэгвэл зорилгоо биелүүлж чадаагүй  Н.Золжаргалыг огцруулах  асуудлыг дахин хөндвөл яасан юм бэ. Н.Золжаргалыг Монголбанкны ерөнхийлөгчөөр дархалчихаагүй л бол шүү дээ.

Н.Мөнгөн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.