Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг

Twitter Print
2017 оны 03-р сар 12-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

Манай улсад аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ Монгол Улсын онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, эзэн Чингис хааны түүх дурсгал, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгддэг. Монголын гайхамшиг бүрдсэн байгалийн цогц үзэсгэлэнт газрыг уншигч таны мэргэн оюунд үндэсний мэдээллийн www.mongolcom.mn сайт цуврал болгон хүргэхээр бэлтгэлээ. Монгол хүн болж төрсөн эрхэм хүмүүн та Монгол орноо бүтэн тойрч аялахыг мөрөөддөг байлгүй. Зөвхөн зурган дээрээс хараад дараа нь харамсах бус өөрийн нүдээр очиж үзээсэй гэж та бүхэндээ Монгол орны заавал очиж үзэх байгалийн дурсгалт газруудыг нэрлэж байна.

Цуврал 2:  Баян-Өлгий аймгийн 7 гайхамшиг 

1. Ёлтын сав газар

Ёлтын сав газар нь Алтай суманд байрладаг. БНХАУ-тай хиллэдэг бөгөөд Алтай таван богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм.

Энэ бүс нутаг нь байгальд гарч буй хувьсал, байгалийн иж бүрдэлийн өөрчлөлтөд уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Алтай сумын нутаг дэвсгэр нь дэлхийн бөмбөрцөгийн хойд хагасын дундад өргөрөгт багтдаг учир эх газрын эрс тэс уур амьсгал зонхилно.

Ёлтын сав газар нутгийн ихэнх хэсэгт уулархаг ой бүхий газар зонхилдог учраас харьцангуй сэрүүвтэр, чийглэг байдаг. Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг. Дундаж өндөр уулсыг хамаарах бөгөөд Ёлт голын хөндийд 2070 м – ээс ар хажуугаар гацуур – шинэсэн, шинэс – гацууран ойн бүслүүр эхлэж түүний доод хэсгээр эмжээрлэн үетэн – элдэв өвст ойн нугын ургамал зонхилно. Энд эмийн ургамал болон хүнсний ургамлаар баялаг юм. Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад  улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.

2. Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар

Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нуруу хэмээх Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км vргэлжилдэг уулсын "хоймор" бөлгөө. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран, Бүргэд, Цагаан Суврага бүхий 6 мөнх цаст оргил бүхий хайрханы маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хvйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Өвчvv уулууд, Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгд бүртгэн авсан. Монголын Аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн дөрвөн улирал авирах боломжтой боловч хамгийн тааламжтай үе нь намар.

7 сараас 9 сар хүртлэх хугацаанд цаг агаар тогтуун, тайван, цэлмэг байх учир замын багцаа, мөсөн голын ангал гэх мэт баримжаалах шаардлагатай саад бэрхшээлүүдийг даван гарахад амар байдаг. Гэхдээ цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газрууын нэг бол Алтай Таван Богд. Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Өөрөөр хэлбэл нэг өдөр 4 улиралын шинжийг та тэндээс харж болноо гэсэн үг. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байдаг. Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол.

Нийт нутаг дэвсгэрийн эзлэх талбай 1566.5 мян км. Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн ландшафт, экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль, янгир, халиун буга, зэрэг хөхтөн амьтан, ирвэс, хүрэн баавгай, хойлог, тас, ёл зэрэг жигүүртний гол байршил болдгоороо зайлшгүй хамгаалах шаардлагатай нутаг юм. 

3. Потанины мөсөн гол

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд ууланд Потанин, Александр, Гране гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн том, хамгийн урт Потаниний мөсөн гол юм. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 ам/км гэж гэсэн газарзүйн тодорхойлолт байдаг ч үнэн хэрэгтээ Потанин мөсөн гол бидний үед урт нь 10.4км, талбай нь 24.3 ам/км болсон байна. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана.

Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн гол гэдэг нь уулархаг, налуу газарт олон мянган жилийн мөс, цас, хуримтлагдан нягтарснаас болж бий болдог, мөсөн голууд ихэнхдээ мөстлөгийн үед үүссэн байна. Мөсөн гол нь өндөр уулын бүст хүндийн хүч, тал газарт мөсний зузаан буюу өндрөөс хамаарах даралтаас шалтгаалан урсдаг, аварга том мөсний бөөгнөрөл гэж ойлгож болно.

Дэлхийн температур, мөсөн гол хоёр нягт холбоотой бөгөөд өдгөө дэлхийн мөсөн бүрхүүл 16,330км2 буюу хуурай газрын 11 орчим хувийг эзлэн оршино. Ихэнх мөстөл, мөсөн гол нь уулын ар хажууг даган зүүн хойт, хойт, баруун хойт чиглэлд тархсан байна. Харин уулсын энгэрт байрласан мөсөн гол дөнгөж гурваас илүүгүй хувийг эзэлнэ. 

Монгол орны мөстөл, мөсөн голын тухай Оросын эрдэмтэн С.В.Колесников 1963 онд 270 ам км талбайтай 130 мөсөн гол Монгол Алтайд тархсан хэмээн тэмдэглэсэн байхад Н.Т.Кузнецов мөсөн голын талбайг 350 ам км гэжээ. Монголын газарзүйч эрдэмтэн Ж.Цэрэнсодном Орос-Монгол-Хятадын хил дагуу судалгаа хийж, Монгол Алтай нурууны мөсөн голын тоог 240 хүргэж, талбайг 702.7 ам км хэмээн тодорхойлсон байдаг.

Потаниний мөсөн голыг Ус Цаг Уурын хүрээлэн, Япон улсын Далайн шинжлэх ухаан, технологийн агентлагийн Уур амьсгалын өөрчлөлтийг урьдчилан судлах хүрээлэн хамтран 2003 оноос Таванбогд уулын Потанины мөсөн гол, Цамбагарав уулын арын хажуугийн мөстөлд хайлалт, хуримтлал, түүнд нөлөөлөх уур амьсгалын хүчин зүйлсийн судалгааг хийж байна. Тэдний тодорхойлсноор Потанины мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна. Мөсөн гол өндөрлөг налуу хэсэгтээ 30 метр/жил, тэгш талдаа 15 метр/жил гэж тодорхойлсон байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр мөсөн гадаргын талбай эрс багасч, олон мөсөн голууд хайлж устах аюулд ороод байгаагийн нэг Потанины мөсөн гол болж байна. Потаниний мөсөн голын хайлах үйл явц нь 20 зууны эхээр эхэлсэн бөгөөд мөстлийн хайлах хэмжээ нь 2005 онд мөсөн голын хайлах бүсэд дороос дээшлэх тутам багасаж 378-242 см болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалан монголын болон гадны судлаач эрдэмтэд монголын мөсөн голууд энэ хурдаараа хайлбал 2090 он гэхэд хайлж дуусна гэж тооцоолсон байдаг.

4. Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт Алтай таван богдын Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.

Эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн уран зургийн галерей юм. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг.

Тухайн үеийн ангийн амьтан, гаршуулж буй амьтад, өдөр тутмын ажил үйлээ ийнхүү 8000 жилийн туршид үе улируулан үргэлжлүүлэн зурж үлдээсэн нь үнэхээрийн гайхамшигтай юм. Ийм урт он цагийг туулж нар салхинд бүдгэрсэн ч үндсэн шинж чанараа алдалгүйгээр өнөөг хүрсэн нь ямар их үнэ цэнэтэй дурсгал болохыг гэрчилнэ. Энэхүү гайхамшигтай байгалийн галерей нь өнөө цаг үед дэлхийн олон орны жуулчид, дотоодын аялагч нар, олон улсын эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж, үзэхээр зорих хүмүүсийн тоог жил ирэх тусам нэмэгдүүлж байна. 1994 онд хийгдсэн тэрхүү судалгааны үр дүнд дэлхийд танигдсанаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авчээ. Тус дурсгалыг үзэхээр явахдаа Өлгий хот - Согоогийн гол - Хөх хөтөл - Хар ямаат – Бага Ойгор – Усай – Цагаан салаа – Өлгий хот гэсэн маршрутаар явах нь илүү тохиромжтой хэмээн Баян-Өлгийчүүд зөвлөдөг.

5. Бага Түргэний хүрхрээ

Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм.

Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол  Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуучлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ. Хүрхрээний орчмын Сумдайрых уул, Хөндлөнгийн уул, Дээд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол  Алтан гагнуур, Алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг. Мөн Дээд уулын хонхорт мөнх цас, мөсөн голын гаралтай хэд хэдэн цэнгэг устай нуур, цөөрөм бий.

Баруун талын хяр дагаж далайн түвшнээс дээш 3000 орчмын өндөрт орших хад асгатай хэсэгт эртний түүх соёлын ховор дурсгалд тооцогддог хадны сүг зураг олон арвааар тааралдана. Алтай Таванбогдын БЦГ-ын энэ хэсэг БНХАУ-ын Шинжан Уйгарын Өөртөө Засах Орны Алтай аймгийн Ханасын дархан цаазат газартай хиллэж оршдог юм. 

6. Толбо нуур

Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана. Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.

Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна. Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчлахаар ирэх дуртай байдаг. Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд бий. Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг Толбо нуурын Жижиг нуур юм. Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, Гангар хун , Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.

Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй. Нуурын урд үзүүрт Толбо сум оршино. Толбо сум нь аймгийн төвөөс 76км, Жантекей, Шыбыр-Айгыр омгийн казахууд голчлон амьдарна.

7. Ачит нуур

Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангайн, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.

Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөд эрэг хавьд үүнээс гүн байж болох юм.

Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Бөхмөрөн голын адагт намагжсан нугатай томоохон садараа адагтай. Өмнөд хэсэг нь хадан хясаа, нуур руугаа тvрж ороод эгц хошуу vvсгэсэн байдаг. Зvvн хойд эргээр нь одоогийнхоо түвшнээс 50-60 м өндөр буюу 1520 м vнэмлэхvй өндөрт урьд нуурын усны эзэлж байсан газарт олон жижиг нууртай. Эндээс эртний төрмөлийн амьтны vлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас тvрэгийн бичигт хөшөө vлдсэн .

Ачит нуурын домог: Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болжээ. Хамаг мал сvрэг нь vхэж vрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргvvдэд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хvнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голын өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргvvд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ.

Ийнхvv цэргvvд өлсөж vхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг vхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий.

Өөр нэгэн домог ч бас байдаг. Эрт vед хvмvvс дайснаас дvрвэж өвс, ургамал, бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч, өлсөж ундаасан зvдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хvмvvс тvvнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг. Vvнээс хойш тэрхvv нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.

Архангай аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/12193

Баянхонгор аймгийн байгалийн 10 гайхамшигт газар http://mongolcom.mn/read/12393

Булган аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/12634

Говь-Алтай аймгийн 10 гайхамшиг http://mongolcom.mn/read/12755

Говьсүмбэр аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/24546

Дархан-Уул аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/23438

Дорнод аймгийн 10 гайхамшигhttp://mongolcom.mn/read/13221

Дорноговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13007

Дундговь аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/13698

Завхан аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14009

Өвөрхангай аймгийн 8 гайхамшиг http://mongolcom.mn/read/14270

Өмнөговь аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/14550

Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/14862

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15170

Төв аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/15844

Увс аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/16501

Ховд аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/21534

Хөвсгөл аймгийн 7 гайхамшиг http://mongolcom.mn/read/22266

Хэнтий аймгийн 9 гайхамшиг http://mongolcom.mn/read/22499

Эх сурвалж: www.mongolcom.mn 

Бэлтгэсэн:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.