
АНУ-ын Харшил, Халдварт өвчний Үндэсний Институтын захирал Энтони Фаучи хорио цээрийн дэглэмийг Америк даяар тогтоох нь зөв хэмээн үзэж байгаа аж.
Тэрээр СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа, "Одоог хүртэл хорио цээрийн дэглэмийг улс даяар тогтоохгүй байгааг ойлгохгүй байна. Энэ улсад юу болж байгааг харвал хорио цээрийн дэглэмийг заавал тогтоох хэрэгтэй байгааг ойлгож болохоор байна." хэмээн ярьжээ. Коронавирусын халдварын дэгдэлтэнд хамгийн ихээр өртөөд буй Нью Йорк мужийн захирагч Эндрю Куомо СиЭнЭн агентлагт өгсөн ярилцлагадаа Нью Йорк хот сүүлийн 6 өдөр уушгийг хиймлээр амьсгалуулагч аппаратны дутагдалд ороод байгаа тухай дурджээ.
Тэрээр, "Коронавирусын халдвар авсан хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтлээ. Өвчтөн уушгийг хиймлээр амьсгалуулагч аппаратанд орох ёстой, үгүй бол үхнэ. Ийм л энгийн." хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар Нью Йорк муж уушгийг хиймлээр амьсгалуулагч 17 мянган аппарат захиалсан нь БНХАУ-аас ирээгүй байгаа ба тус мужийн захиалсан аппаратнуудаас АНУ-ын бүх 50 муж бие биенээсээ өрсөж авахаар өрсөлдөж байгаа аж. АНУ-д коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 245 мянгыг даваад байгаа ба эдгээрийн 92 мянга нь Нью Йорк мужид бүртгэгдээд байна.
Нью Йорк хотод коронавирусын халдвар авсан 51 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа ба Нью Йорк мужид коронавирусын халдварын улмаас 2468 хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж:CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.