Д.Нанзаддорж: Есдүгээр сар гарахад хаалттай зам, гудамж байлгахгүй

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой ярилцлаа.

-Хаа сайгүй төсөв хумих бодлого барьж байгаа учраас энэ жилийн замын ажлууд царцанги байдалд орсон зүйл бий юу. Ямар ч байсан “Гудамж” төслийн хүрээнд бол нэлээд ажил амжуулж байна. Харин нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа томоохон ажил байна уу? 

-Нийтдээ 20 гаруй байршилд зам барилгын ажил хийж байна. Тохижилтын болон чулуун замын ажил үндсэндээ дууссан. Харин он дамжин үргэлжилж байгаа болон шинээр эхэлсэн томоохон зам барилгын ажлаа ид хийж байна. Энэ жилийн хувьд замын ажлын цар хүрээ хөрөнгө оруулалтаас шалтгаалан өнгөрсөн жилийнхээс харьцангуй бага харагдаж байж болох. Нөгөө талаар өнгөрсөн онд гол гол замынхаа засвар шинэчлэлийг хийсэн болохоор энэ жилийн хувьд хөдөлгөөнийг богино хугацаанд хаах байдлаар ажлаа явуулж байна. Гэхдээ энэ жилийн хийж байгаа ажил чамлахааргүй шүү. Нийслэлийн автозамын ажлын асар өндөр үзүүлэлт ирэх аравдугаар сард харагдана. 

-Тодруулахгүй юу? 

-Хөгжлийн банкны санхүүжилтээр Богд уулын араар 17.6 километр зам барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Үндсэндээ суурь хучилтын ажил нь дуусаад өнгөн хучилт болон заслын ажилдаа орчихсон. Есдүгээр сар гарахад улсад хүлээлгэж өгнө. Үүний араас Яармагийн 13,7 километр зам мөн ашиглалтад орох гэж байна. Явган зам, өнгө хучилт, уулзвар гаргах ажилдаа орсон. Аравдугаар сарын 1 гэхэд бүрэн хэмжээгээр ашиглалтад орно.

Мөн Нисэхийн хуучин товчооноос Биокомбинат, Шувуун фабрик чиглэлийн 22.5 километр зам ашиглалтад орно. Зөвхөн энэ гурвыг нийлүүлэхэд хотын урд хэсэгт 63 километр зам аравдугаар сард ашиглалтад орох гэж байна. Мөн нийслэлийн төсвөөр баригдаж буй Дүнжингарав худалдааны төвөөс Улиастайн гүүр хүртэлх зам барилгын ажлыг ид хийж байна. 
Дөрвөн эгнээ шинэ зам. Ажлын явц 80 гаруй хувьтай  байгаа учраас аравдугаар сарын 30-нд нээгдэнэ гэж тооцоход Хан-Уул, Баянзүрх дүүргийг холбосон томоохон замууд цогцоороо ашиглалтад орж урд хэсгийн хөдөлгөөний ачаалал буурна даа. 

-Баянхошууны за­мыг өнгөрсөн сард дуус­гаж хүлээлгэж өгнө гэж төлөвлөж байсан санаг­дана. Гэтэл одоо улаан тоос бужигнасан хэвээр л бай­гаад ямар хариулт өгөх вэ?

-Энэ жилдээ багтаад ашиглалтад орно. Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын эцсийн буудлаас Баянхошууны эцсийн буудал руу явсан маш их эвдрэлтэй замыг өргөтгөн дөрвөн эгнээ болгож шинэчилж байгаа. Аравдугаар сарын 30-нд хүлээлгэж өгөх ёстой. Хичээл сургууль эхэлж ачаалал нэмэгдэхээс өмнө буюу есдүгээр сарын 1 гэхэд хөдөлгөөнийг нээнэ гэсэн зорилттой ажиллаж байна.  Ажлын явц харьцангуй сайн ч газар чөлөөлөх асуудал саад болсоор л... Нэг хоёр иргэний ухамсраас нийтийн эрх ашиг их хамаарч байна шүү дээ.  Улаанбаатар хотод зам барилгын болон аливаа бүтээн байгуулалт хийх үед өмчилсөн газраасаа тав, арван метр татах нь иргэдэд хэцүү мэт санагдавч бүтээн байгуулалтын ажил дууссаны дараа тухайн хүнд, үр хүүхдэд нь, нийслэлчүүдэд асар их хэрэгтэй зүйл гэдгийг ухаараасай. Мэдээж үнэгүй авах гээгүй, хуулийн дагуу нөхөн олговрыг нь өгье гээд байхад өндөр үнэ хэлээд гэдийчихдэг нь их хөрөнгө, цаг хугацаа шаардсан томоохон бүтээн байгуулалтыг удаашруулдаг муу талтай.

-Иймэрхүү байдлаар газар чөлөөлөх ажлаас болоод гацчихсан  өөр ажил бий юу?

-Баянхошууны зам дээр гэхэд 112 нэгж талбар чөлөөлөх зураг төсөлд орсон. Үүнээс бүрэн хэмжээгээр чөлөөлсөн нь 20, 30 хүрэхгүй. Хашаагаа багахан татах, нэг ТҮЦ-ээ буулгах ч юм уу, янз бүрийн асуудал байгаа л даа. Энэ чинь их чухал зам шүү дээ. Цагаан сарын шинийн 1-ний өглөө гэхэд түгжрээд тэг зогсолт хийдэг газар. 30 гаруй жил ашигласан хоёрхон эгнээ зам болохоор арга ч үгүй. Гэтэл үүнийг сайжруулаад өргөтгөөд өгье гэхэд хойш сууж бусдынхаа эрх ашгийг боож байх нь буруу. 

-Байгалийн чулуугаар зам барих ажил мөн хийж байгаа байх аа?

-Найман байршилд ажил хийгээд бараг дууссан. Зарим нь ашиглагдаад үр дүнгээ өгөөд явж байна. Чулуун зам олон талын ач холбогдолтой. Наад зах нь ажилгүйдлийг багасгана. Чулуу бэлтгэхээс эхлээд тээвэрлэх, өрж зам болгох явц дан гар ажиллагаатай, ажиллах хүч их шаарддаг. Дээрх найман байршилд гэхэд нийт 900 хүн ажилласан. Гэсэр сүмийн уулзварын их тойруугаас СУИС-ийн урд талын 260 метр зам ашиглалтад өгсөн. Мөн Хөгжим бүжгийн дунд сургуулийн зүүн талын замыг Денверийн гудамжтай холбосон замыг чулуугаар хийсэн. Бөхийн өргөө орчимд, Гандангийн дэнжид гээд найман байршилд энэ ажлыг хийгээд байна. 

-Бээжингийн гудамжны замын ажлаас үүдэн Хөгжим бүжгийн коллежийн урд зам нэлээд удаан хаалттай байлаа шүү дээ. Энэ тухайд? 

-Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг өргөтгөн шинэчилж байна. Чингис зочид буудлын арын дөрвөн замын уулзвараас ШУТИС-ийн арын дөрвөн замын уулзвар хүртэлх замыг бүх инженерийн байгууламжтай нь шинэчлээд  тус бүр гурван эгнээтэй болгон өргөтгөж байгаа юм. Гэрэлтүүлэг ногоон байгууламж гээд бүх зүйлтэй нь шийднэ. Энэ ажил хоёр гурван хэсгээс бүрдсэн. Жишээ нь: газар доорх инженерийн байгууламжийг Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Монголын компани гүйцэтгэж байна. Үүнийг зургадугаар сарын 1-нд дуусгах байсан ч долдугаар сарын 15-нд дуусгаж хугацаа алдсан. 

-Хэзээ хүлээлгэж өгөх гэрээтэй юм бэ. Замын ажил хугацаандаа амжиж дуусах уу?

-Наймдугаар сарын 20-нд Хятадын төрийн зөвлөлийн дарга манай улсад айлчилна. Өөрийн улсын ЭСЯ-ндаа зочлох ёстой. Хятадууд даргадаа нэлээд ач холбогдол өгч байх шиг байна. Маш шуурхай ажиллаад наймдугаар сарын 18 гэхэд ШУТИС-ийн арын уулзвараас Хөгжим бүжгийн дунд сургуулийн зүүн урд уулзвар хүртэлх хөдөлгөөнийг нээхээр болсон. Үүний дараа хичээл сургууль эхлэхээс өмнө буюу наймдугаар сарын 25 гэхэд Орчлон сургуулиас Денверийн гудамж руу эргэдэг хэсэг хүртэлх замыг нээнэ. Харин гүүрийн хэсэг хаалттай хэвээрээ үлдэнэ. Хуучин гүүрийг нь буулгаад шинээр дөрвөн эгнээ замтай гүүр барьж байгаа болохоор багагүй хугацаа шаардлагатай. Гэрээ ёсоор аравдугаар сарын 30 гэхэд бүрэн нээх ёстой. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг шиг Хятадын буцалтгүй тусламж ч гэлээ Монголын тал нэлээд үүрэг хүлээдэг. Ажиллах хүч тоног төхөөрөмж гээд бүгдийг татвараас чөлөөлдөг. Энд ажиллах 72 ажилтанг гадаад ажилтны татвараас чөлөөлөхөд нийслэлийн төсвөөс 130 сая төгрөг гаргасан. Энэ мэтээр ажиллагаа ихтэй, үйл явц нарийн л даа. 

-Явган хүний гүүрэн гарц энд тэнд харагдах болсон. Цаашдаа хаа хаана барих вэ? 

-Бөмбөгөр орчимд өнгөрсөн өвөл явган хүний гүүрэн гарц ашиглалтад оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх гээд  хүссэн нь төвөггүй зам хөндлөн гарах боломжтой лифттэй гарц болсон. Энэ онд Зуун айлын уулзварын орчимд буюу СБД-ийн нэгдсэн эмнэлгийн урд гүүрэн гарц барьж, баяр наадмын өмнө ашиглалтад оруулсан. Лифт нь энэ сарын дундуур ажиллана. Мөн 120 мянгатад Төв цэнгэлдэхийн автобусны буудлаас хөндлөн гарах зам дээр нэвтрэх гарц барьсан. Ашиглаад эхэлсэн ч лифт нь ажиллаагүй. Одоо лифтээ угсрах ажил нь явж байгаа.

-Шинэ замууд маань эхнээсээ засвар үйлчилгээ шаардлагатай болоод байгааг та бид мэднэ. Замын эвдрэлийг ус зайлуулах хоолой байхгүйгээс боллоо гэхийг олон сонссон. Тэгэхээр замын барилга байгууламжийг шинэчлэхдээ ус зайлуулах шугамаа хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Энэ бол өрөөсгөл ойлголт. Улаанбаатар хот дөрвөн уулын дунд жалга гуу ихтэй газарт оршдог. Борооны ус зайлуулах том далан суваг байхгүйтэй л адил. Баруун талд нэг далан бий. Зүүн талд нэг далан дутуу хийсэн байдалтай л байна. Томхон далан суваг байдаггүй учраас автозам маань тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилготой ч ус урсгах суваг шуудуу болж хувираад байгаа юм. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Ус зайлуулах томхон системүүд ч хийх ёстой. Зам барьж байгаа тохиолдолд ус зайлуулах системийг ч шинэчлэн өргөтгөх ёстой. 

-Ус тогтдог замуудаа яах вэ? 

-Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар их хэмжээний ус тогтдог есөн байршилд борооны ус зайлуулах систем хийж байна. Олимпын гудамж буюу Гадаад харилцааны яамнаас урагш явдаг зам дээр маш их ус тогтдог байсан. Замын сангийн хөрөнгөөр баяр наадмын өмнө борооны ус зайлуулах шугам нэмж хийсний үр дүнд үндсэндээ хуурай зам болсон. Мөн “Ганзам” зочид буудлын арын зам, Амгалангийн эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх замын хоёр талаар нь ус зайлуулах шугам хийж байна. Төмөр замын доогуур хөндлөн сэтэлгээ хийх зөвшөөрөл авах гэх мэт  хугацаа шаардсан ажил ч байна. Гэхдээ үндсэн ажлаа 80 хувьтай  хийгээд байгаа. Мөн Хангарьд ордны хойд талд хуучнаар Гутлын 22-ын зам гэж ус машин хоёр нь явуулдаггүй зам бий. Энд мөн ус зайлуулах систем хийхээр худаг суулгах ажлаа дуусгаад байгаа. Үндсэндээ есөн байршилд ус зайлуулах систем хийсэн. Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтран одоо ус тогтоод байгаа хэдэн байршил буйг судалж үзсэн. 23 байршилд ус тогтдог юм байна. Мэдээж ээлж дараалан шийдээд явна. 

-Есдүгээр сарын 1 дөхөхөөр автозамын ачаалал эрс нэмэгддэг. Энэ үеийн ачааллыг тооцсон байлгүй?

-Нийслэлийн автозамын газар жилийнхээ ажлыг гурав хувааж зохион байгуулдаг. Нэгдүгээр ээлж нь улсын баяр наадам буюу долдугаар сарын 5-ны дотор Улаанбаатар хотын засвартай гол гудамж замуудын тэмдэглэгээг нь хийж, нээх. Хоёр дахь нь есдүгээр сарын 1-ний өмнө сургууль цэцэрлэг эхлэхээс өмнө аль болох бүх замыг нээсэн байна гэсэн зорилт тавьдаг. Энэ жил есдүгээр сар гарахад хаалттай зам, гудамж байлгахгүй. Ганцхан Бээжингийн гудамжны гүүрний орчимд зам хаалттай байна. Гэхдээ түр гүүр хийсэн учраас хүндрэл учрахгүй. 

-Улаанбаатар хотод зогсоол олох үнэхээр хүндрэлтэй болсон. Энэ жил шинээр зогсоол байгуулах ажил огт хийсэнгүй юу? 

-Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт концессын гэрээгээр нэг байршилд зогсоолын тендер зарласан. МУИС-ийн хоёрдугаар байрыг оюутны хотхонтой холбох хамгийн их явган хүний ачаалал авдаг байршилд далд зогсоол байгуулахаар төлөвлөсөн юм. Гэтэл оюутны хотхон учраас оюутнуудтай зөвшилцөж саналыг нь авах хэрэгтэй гээд зогсоосон. Мөн Гурван гал худалдааны төвийг Чингисийн өргөн чөлөөтэй холбосон хэсэгт зогсоол байгуулах байсан ч “Гурван гал”-ын эзэмшлийн газар гээд болиулсан. Далд зогсоолын хоёр ч ажил шийдэж чадсангүй. Төрийн байгууллагуудын зогсоолыг төлбөртэй болгож үзлээ. Төрийн албан хаагчид өглөө хувийн машинтай ирчихээд өдөржингөө үйлчлүүлэхээр ирсэн иргэдийг зогсоолгүй болгочихдог  учраас автобусаар зөөдөг бол, хувийн унааны хэрэглээг багасга гээд 2013 оноос эхлэн дүүрэг, яамдын үүдний зогсоолыг төлбөртэй болгосон. Иргэд машинаа тавиад үйлчилгээгээ аваад зогссон цагаараа төлбөрөө төлөөд яваг гэсэн санаа. Удахгүй төлбөртэй гудамж замын асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэнэ. Гэсэр сүмийн уулзвараас Чингис зочид буудлын уулзвар, Зүүн дөрвөн замаас, баруун дөрвөн зам буюу Энхтайвны өргөн чөлөөг төлбөртэй болгох тухай ч яригдаж байна. Тэгэхээр цаашдаа төлбөргүй зогсоолын хэмжээг өргөтгөх шаардлагатай болно. Зогсоол барих газар байхгүй учраас байгууллагуудын гаднах зогсоолыг ашиглаж болох юм гэсэн санаа ч яригдаж байна. Тухайлбал Долоон буудлаас нэг иргэн орж ирээд 32-ын тойрогт байрлах “Номин” хайпермаркетын зогсоолд машинаа байрлуулаад нийтийн тээврээр төв рүү орох боломжтой байлгах үүднээс. Тухайн газар нь өмчлөлийнх биш нийтийн эзэмшлийнх учраас танай үйлчлүүлж байгаа машинаас гадна иргэд машинаа тавиад нийтийн тээвэрт суугаад явдаг болно гэсэн жишгээр зогсоолын асуудлыг түр шийдэх гэж байна. Хувийнхаа тэргийг ямар ч төлбөргүй газар тавиад нийтийн тээвэрт суугаад явдаг хэлбэрт оруулахын тулд зогсоол маш чухал. Үүнийг шийдэхийн төлөө байршлууд судалж л байна. 

-Шинээр барьсан замыг дараа жил нь дулааны шугам засах нэрээр сэтэлдэг. Одоо ч замын хажуугаар нүх ухчихсан засч л байна? 

-2012 оноос өмнө энэ чинь жинхэнэ замбараагүй байсан. Хотын шинэ удирдлага цахилгаан, дулаан, ус, холбоо зэрэг иргэдийн амьдралын гол судас болсон инженерийн дэд бүтцийн асуудал яамны бүтцэд харьяалагдаж, хоттой ямар ч харилцаа холбоогүй байна гэсэн асуудал тавиад хоёр удирдлагатай буюу хэвтээ тогтолцоонд шилжүүлсэн. Ингэснээр байгууллагуудын дарга нар хотын шуурхайд суудаг болсон. Түүнчлэн хотын бүх ажилтай ажлаа уялдуулдаг боллоо. Одоо дулаан, цахилгаан, ус сувагтай замын ажил байнгын уялдаатай явдаг болсон. Графикаа хамтарч гаргадаг, тэд шугамаа засч байхад нь бид ус зайлуулах хоолойгоо хийх жишээтэй. Гэхдээ ойлголцохгүй зүйл ч гарч байна.  Зам баригдах газар танай шугам сүлжээ байна уу гэдэг тодруулга авахаар байхгүй ээ гэдэг. Гэтэл яг зам барих гээд ухаад эхлэхээр зурагт тусгагдаагүй шугам гарч ирдэг. Үүний тод жишээ гэвэл Баянхошууны замд Ус сувгийн хоёр том шугам гарч ирсэн. Үүнийг зайлуулах хэрэгтэй байна гэхээр мөнгийг нь шийд гэдэг. Гэхдээ урьдынх шиг хэрэлдээд муудалцаад байлгүй, учир зүйгээ олоод боломжоороо шийдээд явдаг болсон л доо. 

Эх сурвалж: Г. Болортунгалаг, "Ардчилал" сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.