Украины 137 иргэн амиа алдлаа

Twitter Print
2022 оны 02-р сар 25-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдсэнээр өнгөрсөн пүрэв гарагт ОХУ-ын дайралтын улмаас  Украины зэвсэгт хүчний 137 цэрэг амиа алдаж, 316 цэрэг шархджээ. 

Украины Хил хамгаалах албанаас мэдээлснээр Украин улсын харьяат  18-60 насны бүх эрчүүдийг Украинаас гарахыг хориглосон ба Ерөнхийлөгч Владимир Зеленский улс даяар цэрэгт дайчлах ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ. 

Украины зарим мужуудад оройны 22 цагаас өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоогоод байна. 

ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны эхний өдрийн байдлаар ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу хэд хэдэн фронтоор довтолж, Украины цэргийн стратегийн ач холбогдолтой объектуудыг агаараас бөмбөгдөж, Оросын талыг баримтлагч босогчдын газар нутаг 6-8 км-ээр өргөжсөн байна. 

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Чернобылийн АЦС орчмын газрыг хяналтандаа авсан нь олон улсын цөмийн эрчим хүчний агентлагууд, байгаль хамгаалах байгууллагуудын түгшээж байна. 

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн мэдэгдсэн байна. 

Барууны улс орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдээ танилцуулсаар байна. Барууны удирдагчид Оросын гол банкууд, төрийн дээд албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ тогтоогоод байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ОХУ-ын эдийн засаг бүрэн уналтанд орох хүртэл тайвшрахгүй хэмээн онцолж, Оросын төрийн өмчит ВТБ банкны эсрэг хориг тогтож, тус банкны бүх хөрөнгийг царцаасан бол АНУ Оросын Альфа-банк, Москва хотын  зээлийн банкны эсрэг хориг тогтоохоо мэдэгджээ . Барууны хориг арга хэмжээнд хараахан багтаагүй байгаа ОХУ-ын Сбербанк банкны хувьцааны үнэ 51 хувиар унаад байна. 

Нөгөө талаас Украины засгийн газар барууны эрх баригчдаас ОХУ-ыг олон улсын Swift төлбөрийн системээс хасахыг шаардаж байгаа ч Европын улс орнууд энэ нь өөрсдийнх банкны тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. 

ОХУ-ын 52 хотод дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан болсон ба жагсаал цуглааны үеэр Оросын хууль сахиулагчид 1700 гаруй хүнийг баривчилжээ. 

НҮБ-аас мэдээлснээр 100 мянга гаруй украинчууд орон гэрээ орхин дүрвэжээ. Украинтай хөрш Польш, Унгар, Молдавийн хил дээр Украинаас гарах гэсэн олон мянган хүн цугларчээ. 

Киев хотын оршин суугчид метроны буудлуудад хоноглож байна. Ихэнх нь хийлдэг гудас, бүтээлэг, уртасгагч залгуур зэрэг шаардлагатай зүйлсээ  авчирсан харагдана. 

Anonymous хакерын бүлэглэл ОХУ-ын эсрэг цахим дайн зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Тус бүлэглэл Оросын Russia Today News сайтын үйл ажиллагааг унагааснаа зарлажээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.