
НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН МИНИЙ ТҮҮХ
Намайг ээж минь ном унш гэхэд нь за болиоч дээ гэсэн харцаар хараад, зүгээр л утсаа оролдоод хэвтдэг байлаа. Утсаараа би бараг л хэрэггүй зүйлс хийж маш олон цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг байж. Гэхдээ тэр дээр надад хэрэгтэй бүх мэдээлэл байв ч тэрийг нь би огт ойшоодоггүй зөвхөн цаг хугацааг хэрхэн нөхцөөх талаар л бодож уйтгартайгаар өдрүүдийг өнгөрөөнө.
Харин би “ухаантай хүн цагийг яаж үр бүтээлтэй өнгөрөөж ямар шинэ зүйлс сурч мэдэх вэ гэх талаар бодож байдаг бол мунхаг хүн цагийг хэрхэн нөхцөөх талаар бодож байдаг" гэдгийг арай сүүлд ухаарсан юм. Гэхдээ би оройтоогүй гэдгээ мэдэж авсан. Учир нь номтой нөхөрлөхөд хэзээ ч хожимддоггүй юм билээ. Яг л "Сурахад хэзээ ч оройтдоггүй" гэдэг шиг. Ном уншина гэдэг нь өөрөө шинийг сурч мэдэж байна гэсэн үг юм.
Нэг удаа миний хоёр өвдөгний бэртэл сэдэрч улмаар хоёр өвдөгндөө хагалгаанд орсон юм. Бүрэн эдгэхэд надад төсөөллөөс минь их хугацаа шаардагдаж байна. Би нэг хэсэгтээ л дуртай спортоороо хичээллэж чадахгүй, дуртай цагтаа гадуур гарч найзуудтайгаа уулзаж чадахгүй, хичээлдээ ч явж чадахгүй, адаглаад босоод хоолоо ч хийгээд идчихэж чадахгүй байлаа. Учир нь хоёр хөлний оронд тэргэнцэртэй шүү дээ. Тэр үед би бүрэн хүний гар харж суух болсон байв.
Ингээд хоёр сарын турш хоногийн 24 цагт бүтэн орон дээрээ хэвтэж байх айхтар албыг хаасан юм. Тэр цаг хугацаа надад хэзээ ч дуусахгүй мэт санагдаж унтах гээд нүдээ анихад хөл минь маш хүчтэй өвддөг байсан болохоор цаг нөхцөөх тийм ч сайн арга болж өгөхгүй л байлаа. Надад нэг цаг өнгөрөхөд яг л бүтэн нэг өдөр өнгөрч байгаа юм шиг мэдрэгдэнэ. Ядаж байхад өвчин намдаагч хэрэглэж болохгүй. Яах вэ. Бурхан минь гэж. Би яг юу хийх ёстой юм бэ. Энэ золигийн нар чинь мандхаараа жаргаж өгөхгүй, жаргахаараа мандаж өгөхгүй юм. Ингэх тусам би улам ихээр өөртэйгээ ярилцаж, өөрийгөө таниж мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй болно. Өөрийн энэ зовлонг бусдад ярихаар ойлгох болов уу. Хэн надад туслах юм гэж бодсон хэвээр.
Эмнэлэгээс гарч улсдаа ирээд нэг л дотно газар ороод суухдаа нэг үе уншихаас залхуураад орхичихсон тоосонд дарагдсан нэг номыг ээжээрээ авахуулан уншлаа. Надад огт залхуутай санагдсангүй. Ном талдаа орж сар гарсан байлаа. Байз. Худлаа байлгүй дээ. Саяхан л нар дээр шарж байсан биш гэж үү дээ. Гайхалтай гэж нилээд сүрхий царай гаргангаа би бодлоо. Ингээд л унтах цаг болчихсон гэж бодохоор л инээд хүрч баярлан хэсэг зуур номоо тэврэн мишээн суулаа. Маргаашнаас нь би номынхоо үг бүрийг шимтэн уншиж, ойлгох тусам улам урамтайг нь гайхаж, өөрийн дотоод ертөнцдөө үйл явдлыг нь төсөөлөн бодно. Өмнө нь интернэтээс уншихад хааяа сонирхолтой ч өөрөө төсөөлөн бодоход тийм ч тохиромжтой биш байсан болохоор ном унших нь надад маш таатай байлаа.
Ном унших нь миний оюун ухааны цар хүрээг тэлж, сэтгэн бодох чадварыг хөгжүүлж, үгсийн санг минь улам аривжуулж байсан нь авууштай. Мөн өдөр ирэх тусам хэл ярианд минь өөрчлөлт орж, өмнөхөөсөө илүүтэйгээр бусдад санаагаа товч зөв ойлгуулж, өгүүлбэрээ оновчтой төгсгөж, дэл сул үг ашиглах маань ч багассан юм. Би өөрт тохиолдсон хүндхэн бэрхшээлийг номын тусламжтайгаар эрхшээлдээ оруулж, маш үр дүнтэйгээр цаг хугацааг боломж болгож чадсан юм даа.
Удахгүй би дахин хагалгаанд орох байх. Тэгэхдээ би өмнөх шигээ цаг хугацааг нөхцөөх талаар огтхон ч бодохгүй. Учир нь уншихийг хүссэн хэдэн зуун хуудас номнууд минь намайг хүлээж байгаа. Эцэст нь амьдрал та нарт хэзээ ч дааж давж чадахгүй зовлонг чинь ирүүлдэггүй. Харин түүнийг сорилт хэмээн хүлээн авч тэмцвээс өмнөхтэйгөө харьцуулашгүй хүн болж хожиж чадна.
Яг одоо та утсаа ухан бусдын амьдралд хушуу дүрэн суухын оронд номын хуудас эргүүлэн уншиж нэг ч гэсэн хүний амьдралд зөвөөр нөлөөлж чадахуйц хэн нэгний тэнгэрт гэрэлтэх од яагаад болж болохгүй гэж.
Хо Ши Мин-ий нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагч Э.Баясгалан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.