Уншдаг хүн хөгждөг: Ном унших аргууд

Twitter Print
2022 оны 05-р сар 12-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Монголын нийгэм хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь ном уншихаа больсных. Ном уншина гэхээр голдуу уран зохиолын ном гэж ойлгох. Хувийн номын сангийн 80-90 хувь нь шинжлэх ухаан танин мэдэхүй байвал өгөөжтэй. Ном уншихгүй учраас цэгцтэй сэтгэлгээ, логик, шинжлэх ухаанч байдал үгүйлэгдээд байх юм. Ном унших чадварын асуудал боловсролын тогтолцооны хувьд ч, уншигч талаас, зохиогч талаас, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ талаас ч заавал хөндөх сэдвийн нэг юм шүү. Мэдлэгггүйгээр, ном уншихгүйгээр, сурч боловсрохгүйгээр нийгэм хөгжсөн түүх ер байхгүй.

Энэ номоос та өөртөө илүү хэрэгтэй номоо яаж сонгох, ном унших үндсэн арга техникүүд, баримтад тулгуурласан өөртөө хэрэг болох мэдлэгийг олж авах аргуудыг уншаарай. Шинжлэх ухаан танин мэдэхүй буюу баримтат бүтээл, уран зохиолын ангилал, төрлүүдийг мэддэг хүн юу уншихаа сайн мэддэг.

Хүн бүхэн уншиж чаддаг гэж өөрийгөө боддог. 35 үсэг нүдэлсэн хүн бүр яг адилхан уншаад ойлгочихдогсон бол хүн бүр л Эйнштэйн, Маркс, Аристотель, Нагаржунай, Ангела Меркель, Барак Обама болчих байсан.

Ном уншихад хэрэглэдэг янз бүрийн түвшний арга, техникүүд бий. Айл гэрийн хувийн номын сан бүрдүүлэхэд анхаарах зүйлс бас олон.

Шинэ номын хэсгээс: УНШДАГ НИЙГЭМ ХӨГЖДӨГ

Энэтхэгчүүд долоо хоногт дунджаар 10 цаг 42 минутыг, тайландчууд 9 цаг 24 минутыг, хятадууд 8 цагийг уншиж өнгөрүүлдэг. Энэтхэгчүүд уран зохиолын биш, амьдралд хэрэг болох танин мэдэхүйн ном уншихыг илүүд үздэг.

Та төсөөлөөд үз дээ, Энэтхэгт 1.4 тэрбум хүн дунджаар долоо хоногт 11 цаг, өдөрт хамгийн багадаа 1 цаг 30 минут идэвхтэй уншиж, эрэл хайгуул хийж байгаа. Зарим нь мэдээж уншихгүй, өндөр настнууд, бага насны хүүхдүүд, боловсрол багатай хүмүүс зөндөө бий. Идэвхтэй уншдаг хэсэг нь өдөрт 4 эсвэл 5-аас дээш цагаар уншиж байгаа гэсэн үг.

Хятадад хотынхон нь илүү их уншдаг. 1 тэрбум 440 сая хүн өөр өөрийн сонирхсон чиглэлээр мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхийн тулд тархиа цэнэглэхийн тулд долоо хоног бүрт дунджаар 8 цаг, илүү их хичээж байгаа залуучууд, оюутнууд суралцагчид нь бүр өдөржин шөнөжин уншиж, өөрийгөө боловсруулж өөр хоорондоо өрсөлдөж байгаа гэж бодоод үзээрэй.

ОХУ-ын Москвагийн метронд хүн бүхэн уншиж байгаа номоо цүнхлээд явдаг, автобусанд ч ялгаагүй. Парисын метро, автобусанд ч ялгаагүй. Гудамжинд тухлан суугаад ном уншиж байгаа хүн олныг эдгээр хотуудад харж болно. Английн насанд хүрсэн хүн амын 50 хувь нь тархиа амраах, таашаах зорилгоор уншдаг, насанд хүрэгч дунджаар долоо хоногт 5 цагийг уншиж өнгөрүүлдэг.

Америкчууд ч бас чамгүй их уншдаг. Тэнд 330 сая хүн долоо хоногт дунджаар 6 цаг орчмыг уншихад зориулж байгаа.

Солонгос, япончуудыг бага уншдаг гэж бодож байна уу? Ажлын ачаалал, ажлын цаг ихтэй учраас аль болох цөөн тооны чанартай эх сурвалж уншихыг хичээдэг. АНУ-ын аль нэг их сургуульд шинэ нээлтийн тухай илтгэл танилцуулах бүрт маргааш өглөө нь л түүнийг Токио, Сөүлд уншчихсан, практикт яаж ашиглах, цааш нь яаж хөгжүүлэх, яаж хамтрах арга замыг аль хэдийн эрэлхийлээд эхэлчихсэн байдаг.

Ийм нөхцөлд цаашдаа аль улс орон илүү хөгжих нь ойлгомжтой. Нийтээрээ уншиж эхлэхгүй л бол дэлхий дахинаас улам бүр хоцрогдож, өдөр ирэх бүрт л хоцрогдлын туйл, харанхуй мунхагийн туйл руу улам бүр ойртож байна даа.

Хүн бүр уншаад эхэлбэл, аяндаа цагаа зөв өнгөрүүлж, нийгмийн бухимдал стресс багасч, хүмүүс хоорондын харилцааны чанар сайжирдаг. Үүнийг бид бусад нийгмүүдээс ажигладаг шүү дээ.

Гэртээ танин мэдэхүйн, шинжлэх ухааны олон төрлийн номтой айлын хүүхэд багаасаа уншаад сурчихсан байдаг. Тэд оюун санаа, мэдлэгээр хэнээс ч хараат биш, эрх чөлөөтэй амьдрах болно.

Сошиал орчинд богино пост унших нь системтэй цэгцтэй мэдлэг өгөхгүй. Ном, ялангуяа шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном унших бол мэдлэг олж авах гол арга юм шүү.

Бямбасүрэнгийн Энхбайгаль

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.