
УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар арилжааны банкуудын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компанийн удирдлагуудтай уулзалт хийж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг. 695 тэрбум төгрөгийн гэрээг арилжааны банкуудтай хийнэ. Мөн тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад олгох үнэт цаасны ажил үргэлжилж байна. Ойрын хугацаанд бонд арилжаалах гэрээг банкуудтай хийснээр энэ ажил дуусна.
16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна" гэлээ.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа. “Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна.
Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа" гэв.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ирг
(202.179.25.88) 2020-02-19 12:03Үнэт НЭРТЭЙ ХООСОН ЦААС,Цэнхэр Ягаан тасалбарын ӨРӨӨСӨН ДУГУЙ
Хариулах