Эрчим хүчний сайд М.Сономпил: Өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Наадмын дараа намар гэдэг. Өнөө жил наадам өргөн дэлгэр болж байна. 118 сумын тэгш ой тохиож, дөрвөн аймаг бүсийн наадмаа хийн дэнж хотойтол сайхан наадлаа. Харин одоо ирэх өвлийн бэлтгэлээ хот хөдөөгүй базаах их ажил эхэллээ. Эрчим хүчний сайд М.Сономдпилээс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар цөөн асуултанд хариулт авсан юм.

-Засгийн газрын хуралдаанд ямар асуудал танилцуулж шийдвэрлүүлсэн бэ?

-Булган аймагт 2010 оноос хойш баригдаж байгаад санхүүжилтгүйн улмаас бүтээн байгуулалтын ажил нь зогсоод буй дулааны станцын талаар шийдвэр гаргалаа. Улсын төсөвт гурван тэрбум төгрөг суулгаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг хэрэгжүүлж, энэ онд ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн. Дулааны станцтай аймаг тус бүрт гурван тэрбум төгрөг төсөвлөдөг. Зарим аймаг энэ мөнгөө хэрэглэлгүй он дамждаг тул Булганы станцын санхүүжилтийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

-Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар танилцууллаа. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 гаруй хувьтай явж байна. Манай салбарынхан зун дуусангуут өвөлд бэлтгэж эхэлдэг. Энэ жил ДЦС-3-ын дэргэд 50 мегаваттын өргөтгөл хийсэн. ДЦС-4-т 120 мегаваттын өргөтгөл хийхээр ид ажиллаж байна.

Ирэх сарын 1-нээс туршиж эхэлнэ. Ямар ч гэсэн дулаан, цахилгааны хувьд Улаанбаатар хот болон аймгуудад доголдол гарахгүй гэсэн итгэлтэйгээр ажиллаж байна. Учир нь Ховд, Увс, Хөвсгөл аймагт шинээр байгуулагдаж буй дулааны станцуудын ашиглалтын өмнөх захиргаа ажиллаж эхэлсэн. Ажиллах хүмүүсээ ч сургаж байгаа. Манай мэргэжлийн хүмүүс тэдгээр аймагт ажиллаж байна. Аравдугаар сарын 1 гэхэд бүгдийг нь ашиглалтад оруулна. Сарын дараа гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьд хүрчихсэн байна.

-Амгалангийн дулааны станцын бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа талаар мэдээлэх боллоо. Ойрын үед шийдвэрлэх үү?

-Энэ станцыг арваннэгдүгээр сарын 15 гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар ажлын явц 76 хувьтай буюу хэвийн явагдаж байгааг холбогдох хүмүүс мэдээлсэн. Гэхдээ Амгалан орчимд бохирын байгууламж байхгүйгээс ажил удаашрах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, бохирын 2.5 км шугам тавьж, хотын төвийнхтэй холбох шаардлага тулгарч байгаа юм. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эл асуудлыг шийдвэрлэнэ.

-Бохирын шугам тавих асуудал яагаад гэнэт сөхөгдөх болов. Станцын ажил эхэлж байхад шийдэх боломжгүй байсан юм уу?

-2014 оны төсвийн төсөлд бохирын шугам тавих хөрөнгийг тусгасан байсан ч хасагдчихсан юм. Засгийн газар ойрын хугацаанд тодорхой шийдвэр гаргах байх.

-ДЦС-2 энэ жил хэвийн ажиллах уу?

-Уг станцын дэргэд утаагүй түлшний үйлдвэр байгуулахтай холбоотойгоор нэг зуух нь ашиглагдахгүй байсан ч дээрх төсөл бүтэлгүйтсэн тул зуухаа буцааж авахаар болсон. Тиймээс ДЦС-2 бүрэн хүчин чадлаараа ажиллана.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.