БНСУ-ын шорт трекийн од тамирчинг үндэсний шигшээ багаас хасчээ

Twitter Print
2021 оны 10-р сар 15-нд 11:45 цагт
Мэдээний зураг,

2018 онд дасгалжуулагчийнхаа зүгээс биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдэж, олон нийтийн анхааралд өртөж байсан БНСУ-ын шорт трекийн тамирчин Шим Сүк Хигийн өөр нэг дасгалжуулагчтай бичилцсэн мессежүүд ил болсонтой холбоотойгоор түүнийг үндэсний шигшээ багийн бэлтгэлээс хасч, түүний 2022 оны Бээжингийн Өвлийн Олимпын наадамд оролцох эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Олимпийн хоёр удаагийн аварга Шим Сүк Хи 2018 онд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Чой Жэбомын зүгээс биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдэгдэж, дасгалжуулагч Чой Жэбомд шүүхээс 13 жилийн хорих ял оноож байсан билээ.

Тэгвэл Шим Сүк Хигийн 2018 онд шигшээ багийнхаа өөр нэг дасгалжуулагчтай бичилцсэн мессежүүд ил болсноор түүний спортын ирээдүй бүрхэг болоод байгааг БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

2018 онд БНСУ-ын Пёнчан хотод болсон Өвлийн Олимпын наадмын үеэр Шим Сүк Хи өөр нэг дасгалжуулагчтай нийлэн шигшээ багийнхаа тамирчид болох Чой Мин Жён, Ким А Лан нарыг дооглон бичилцсэн нь ил болжээ.

Түүнчлэн Шим Сүк Хи Олимпын наадмын 500 м зайн хагас шигшээ тоглолтонд шалгарсан багийнхаа тамирчин Чой Мин Жёныг дэмжихийнхээ оронд Хятадын тамирчин Цюй Чуюуг дэмжиж байсан талаараа бичсэн байжээ.

Мөн 500 м зайн уралдааны финалын тоглолтонд шалгарч чадаагүй Чой Мин Жён тоглолтын дараа өгсөн ярилцлагынхаа үеэр уйлсан явдлыг Шим Сүк Хи дасгалжуулагч руугаа бичсэн мессежиндээ "Чой Мин Жёний өгсөн ярилцлага хог байлаа." хэмээн тодорхойлж, шорт трекийн 3000 м зайн реле уралдаанд түрүүлсэн БНСУ-ын шигшээ баг хасагдах ёстой байсан, багийнхныхаа хамтаар алтан медаль авсандаа ичиж байгаа талаараа бичжээ.

2018 оны Пёнчаны Өвлийн Олимпын наадмын үеэр шорт трекийн 1000 м зайн уралдааны үеэр Шим Сүк Хи багийн тамирчин Чой Мин Жёны хамтаар оролцож, хоорондоо мөргөлдөн унасан ба үүний үр дүнд Чой Мин Жён 4-р байранд орж, Шим Сүк Хи тэмцээнээс хасагдсан билээ.

Тэгвэл Шим Сүк Хигийн ил болсон мессежүүдээс тухайн үед Шим Сүк Хи санаатайгаар Чой Мин Жёнтэй мөргөлдсөн байж болзошгүй баримтууд ил болжээ.

БНСУ-ын Тэшүүрийн спортын холбоо уг асуудалтай холбоотойгоор шалгалт явуулж байгаа бол Шим Сүк Хи дээрх мессежүүдийг бичиж байх үедээ дасгалжуулагч Чой Жэбомын биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөнтэй холбоотойгоор сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.