
“April Fool’s Day” буюу бидний хэлж заншсанаар Инээдмийн Баяр нь дундад зууны үеийн Франц улсаас анх үүдэлтэй хэмээн үздэг байна. Тухайн үед шинэ жилийг дөрвөн сарын нэгэнд тэмдэглэдэг байсныг Ромын Пап Грегори 1562 онд нэг сарын нэгэн болгож өөрчилсөн юм. Гэвч мэдээлэл удаан тархдаг байснаас болж энэхүү өөрчлөлтийг мэдээгүй эсвэл үл итгэсэн хүмүүс цөөнгүй байсан байна. Тэднийг “fools” буюу үгчлэн орчуулвал тэнэгүүд хэмээн дууддаг байжээ. Хүмүүс шинэ оны өөрчлөлтийг мэдэхгүй нэгэндээ хуурамч шинэ жилийн урилга явуулах гэх мэтээр даажигнадаг байсаар сүүлд нь ийнхүү инээдмийн баяр болж төлөвшжээ.
Инээдмийн баяр нь цаашлан Англи, Шотланд, Америкт мөн өргөн тэмдэглэгддэг болсон юм.
Франц, Италид хэрвээ хэн нэгэн бусдын хошигнолд хууртагдвал түүнийг “Fish of April” буюу дөрөвдүгээр сарын загас гэж дуудна. Учир нь тухайн сард загас дөнгөж өндөгнөөсөө гардаг учир, загасчдад баригдахдаа амархан байдаг ажээ.
Англи, Америкчуудын дунд нэгнийхээ нуруун дээр бичиг наах, саван шампуний доторхийг солих мэт энгийн аргаар нэгнийгээ чадаж хөгжилдөх нь элбэг.
Харин бид өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг, түүхэн хууралтуудаас шилдэг гэснийг түүвэрлэн хүргэж байна.
Ерөнхийлөгч Никсоны дахин нэр дэвшилт
1992 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Үндэсний радиогийн "Talk of the Nation" хөтөлбөрийн үеэр Ричард Никсон гэв гэнэт өөрийгөө дахин ерөнхийлөгчид нэрд дэвшүүлж байгаагаа мэдэгдэв. “Би ямар ч буруу зүйл хийгээгүй, тийм ч учраас энэ үйлдэлээ дахин давтана” хэмээн сонгуулийн яриагаа үргэлжлүүлсээр байв. Тэр даруй шоконд орсон олон мянган сонсогч нар радио руу утасдаж зарим нь уур хилэнгээ илэрхийлж байв. Хөтөлбөрийн хоёрдугаар хагасаас хөтлөгч Жон Хокенбэрри энэ нь хошигнол байсныг мэдэгдэн, Никсоний хоолойг Рич Литл гэгч хошин шогийн жүжигчин дуурайлган ярьж байсныг хэлжээ.
"Edgecumbe" галт уулын дэлбэрэлт
1974 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Аляск мужийн Ситка хотын хажууд байрладаг галт уулын дээгүүр хар утаа бүрхэж эхлэв. Хотын иргэд галт уул дэлбэрэх гэж байна уу хэмээн сэтгэл түгшин гэр орноосоо гарч ирцгээж байлаа. Харин аз болоход энэ утаа нь байгалийн биш хүний гараар бүтсэн утаа байж. Порки Бикар гэгч марзан нөхөр уулын дээд хэсгээр хуучин машины дугуйн хамернууд шатааж хотынхноороо даажигнасан байжээ.
Сиднейгийн Мөсөн Уул
1978 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Аварга том мөсөн уул чирсэн ачааны усан онгоц Сиднейгийн боомтод ойртож байв. Хүмүүс ч үүнийг их хүлээж байлаа. Хотын саятан, бизнесмен Дик Смит дээхэн үеэс л хойш Өмнөд туйлаас мөс чирч авчрах тухайгаа бусдад ярьдаг байжээ. Энэ нь ийнхүү бүтсэн бололтой гэж хүмүүс бодоцгоож байв. Түүний хэлснээр, Хойд туйлаас чирж авчирсан цэнгэг усны хүйтэн мөснөөс жижиг мөсөн шоо гарган иргэддээ шоо бүрийг арван центээр зарна гэж хэлсэн байж. Ойр хавийн радио станцууд ч мөн цаг алдалгүй хотын бүх хүмүүст сайн зарлаж байв. Гэтэл боомтонд ойртож бараа нь илүү сайн харагдах үеэр мөсөн уулын нууц нь задрах нь тэр. Гал унтраадаг хөөс, сахлын хөөснөөс бүрдсэн энэ уул нь цагаан нейлон даавуугаар бүрхэгдсэн байсан бөгөөд боомтонд ирмэгцээ салхинд хийсэн угаагдаж алга болсон гэж ярьдаг.
“Өнгөт зурагт”
1962 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Шведийн SVT (Sveriges телевиз) өөрсдийн техникийн мэргэжилтэн Kjell Stensson-р дамжуулан нэгэн онцгой мэдээг үзэгчиддээ зарлах болсноо мэдэгджээ. Олон нийтийн телевиз нь технологийн дэвшлийн ачаар өнгөтэй болсоныг анх удаагаа мэдэгдсэн байна. Хамгийн сонирхолтой хэсэг нь зурагтныхаа дэлгэцний дээгүүр нейлон оймс буюу бидний хэлдэгээр шилэн трико татсан байх ёстой гэж хэлсэн байна. Дараа нь тэрээр өөрөө үүнийг дүрслэн үзүүлэх гэж бэлдэхэд олон мянган үзэгчид яаран гэрээсээ нейлон оймс хайж байсан гэдэг.
Харамсалтай нь бодит өнгөт телевиз Шведэд 1970 оны дөрөвдүгээр сарын нэгэнд анх гарж эхэлсэн юм.
Швейцарийн шпагеттиний гоймон ургадаг модны талбай
1957 оны дөрөвдүгээр сарын нэгэн. BBC-ийн шинэхэн цацагдаж эхэлсэн Panorama нэвтрүүлгийн булангаар нэгэн сонин мэдээ гарч гэнэ. Тэд хэлэхдээ: "Дулаан өвөл болж мөн хортон шавьжуудыг цагт нь устгаж чадсаны ачаар Швейцар тариаланчид шпагеттиний модноосоо ургац сайн хурааж байна..." гэсэн аж. Үргэлжлүүлэн Швейцарийн фермерүүд модноос шпагеттиний гоймон хураан авч байгаа бичлэг гарж эхлэхэд ихэнх үзэгчид үүнд итгэсэн байна. Тэд BBC-рүү утасдаж яаж өөрсдийн шпагеттиний модоо тарих вэ гэж асуухад, тэдний хариуд BBC юу ч болоогүй мэт "улаан лоольний лаазанд залуу мөчир суулгаад дараа сайн зүйл болно гэж найдах хэрэгтэй" гэж дипломатаар хариулсан байна.
Энэ мэдээг хараад итгэх үгүйгээ мэдэхгүй BBC-ийн ерөнхий захирал хүртэл номноос энэ мэдээллийн талаар хайж байсан гэдэг. Энэхүү мэдээ нь инээдмийн баярын бүх үеийн хамгийн их шагшин магтагддаг мэхлэлтэд тооцогддог юм байна.
1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан гэдэг.
1993 оны энэ өдөр Сан Диего хотын радиогоор тус “хотын нисэх буудалд онц шалтгааны улмаас сансрын хөлөг газардахаас өөр аргагүй болжээ” гэж мэдээлжээ. Сансрын хөлгийг үзэх гэсэн хотын иргэд бүгд нисэх буудалд ирж, нисэх рүү орох зам маш том бөглөрөө үүсгэсэн гэдэг.
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утас цохисон гэдэг.
1998 оны энэ өдөр Бостон хотын радиогоор “Хотын дарга Томас Менио нас баржээ” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээг хүлээн авсан хүмүүс хотын даргын гэрийн гадна эмгэнэл илэрхийлж байхад Томас гэрээсээ гэнэт гарч ирээд “Би амьд байна. Баярын мэнд, тэнэгүүд ээ” гэжээ.
1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.
Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхагийг буулгаж Диснейлэндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.
2010 онд “CNN” агентлаг “Саддам Хуссен манай агентлагт ярилцлага өгөхийг зөвшөөрлөө” гэх мэдээллийг сайтдаа нийтэлжээ. Энэхүү ярилцлагын үзэх гэж 14 сая үзэгч “CNN” агентлагт сувгаа тааруулжээ.
АНУ-ын үндэсний радиогоор “iBod” хэмээх хүний бие удирддаг шинэ төхөөрөмж “Walmart” худалдааны төвд 14 ам.доллароор зарагдаж байна” гэх мэдээлэл цацагджээ. Энэхүү төхөөрөмжийг авах гэж тус төвийн гадна 20 мянган хүн цугларсан байна.
2013 оны энэ өдөр “ВВС” агентлаг оцон шувуу нисч буй бичлэгийг сайтдаа байршуулжээ. Тус агентлагийн сэтгүүлчид “оцон шувуу үнэхээр нисдэг” хэмээн твиттертээ жиргэж, үзэгчдээ жинхэнэ утгаар хуурсан гэдэг. “ВВС” агентлаг дээрх хууралтаараа “жинхэнэ тэнэглэл” шагналыг хүртжээ.
Эх сурвалж: hoaxes.org
Англи хэлнээс орчуулсан:
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.