Биед үүсэх эсрэгбие нь сүүгээр дамжиж нярай хүүхдийг халдвараас хамгаалах нөлөөтэй гэж үзэж болно

Twitter Print
2021 оны 07-р сар 31-нд 08:52 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын хэмжээнд 2021 оны 07.30 өдрийн байдлаар коронавируст халдварын нийт 162 869 тохиолдол бүртгэгдсэн байдалтай байна.

Албаны хүмүүсийн мэдээллээс харахад жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварт өртөх байдал нэг хэсэг ихээхэн анхаарал татаж байсан бол энэ өдрүүдэд бага зэрэг буурах хандлага ажиглагдаж байгаа гэнэ. Энэ сайн хэрэг шүү.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2809 жирэмсэн эх халдвар авсаны 436 нь одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Өссөн дүнгээр 5300 орчим жирэмсэн эмэгтэй вакцины 1-р тундаа хамрагдаад байгаа хэдий ч энэ нь харьцангуй муу хамрагдалт гэж үзэж байгаа юм байна (ХӨСҮТ-ийн мэдээлэл).

Албаны хүмүүсийн ярианаас үүний шалтгаан олон янз байгаа аж. Жирэмсэн эмэгтэйчүүдийн шинжлэх ухааны буруу ташаа мэдээлэлд үндэслэсэн вакцины эсрэг ойлголт, түүнээс улбаалсан айдас хүйдэс, үл итгэх байдал, эсвэл магадгүй тусахгүй байх гэсэн хэнэггүй байдал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.

Тэгвэл жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин үр дүнтэй бас аюулгүй байна гэсэн нэг судалгааны үр дүнг товчхон танилцуулахыг зорьлоо.

ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД КОРОНАВИРУСИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮР АШИГ БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДАЛ / ИЗРАЙЛ

Жирэмсэн эмэгтэйчүүдэд шинэ коронавирусийн (SARS-CoV-2) эсрэг Pfizer-BioNTech (BNT162b2) вакцин тариулах нь вакцин хийлгээгүйтэй харьцуулахад SARS-CoV-2 вирусийн халдвар авах эрсдлийг эрс бууруулдаг болохыг Израилийн Тель-Авив Их Сургуулийн судалгааны баг жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн кохорт (retrospective) судалгаагаар олж тогтоосон байна.

Өмнө нь жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцины III үе шатны туршилт судалгаанд хамруулаагүй байсантай холбоотойгоор жирэмсэн эмэгтэйчүүдэд Pfizer-BioNTech вакцины үр нөлөө, аюулгүй байдал нь ямар байгаа талаарх мэдээлэл дутмаг байсан юм.

Эх сурвалж: JAMA. Published online July 12, 2021. doi:10.1001/jama.2021.11035

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН БА ХИЙЛГЭЭГҮЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ, ТУС БҮР 7530 ТОХИОЛДОЛД SARS-COV-2 ВИРУСИЙН ХАЛДВАРЫН ХАРЬЦУУЛАЛТ

Израилийн Эрүүл Мэндийн даатгалын байгууллагын “Maccabi Healthcare Services” мэдээллийн санг ашиглан 2020 оны 12-р сарын 19-нөөс 2021 оны 2-р сарын 28-ны хооронд, жирэмсний хугацаанд BNT162b2 mRNA вакцины эхний тунгаа хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг олж тогтоон, 2021 оны 4-р сарын 11 хүртэл дагаж судалсан байна. Вакцин хийлгээгүй хяналтын бүлэгт вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдтэй нас, жирэмсний долоо хоног, оршин суугаа газар нутаг, үндэс угсаа, төрөлтийн түүх, томуугийн вакцинжуулалт зэргээр 1:1 харьцаатай ижилсүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг сонгож авсан байна. Ингээд вакцины эхний тун хийлгэснээс хойш 28 хоногийн дараа SARS-CoV-2 вирусийн халдварын тархалт ямар байгааг PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдолуудад судалж үзжээ.

Судалгаанд вакцин хийлгэсэн бүлэгт 7530 тохиолдол, вакцин хийлгээгүй хяналтын бүлэгт 7530 тохиолдол тус тус байсан бөгөөд жирэмсний 2-р үедээ байгаа нь 46%, 3-р үед байгаа нь 33%, дундаж нас нь 31.1 нас байжээ.

ВАКЦИНЫ ЭХНИЙ ТУН ТАРИУЛСНААС ХОЙШ 28 ХОНОГИЙН ДАРААХ SARS-COV-2 ХАЛДВАРЫН ТАРХАЛТ ОЙРОЛЦООГООР 80% БУУРСАН БАЙНА

Гол үр дүнгийн дагаж судалсан голч утга 37 хоног.

Ажиглалтын хугацаа дуусахад SARS-CoV-2 халдвар авсан нийт тохиолдлын тоо вакцины бүлэгт 118, хяналтын бүлэгт 202 батлагдсан байна. Халдвар авсан тохиолдлуудын вакцин хийлгэсэн 105 тохиолдлын 88-д (83.8%), хяналтын бүлэгт 179 тохиолдлын 149 (83.2%)-д нь тус тус шинж тэмдэг бүхий халдвар батлагдсан байна.

Вакцины эхний тун хийлгэснээс хойш 28-70 хоногийн дараа SARS-CoV-2 халдвар батлагдсан нь вакцины бүлэгт 10 тохиолдол, хяналтын бүлэгт 46 тохиолдол байсан.

Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүлгийн халдварын эрсдэл 0.33% ба 1.64% байсан бөгөөд энүүний үнэмлэхүй ялгаа нь 1.31%, аюулын харьцаа 0.22 (95% CI, 0.11-0.43) буюу өөрөөр хэлбэл халдвар авах эрсдэл 78%-р мэдэгдэхүйц буурсан гэсэн үг.

Вакцины аюулгүй байдлын хувьд вакцин хийлгэсэн бүлэгт вакцинтай холбоотой 68 сөрөг үзэгдэл бүртгэгдсэн бол харин ноцтой сөрөг хариу үйлдэл үзүүлээгүй байна. Гол илэрсэн хариу урвалуудад толгой өвдөх (10 тохиолдол, 0.1%), биеийн ядаргаа (8 тохиолдол, 0.1%), өвөрмөц бус өвдөлт (6 тохиолдол, <0.1%), ходоод өвдөх (5 тохиолдол, <0.1%) тус тус бүртгэгдсэн байна.

Миний бодол:

За вакцины үр ашиг олон улсад хийгдсэн судалгаагаар ийм сайн байхад манайд яагаад вакцинд хамрагдалт тааруухан байна вэ.

Мэдээллийн эх сурвалжийг зөв сонгох нь энгийн иргэдэд амаргүй асуудал. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Байден "Ташаа мэдээлэл нь хүмүүсийн амь насыг хохироож байна" хэмээн мэдэгдэж, нийгмийн сүлжээний томоохон компаниудыг вакцины талаарх буруу мэдээлэлтэй тэмцэхэд хангалтгүй хүчин чармайлт гаргаж байна хэмээн буруутгаж байсан.

Хэдийгээр нийгмийн сүлжээгээр хэн ч юу ч ярьж хэлж болох ч вакцины эсрэг шинжлэх ухааны бус ташаа мэдээллийг үүгээр дамжуулан олон нийтэд түгээх нь COVID-ийн үр дагавар, нас баралттай шууд холбоотой тул хариуцлага өндөр, магадгүй бүр гэмт хэрэг ч гэж ойлгож болох байх гэж бодож байна.

Өнөөдрийн хувьд одоо байгаа вакцинууд бидэнд цор ганц найдвар хэвээр байсаар байгаа. Хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх, үнэн зөв мэдээлэл дамжуулах, өөрийгөө болон хайртай гэр бүлээ хамгаалахын тулд вакцинжуулалтын үр нөлөө, ач холбогдлыг энгийн олон нийтэд зөвөөр таниулж ойлгуулах, сурталчлах асуудал туйлын чухал болов уу гэж боддог.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн коронавируст халдварын эсрэг вакцинжуулалттай холбоотой өнөөдөр шинжлэх ухаанд мэдэгдэж, батлагдсан байгаа зарим нэг мэдээллийг дор сийрүүлэв.

Жирэмсэн үед шинэ коронавирусийн халдварт өртөхөд ялангуяа жирэмсний сүүлийн хугацаанд бол илүү хүндрэх магадлалтай. Ийм тохиолдолд нийтлэгээр хэлэхэд вакцин хийлгэхийн үр ашиг нь эрсдлээсээ илүү давуу гэж үзэж болно.

Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд маань mRNA вакцин хийлгэх хэрэгтэй, мөн хийлгэсэн нь ч хожих байх.

Вакцинжуулалт үр дүнтэй хийгдэж байгаа гадаадын улс орнуудын жирэмсэн эмэгтэйчүүдийн вакцинжуулалтын талаархи мэдээллээс харахад жирэмслэлтийн эрт үед жирэмсэн эх, хэвлий дэх ураг хоёуланг нь хамгаалдаг болох нь харагдаад байгаа. Үүнээс гадна эх болоод урагт зулбах гэх мэт ноцтой хүндрэл гарсан тухай мэдээлэл алга байна.

Чихрийн шижин, цусны даралт ихсэлт, гуурсан хоолойн багтраа гэх мэт суурь өвчтэй жирэмсэн эмэгтэйчүүд бол бүр ч заавал вакцин хийлгэхийг хичээх хэрэгтэй.

АНУ-д шинэ коронавирусийн эсрэг mRNA вакцин хийлгэсэн 35,691 жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар халуурах, ядрах зэрэг хариу урвалын давтамж нь жирэмсэн бус эмэгтэйчүүдийнхтэй ижил түвшинд байгаа болохыг тогтоосон байгаа. Мөн вакцин хийлгэсний дараа жирэмсэлсэн 827 хүний мэдээллээс харахад зулбах, дутуу төрөлт, ургийн өсөлт хоцрогдох, төрөлхийн гажиг, нярайн эндэгдэл болох магадлал вакцин хийлгээгүй жирэмсэн эмэгтэйчүүдийнхтэй ялгаагүй байгааг олж тогтоосон байна.

Эх сурвалж: Shimabukuro., et al., Preliminary Findings of mRNA Covid-19 Vaccine Safety in Pregnant Persons. N Engl J Med, 2021. 384(24): p. 2273-2282.

Вакцин хийлгэсэн болон хийлгээгүй жирэмсэн эхчүүдийн зулбалтын түвшин ижил байгаа тухай Их Британид хийсэн судалгааны үр дүн байна.

Эх сурвалж: Male, V., Are COVID-19 vaccines safe in pregnancy? Nat Rev Immunol, 2021. 21(4): p. 200- 201

Коронавирусийн эсрэг вакцин (ялангуяа жирэмсэн эмэгчүүдэд хийгдэж байгаа mRNA вакцин) үргүйдэлд хүргэж буй шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.

Одоо байгаа вакцинуудад ч гэсэн тарилга хийснээс болж үргүй болох тохиолдол гараагүй. мRNA вакцин хийсний дараа түүний бүрэлдэхүүн хэсгүүд бие махбодид хэрхэн тархаж байгааг хархан дээр радиоизотопоор тэмдэглэгдсэн mRNA вакцин тарьж хийсэн туршилт судалгаанд тарьсан вакцин өндгөвчнд бараг хүрдэггүй болох нь тогтоогдсон (нийт 0.095% ба түүнээс бага).

Тарьсан вакцины ихэнх нь тарилгын талбайд үлдэж, тарилгын талбайнаас гадна элгэнд хуримтлагддаг (тарилгын 18% орчим) юм байна.

Эх сурвалж: SARS-CoV-2 mRNA Vaccine (BNT162, PF-07302048) 2.6.4 Фармакокинетикийн судалгааны тойм.

Туршилтын хархнуудыг mRNA вакцинаар вакцинжуулж, дараа нь хослуулж, жирэмслүүлсэн туршилт судалгаанд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй бүлгүүдийн хооронд жирэмслэлтийн түвшин, хүүхдийн тоо ялгаа байгаагүй байна.

Эх сурвалж: Bowman, C.J., et al., Lack of effects on female fertility and prenatal and postnatal offspring development in rats with BNT162b2, a mRNA-based COVID-19 vaccine. Reprod Toxicol, 2021. 103: p. 28-35.

Мөн вакцины эмнэлзүйн туршилтын явцад зарим хүмүүс жирэмсэн болсон, эсвэл ихэс тогтохын өмнө вакцин хийлгэсэн ч ямар ч асуудалгүй жирэмсэлж байгаа тохиолдлууд байна.

Эх сурвалж: Shimabukuro., et al., Preliminary Findings of mRNA Covid-19 Vaccine Safety in Pregnant Persons. N Engl J Med, 2021. 384(24): p. 2273-2282.

Бас нэг сонирхолтой асуудал бол жирэмсэний явцад mRNA вакциныг хийлгэхэд хүүхдэд дархлаа шилждэг эсэх асуудал. Тэгвэл эсрэг биетүүд ихэсээр дамжин ураг рүү шилждэг тул энэ нь төрсний дараа нярайг халдвараас хамгаалах нөлөө үзүүлдэг байх магадлалтай.

Эх сурвалж: Beharier, O., et al., Efficient maternal to neonatal transfer of antibodies against SARS-CoV2 and BNT162b2 mRNA COVID-19 vaccine. J Clin Invest, 2021. 131(13).

Хөхүүл эмэгтэйчүүд mRNA вакцин хийлгэж болох уу? Вакцин хийлгэсний дараа хөхний сүүгээ хуурай сүү болгон өөрчлөх ёстой юу? Хөхний сүүгээр нярай хүүхдэд дархлаа шилжих үү? гэх мэт асуудлуудад хариултууд гарч ирсээр байна.

Тэгвэл хөхүүл байсан ч вакцин тариулж болно. mRNA вакцин хийлгэсэн шалтгаанаар хөхний сүүг хуурай сүүгээр орлуулж өөрчлөх шаардлагагүй. mRNA вакцин нь хөхний сүү хүртэл явахгүй. Харин вакцин тариулсаны улмаас биед үүсэх эсрэгбие нь сүүгээр дамжиж нярай хүүхдийг халдвараас хамгаалах нөлөөтэй гэж үзэж болно.

Хүүхдээ хөхүүлж хооллож байсан 84 эхэд mRNA вакцин хийлгэсний дараах хөхний сүүг нь шалгаж үзсэн судалгаанд эхний тунг хийлгэснээс хойш 2 долоо хоногийн дараа 61.8%-д нь, 2 дахь тун хийлгэснээс хойш 1 долоо хоногийн дараа 86.1%-д хөхний сүүнд эсрэгбие илэрсэн байдаг.

Эх сурвалж: Perl, S.H., et al., SARS-CoV-2-Specific Antibodies in Breast Milk After COVID-19 Vaccination of Breastfeeding Women. JAMA, 2021. 325(19): p. 2013-2014.

Эцэст нь mRNA вакцин нь эмэгтэй хүний эрүүл мэндэд урт хугацааны нөлөө үзүүлэх эсэх асуудал хүмүүсийн гол мэдэхийг хүссэн асуудал байдаг болов уу.

Тэгвэл эрэгтэй эмэгтэй гэлтгүй аль ч хүйсийн хүмүүс ялгаагүй тариулсан вакцины бүрдэл болох mRNA нь биемахбодид маш богино хугацаанд задардаг тул тариулсан хүний ген хүртэл нэвтэрч орох асуудал байхгүй тул урт хугацааны нөлөө үзүүлэхгүй гэж эрдэмтэд үзэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдээ халдварт өртөхөөс нь өмнө mRNA вакцинд (одоо манайд байгаа нь Pfizer-BioNTech) түлхүү хамруулахыг хичээмээр л байна.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.