Нойр ажлын бүтээмжид шууд нөлөөлдөг

Twitter Print
2023 оны 03-р сар 06-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Нойр

Нойр, хоол, хөдөлгөөн, сэтгэл санааны байдал, хөгжим хүний сурах чадвар, ой санамж болон сэтгэц, биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар болон ер нь нийтлэг боловсролын шинэчлэлийг тархи, мэдрэл судлал талаас нь авч үздэг.

Хүн хэдийгээр амьдралынхаа ⅓-ийг унтаж өнгөрөөдөг боловч бас энэхүү нойр нь бидний сурах, таних, санах чадамжууд, сэтгэл зүйн болоод биеийн эрүүл мэндэд онцгой, магадгүй бүр хамгийн чухал нөлөөтэй боловч ер нь яг үнэлэгдэх ёстой хэмжээндээ үнэлэгддэггүй мэт.

Нойр бол муу, нойр бол залхуу, нойрыг алгасаж амжилтанд хүрнэ гэдэг ойлголт яваад ч байдаг юм шиг. Сурах бол нойроо хас, амжилтад хүрэх бол унтахаа багасга гээд л. Ажил ундарсан завгүй үед унтчих гэхээр гэм хийгээд байгаа ч, хамаг амьдралаа үрээд байгаа ч юм шиг нэг тийм сонин мэдрэмж. Танил сонсогдож байна уу? Тэгвэл нойр гэж юу вэ, нойрсох үед бидний бие дотор юу болдог вэ, өсвөр насныхан яагаад нойрмоглох нь элбэг байдаг вэ, нойр дутуу явбал юу болдог талаар цуврал хэдэн блог бичье гэж бодлоо. Чухал боловч шоовдор энэ нэгэн сэдвийг хөндөе.

Circadian rhythm буюу дотоод хэмнэл

Төсөөлбөл хүний биеийн дотор нэг том сэрүүлэгтэй цаг орчихсон, хэзээ унтах, хэзээ сэрэх, хэзээ хооллох гээд л дохиог өгөөд, бидний биологийн хэмнэлийг өдрийн 24 цагийн туршид оновчтойгоор зохицуулаад байж байдаг бөгөөд үүнийг шинжлэх ухааны хэллэгт circadian rhythm гэж нэрлэдэг юм байна. Энэ хэмнэлийн дагуу бидний бие махбодь ажиллаж, шаардлагатай дааврыг зохих цагуудад ялгаруулан, бие эрхтэний үйл ажиллагааг зохицуулна.

Тэгэхээр нойр энэ хэмнэлтэй яаж холбогдох вэ гэхээр өглөө болоод нар гарангуут одоо сэрнээ, сэргэлэн цовоо болноо гэдэг дохиог “төв удирдлагад” өгөх бөгөөд харанхуй болохоор бас дохио өгөөд л, нөгөө бие маань мелатонинаа ялгаруулаад шууд нойрмоглуулаад л, унтахад бэлдээд эхэлдэг юм байна. Бид энэ дотоод хэмнэлийн дагуу унтаж амарч байхгүй бол нойрны чанар алдагдах, нойргүйдэх эрсдэл үүсэхээс гадна улмаар сэтгэл санаа тогтворгүйтэх, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ч үүсэх аюул бий. Дэлхийн хүн амын тун цөөхөн хувь нь бусдаас арай өөр дотоод хэмнэлтэй байж болох бөгөөд эртэч шувуу, шөнийн ууль гэж нэршлээр илүү танил сонсогдох байх. Гэхдээ тун цөөхөн хувь нь л ийм гэнэ шүү. Таны цаад өгөгдөл тийм биш үед шөнийн ууль гэж өөртөө итгүүлээд, шөнө цагтаа унтахгүй, маргааш нь манараа нь гарахгүй яваад байвал тун аюултай байх нь.

Нэг сайхан мэдээ нь 1, 2 удаадаа нойр алдах нь харьцангуй гайгүй, хэмнэл горимдоо ороод явахад асуудалгүй сайхан сэргэдэг гэнэ. Харамсалтай нь тогтсон хэмнэл байхгүй, орой унтаж, өглөө сэрэх цаг нь янз янз яваад л байвал, орой сайхан орондоо орчихоод утасны гэрэлд нойроо хугаслуулаад, шөнийн нойроо дутуу үнэлээд явбал асуудалтай.

Бидний хэр бүтээмжтэй байх нь энэхүү дотоод хэмнэлээс маш их хамаарах ба нарны гэрэл, тогтвортой, тогтсон унтлагын хуваарь, каффэйны зохистой хэрэглээ, унтахын өмнөх зөв дадал, утсаа үзэхгүй байх, аль болох сэтгэл санаагаа тайван, эерэг байлгах зэрэг нь эрүүл хэмнэлтэй байж, бүтээмжтэй амьдрах үндсэн суурь болно гэсэн зөвлөмжүүдийг эрдэмтэд өгдөг юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.