Цэргийн алба гэдэг нэр төрийн алба биш, нэргүй ял болжээ

Twitter Print
2021 оны 04-р сар 02-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Шуугиан тарьсан асуудлаас болоод, хэдий богинохон хугацаанд ч гэсэн цэрэгт байсан үе маань санагдаж байх юм. Миний үед цэрэгт дэг байсан, гэхдээ бид түүнийг өнөөгийнхөөс арай өөрөөр хүлээж авдаг байж. Арга ч үгүй биз ээ, цаг үе нь өнөөгийнхөөс эрс өөр байсан юм шүү дээ, тэр үед болзошгүй дайны эхлэл бараг хаяанд ирчихсэн мэт түгшүүртэй, хаа сайгүй Монголын хилийн дагуу байрласан хятадын цэргийн дивизүүдийн тоог яриастай, орос, монгол цэргийн хээрийн хамтарсан том том сургуулиуд ойр ойрхон болоостой, цөмийн болон химийн зэвсгээс хамгаалах аргыг дунд сургуулиас эхлээд л заагаастай үе байж. Ялангуяа цэрэгт үүнийг бүр ч илүү мэдэрдэг, дайн гэдэг бол би ч өөрөө биечлэн оролцож магадгүй, ер нь их ойрхон үйл явдал гэж хүлээж авдаг байлаа. Тиймээс, яагаад ч юм, шинэ, хуучин цэргийн ялгаа яг өнөөдөр хичнээн байлаа ч гэсэн, юмыг яаж мэдэх вэ, маргааш, нөгөөдөр нөгөө хэцүү нэрт маань гэнэт эхлээдэхвэл, бидний оны ялгаа хуугаараа арилж, өнөөдөр дэглэж байгаа, дэглүүлж байгаа хоёр нэг л дошин дээр зэрэгцэн хэвтэж, дашмагныхаа ёроолд үлдсэн сүүлчийн балга усаа хувааж, нэг нь шархадвал нөгөө нь боож, хоёулаа суманд оногдвол нэг нүхэнд зэрэгцээд хэвтэнэ гэдгээ илүү сайн ойлгодог байсан санагдана. Дарга нар ч энэ талыг бол сайн хэлнэ. Тийм болохоор дэг гэдгийг арай зөөлөн хүлээж авдаг байж дээ. Дэгийг айхавтар тээршааж байсангүй, аль болох тэсээд өнгөрдөг байсан нь, энэ бол цаг зуурын үзэгдэл, үүний цаана эх орноо хамгаалагч гэсэн нэр төрийн алба байгаа гэдгийг ойлгодог байснаас болсон шиг.

Карантинд байх үед ангийн цугларалт болж, өмнөх оныхон бүгд ирчихээд байсан үе. Дөнгөж сая татагдсан, дарайсан хувцастай, өлөн цагаан бөөс, сулхан томсон дээс шиг, амь нь хаанаа юм гэмээр бидний дэргэд дээд оныхон маань ажийн бор ааруул шиг тос даасан, мариалаг, нүд дүүрэн, зовхи нь өөдөө бор эрчүүд уулнаас бууж ирснийг хараад дөнгөж жилийн өмнө эд бас л бидэн шиг амьтас байсан даа гэж бодоход итгэмээргүй санагдаж билээ. Ажил, агаар хоёр хүнийг ингэж л өөрчилдөг гэдгийг анх удаа нүдээр үзэж байгаа маань тэр. Бид ч бас жилийн дараа ийм л болно доо гэж бодоход юуг ч тэсч давмаар болоод явчихсан асан.

Одоо бол байдал өөр, бид хоёр хөрштэйгөө ноцтой маргаангүй үе таарч, дайны аюулын тухайд ярихаа ч байж, харин Ардчилал, хүний эрхийн асуудлыг дээр доргүй ярьдаг болж. Цэргийн алба хаах гадаад орчинд чанарын ийм том ялгаа гарчихаад байхад яг хуарангийн нөхцөл нь бахь байдгаараа өнөөг хүрч байгааг юу ч гэж ойлгомоор юм бэ дээ. Бидний үеийнхний ойлгодгоор бол цэрэг, арми гэдэг нь ганцхан бүхэл цогц, дэм дэмэндээ байж л амжилтанд хүрдэг нэг биет. Чухамдаа үүнийг ойлгосон учраас л албандаа амархан дасч, нөхөдтэйгээ ах дүүс шиг ижилдэж, халагдахдаа доголон нулимстай салдаг байсныг би өөрөө үзээгүй ч, тэр үеэс л түүх сонирхон судлах шаардлагын үүднээс цэргийн шинжлэх ухааны зохиол бүтээлийн хуудас эргүүлж, цэргийн амьдралыг сонирхон судалж байсны хувьд багцаална. Энэ нь ч намайг хараа муугаа нууж байгаад цэрэгт явахаар зүтгэхэд хүргэсэн хэрэг.

Сүүлийн үеийн гадны кинонуудад дайсны бөөн хүчтэй ганцаархнаа тэмцэж, будаа болгодог гайхамшигт, ид шидийн гэмээр хүмүүсийн тухай гардаг, ялангуяа Сталлоне, Шварценеггер, Чак Норрис, Ван Дамм нарын тоглосон кинонууд, гэхдээ энэ нь зөвхөн кино, орчин үеийн Бушхүүгийн үлгэр л юм, амьдрал дээр ийм юм байдаггүйг бүгд мэднэ. Мэдээж, баатрууд байдаг, гэхдээ тэр баатрын ард салаа, суман, хорооныхон, дивизийнхэн байгаагүй бол ямар ч баатрууд төрөхгүй байсан нь тодорхой.

Гэтэл саяхан 100 жилээ тэмдэглэж, дээр доргүй савсан зэвсэгт хүчний, өнөөдөр албаа хааж байгаа цэргүүдэд ийнхүү нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн ухамсрыг суулгах ямар ажил хийгддэг юм бэ? Ёстой мэддэг хүн шиг хэлье, ямар ч ажил хийгддэггүй. Өнөөгийн цэргүүд гэдэг бол дүйцүүлэх албаны мөнгө төлж чадахгүйгээсээ болоод татагдаж, ижил хувцас өмсөж, нэг хуаранд амьдарч, нэг шугаман дээр жагссанаас цаашгүй, нэг жилийн хугацааг хоног тоолон хүлээсэн эрээвэр хураавар залуучуудын цуглуулга төдий болсон. Энд ёстой л хамгийн ухамсаргүй нь эрх мэдлийн балыг амталж, чадалгүйгээ зоргоороо дээрэлхэн таашаал авдаг харанхуй ертөнц ч бий болсон. Өөрөөр байхын ч аргагүй юм. Тавхан хүнтэй хадлангийн бригадад ч нэг атамаан байдаг, энэ олон залуучууд цугларсан газарт бусдыг дарамталж, доромжилж таашаал авах гаж сэтгэхүйтэй цөөн хэдэн хүн байж л таарна.

Шинэ цэргийн сэтгэл зүй гэж ойлголт байдаг. Багаасаа ээж, аавынхаа гар дээр дураараа тоглож өссөн хүүхдийг нэг л өдөр дасч дадсан орчноос нь салгаж, анх өмсөхөд их эвгүй ногоон хувцас, хүнд гутал өмсгөөд, огт танихгүй олон залуучуудын дунд оруулчихаад, мөрдэс дээрээ саатай, одтой бүхэн нь "Зэрэгц, номхон" гэж том дуугаар зандраад эхлэхээр хэн ч гэсэн барьц алдана, гэр орноо санана. Яг л шоронд орчихсон юм шиг өөрийгөө сэтгэнэ. Үүнийг өмнө татагдаад энэ байдалд дассан зарим нь овжин ашиглаж, дарамталж, доромжилж, юмыг нь булааж, ар гэрийнхнээсээ дата авч миний утсанд хийлгэ, мөнгө авчруулж надад өг гээд эхэлнэ. За гэсэн ч зодно, үгүй гэсэн ч зодно. Тэгэхээр нөгөө "Бид эх орноо хамгаалах зорилгоороо нэгдсэн нэг цогц" гэсэн ойлголт яаж суух юм бэ?

Уг нь дайны аюул холдож, цэргийн алба хаах нөхцөл сайжрахын хэрээр цэрэгт шинээр ирсэн залуучуудын сэтгэл зүйг бэлдэх, шинэ нөхцөлд түргэн дасгах, бусадтай нь ойртуулах, ойлгуулах, ухамсарлуулах шинэ шинэ үндэслэл, аргыг гаргаж ирэх нь Яамны үүрэг, хэрэгжүүлэх нь анги нэгтгэлүүдээр ажиллаж байгаа офицер ахлагч нарын үүрэг байх ёстой, гэтэл аль аль нь энэ талаар юу ч хийсэнгүй өдий хүрлээ. Тэрнээс болоод хайран сайхан залуучууд тахир татуу болж, зарим нь амь насаа алдаж байна, гэтэл дарга нар нь, Яам нь "ийм явдал болсон нь харамсалтай, ар гэрийнхнээс нь уучлал гуйж байна, нөхөн олговрын ая бодно оо, тайван амгалан байцгаа" гэсэн жижүүрийн хэдэн үгээр ам таглах гэж оролдоно.

Хөөрхий тэр талийгаач хэрэв амьд байсан бол албандаа дасч дадсан үедээ дэлхийн ямар халуун цэгт ямар гээчийн гавьяа байгуулж, хэдэн хүнийг аварч, Монголынхоо нэрийг гаргах байсныг хэн мэдлээ. Даанч ийм боломж олдсонгүй дээ. Цэргийн алба гэдэг нэр төрийн алба биш, нэргүй ял болжээ.

Чимэдийн Энхээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.