Нэрт тагнуулч, Монгол улсын баатар Ц.Олзвой

Twitter Print
2014 оны 08-р сар 12-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Өнөө жил Халх голын түүхт ялалтын 75 жилийн ой тохиож байна. Энэхүү тулалдаанаас олон баатрууд төрөн гарч эх орон тусгаар тогтнолынхоо төлөө алтан амиа өргөсөн. Монгол улсын баатар, Армийн генерал, БХЯ-ны сайд асан Б.Дорж, Монгол улсын гарамгай баатар, хурандаа Л.Дандар, нэрт тагнуулч, Монгол улсын баатар Л.Гэлэгбаатар, Монгол улсын баатар Ц.Олзвой нарын мэндэлсний 100 жилийн ой мөн 2014 онд тохиож байгаа аж. Дээрх баатруудын эх орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан гайхамшигт үйл хэргийн тухай манай сайт цувралаар хүргэж байна.

"Энэ биеэ Монгол төрийн сэлэмний ир, жадны үзүүр хэмээн сэтгэж гагцхүү Монгол төрийн төлөө үрэгдэхэд харамсах гарзгүй" Ардын Хатанбаатар ван Магсаржав…

Монгол улсын баатар Цэндийн Олзвой 1914 онд Засагт хан аймгийн Манибадар гүнгийн хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид алба хааж Тамсагбулаг дахь YI морьт дивизийн 17 дугаар хорооны I суманд шилжин иржээ. Удалгүй 1939 оны тавдугаар сарын 17-нд YI морьт дивизийн 17 дугаар хороо шийдвэрлэх тулаанд оролцохоор Хайлаастайн голд хүрч ашигтай байрлал эзлэхээр дөхөж очтол Японы арми гэнэт өөдөөс нь их буу, пулемётоор ширүүн гал нээжээ.

Энэ үед хорооны дарга Л.Дандар, пулемётчин Ц.Олзвойг дуудаж “Хороо гол гаталж Хайлаастайн голын хойд талын манханг эзлэх хүртэл дайсны галыг өөрийн хөнгөн пулемётын галаар барьж хангах хэрэгтэй” гэж тушаажээ. Ц.Олзвой баатар элсэн манхан дотор ашигтай байрлалд пулемётоо байрлуулаад, дайсны галын цэгүүд болон бөөн хүчийг пулемётоор галлаж, Японы хүнд пулемёт болон нэг салаа цэргийг устгаж, тэднийг ухрахад хүргэсэн байна. Мөн  1939 оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн тосч, нэг машин цэргийг нь устгасан. Улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин, зэр зэвсгийг нь олзлон авч байжээ.

Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд Японы эсэргүү армийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан нэрт тагнуулч, пулемётчин Ц.Олзвойд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнасан байна. Мөн түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын төвд босгож, цэрэг ба НАХХЭЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар Улсын баатар Ц.Олзвойг түүний суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн I курсын I тасагт “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм.

Хэдийгээр Халхын голын байлдааныг Япончууд хилийн маргаан, дайн биш гэж үздэг цаг хугацааны шалгуураар Халх голд болсон тулалдааныг дайн гэж цэргийн мэргэжилтнүүд үздэг билээ. Эх орон тусгаар тогтнолын төлөө алтан амиа өргөсөн нэрт тагнуулч, улсын баатар Ц.Олзвойн тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан Ерөнхий сайд асан, БНМАУ-ын маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны сайд асан П.Шагдарсүрэн “Тэр үед Япончууд Зөвлөлт рүү давшилт хийхэд түшиц газар болгож Монголыг сонгож авч цэрэг оруулсан. Халх голын тулалдаан бол Азид болсон томоохон дайны нэг. Ц.Олзвой жинхэнэ баатар бослон. Өөрийнхөө хүчээр баатар болсон хүн гэдгийг би баттай хэлнэ” гэж дайчин нөхрийнхөө тухай дурсан ярьсан байдаг.

 

Монгол улсын ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч Шаравын Сүрэнжав

Ерэн баатрын дууль

Халх голын хөвөөнд 
Ерэн баатар төржээ 
Халх голын хөвөөнд 
Ерэн баатар нойрсжээ 
Хан тэнгэрт цоройж 
Ерэн хөшөө гэрэлтжээ 
Хөшөө тийш очих 
Ардын зам баларсангүй 
Хөсрийн өвс ургаж 
Аглагшиж ер битүүрсэнгүй
Свердловскийн гудамжаар 
Аавтайгаа хөтлөлцөөд 
Сэргэлэн оддын учрыг 
Асууж явсан орос хүү 
Севастополийн цэцэрлэгт 
Амрагтайгаа болзоод 
Сэтгэл шигээ цагаахан 
Алчуур солилцсон хар хүү 
Цэргийн шинель өмсөж 
Галт тэргэнд суухдаа 
Цэцэн буу мөрөвчилж 
Газрын холыг зорихдоо 
Цэнхэр униарт талын 
Наран мандах зүг рүү 
Цэлмэг тэнгэр шиг нүдээрээ 
Насандаа марташгүй харсан юм 
Ханан дахь хуанлын тоо 
Гучин есийг зааж 
Харандааны үзүүр зураг дээр 
Халх голыг зурж 
Хайлааст манханы оройгоор 
Дарийн утаа маналзаж, 
Хатуу хилэнт өдрөөр 
Дайсанд үхэл зарласан 
Яг тэр мөчид 
Ерэн баатар төржээ 
Ялалтын тугаа өргөхөд нь би 
Эхэлж хорвоод мэндэлжээ. 
Ерэн эрийнхээ хойноос 
Ерэн эхнэр уйлж 
Ерэн эцгийнхээ хойноос 
Ерэн хүүхэд сарвайж 
Ерэн хүүгийнхээ хойноос 
Ерэн эх шаналж 
Хичнээн ерэн зүрх 
Хэн, хэний зүрх 
Хэдий болтол шархалж 
Хэцүү бэрхээр өнчрөв 
Свердловскийн буудлаас 
Ачийгаа үдсэн өвгөн 
Севастополийн цэцэрлэгээс 
Амрагаа мөрөөдсөн бүсгүй 
Москвагийн сургуулиас 
Аавыгаа хүлээсэн хүү 
Монголоос ирэх шууданг 
Хичнээн их харуулдаа бол! 
Нижигнэсэн бууны дуугаар 
Ерэн баатар төрөхөд 
Нэг насаа олоод 
Ирж байсан хүү би 
Нинжин сэтгэлтний хагацлаас 
Уйлах гэж хожимдсонгүй 
Нижгэр их ялалтыг 
Дуулах гэж хожимджээ. 
Гайхамшигт алдры нь дуулъя гэж 
Үгээ бодлоо 
Гандашүй гавьяагий нь дурсая гэж 
Үзгээ авлаа 
Хорвоод дуурстал аялая гэж 
Хоолойгоо заслаа 
Хойч үедээ дурсгая гэж 
Сэтгэлээ өглөө 
Идэмхий дайсныг хяргасан 
Сүрт зэвсэг дотроос нь 
Илд буу хоёрыг нь 
Сүлд болгон зөрүүлж 
Египтийн хааны босгосон 
Пирамидаас өндөрт 
Ерэн баатрын хөшөө 
Эгц дээшээ мандаж байна. 
Рябцев В.И 1939-8-25 
Степанюк М.С 1939-8-25 
Жлудков А.В 1939-8-28 
Прядко А.Н 1939-8-30 
Энэ олон нэр. 
Ерэн баатрын нэр! 
Нэр бүхний хойноос 
Өнчирч уйлсан нүд 
Нэр бүхний цаанаас 
Өрөвдөж хайрласан зүрх 
Дээгүүр нь үүл нүүж байна. 
Дэргэдүүр нь ус урсаж байна. 
Хажуугаар нь ой шуугиж байна 
Харин эд чив чимээгүй! 
Харьтныг алхуулаагүйдээ 
Уужирч амарсан юм шиг 
Халх голыг өгөөгүйдээ 
Сэтгэл нь ханасан юм шиг 
Харуулын албандаа 
Үнэнч цэрэг хэвээрээ… 
Хязгаарын газартаа 
Үлдэж хоцорч дээ…

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.