Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Жэ Мён үс уналтын эсрэг эмчилгээг даатгалаас төлөх ёстой гэсэн нь маргаан дэгдээлээ

Twitter Print
2022 оны 01-р сар 07-нд 11:54 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Жэ Мён үс уналтын эсрэг эмчилгээний зардлыг БНСУ-ын эрүүл мэндийн даатгалаас гарах ёстой хэмээн мэдэгдсэн нь иргэдийг талцуулаад байна.

Нэр дэвшигч И Жэ Мён ийнхүү мэдэгдэл хийсний дараагаар түүнд үс уналт, үс халцралттай тэмцэж буй иргэдийн нийгмийн сүлжээн дэх бүлгүүдээс түүнд талархаж, түүний саналыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас оролцох гол нэр дэвшигчээр сонгогдсон И Жэ Мёний мэдэгдсэнээр БНСУ-д ойролцоогоор 10 сая хүн үс уналттай тэмцэж байгаа ба тэдгээрийн дийлэнх нь эх оронд нь үс уналтын эсрэг эмчилгээ маш өндөр зардалтай байдаг учраас гадаадаас хямд эм тариа захиалж, зарим нь үс уналтандаа хямдыг нь бодож түрүү булчирхайны үрэвслийн эсрэг эм хүртэл хэрэглэдэг аж.

И Жэ Мён өнгөрсөн лхагва гарагт үс уналтын эсрэг эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалаас төлдөг болох ёстой хэмээн мэдэгдсэн ба өөрийн фэйсбүүк хуудаснаа, "Үс уналтын эсрэг эмчилгээний тухайд танд ямар хүндрэл бэрхшээл тулгарсан талаараа мөн үүнийг төрийн бодлогод хэрхэн тусгах талаарх санал бодлоо бидэнтэй хуваалцаарай. Би үс уналтын эсрэг эмчилгээний төгс бодлогыг танилцуулах болно." хэмээн бичжээ.

Нийгмийн сүлжээ хэрэглэгчид түүний энэхүү мэдэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлсээр байгаа бол БНСУ-ын сөрөг хүчнийхэн И Жэ Мёнийг популист мэдэгдэл хийлээ хэмээн шүүмжилжээ. Өмнө нь эмчээр ажиллаж байсан сөрөг хүчний намаас нэр дэвшигч Ан Чёл Су И Жэ Мёнийг хариуцлагагүй мэдэгдэл хийлээ хэмээн мэдэгдэж, Ерөнхийлөгчид сонгогдсон тохиолдолд үс уналтын эсрэг эмчилгээнд хэрэглэгддэг эмийн үнийг буулгаж, үс уналтын эсрэг шинэ эмчилгээ боловсруулах төслийг санхүүжүүлнэ хэмээн амлажээ.

БНСУ-ын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр И Жэ Мён амлалтаа биелүүлсэн тохиолдолд энэ нь БНСУ-ын даатгалын тогтолцооны санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэдгийг онцолж байна.

И Жэ Мён Кёнги мужийн амбан захирагч байхдаа коронавирусын халдварын тархалтын эсрэг хатуу арга хэмжээ авч, иргэдийн орлогыг дэлхийн жишигт хшргэх амлалтаараа иргэдийн дунд алдартай болж, Ерөнхийлөгчид өрсөлдөх гол нэр дэвшигчдийн нэг болсон аж.

Жежүгийн Үндэсний их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны сургуулийн профессор И Сан Иний хэлж байгаагаар үс уналтын эсрэг эмчилгээнд зарцуулагдах хэдэн зуун тэрбум вон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог ганхуулж, хүнд өвчин эмгэгтэй иргэдийн эмчилгээнд мөнгө хүрэлцэхгүй болох эрсдэл үүсэх аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.