Танихгүй эмэгтэйн захидал (5-р хэсэг)

Twitter Print
2014 оны 08-р сар 11-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий. Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа.

Эжээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу тэтгэвэрийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү, миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэвэрийн газрыг одоо ч санахад аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим тасалгаанд хөөж аваачсан байлаа.

Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө, тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг. Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд ярихаасаа өнгөрлөө.

Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж. Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ. Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй. Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг зэмлэн яллаж байна.

Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос буцахгүй дээ хайрт минь. Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн нас барлаа. Хэзээ ч тохиолдлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ, цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй.

Би чамаас хүүгий чинь удаан хугацаагаар нууж явсан билээ. Одоо би чамдаа урьдынхаасаа ч илүүгээр хайрлан дурлаж байгаа юм шиг санагдах мөртөө энэ бүхэн миний тэсэшгүй зовлонг даанч хөнгөлж чадахгүй юм даа. Чам шиг аз жаргалтай хүний амьдрал надаас холуур өнгөрч би хоёр хүнд бус ганцхан хүүдээ, өөрийнхөө тэжээж өсгөх ёстой, тэврэн үнсч чадах ганц хүүдээ л өөрийгөө зориулахыг хүссэн юм. Би чамд дурласан сэтгэлээ буруутгалгүй харин ч хувь тавилангаас зайлсхийсэн мэт болж түүнээс хойш чи надад огт өөр хүн санагдаж, танай байшин руу ховорхон, дэндүү цөөхөн очдог болж билээ.

Би харин жил бүр чиний төрсөн өдрөөр, бид хоёрын хамт өнгөрүүлсэн анхны шөнийн маргааш чиний надад бэлэглэсэн цагаан сарнайтай яг адил сарнайг чамд алгасалгүй илгээж байсан. Миний яг төрсөн өдрөөр, энэ сарнайнуудыг хэн надад хаанаас илгээгээд байна гэж арван гурван жил өнгөрөхөд ганц ч удаа болохноо өөрөөсөө асууж үзсэн үү? Хэн нэгэн бүсгүйд ийм цагаан сарнай бэлэглэснээ санасан ч байж магадгүй. Гэхдээ би хэзээ ч чиний хариултыг мэдэж чадахгүй л дээ.

Жилд ганцхан удаа чамд цагаан сарнай илгээхдээ би тэр нэгэн учралыг дурсаасай гэж л хүсдэг байлаа. Чи хүүгээ хэзээ ч мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол чи хүүдээ хайртай байж болох байсан, чамаас хүүгээ нуусандаа одоо л гэмшиж байна. Чи хөөрхий хүүгээ хэзээ ч хараагүй. Яг л чинийх шиг бодлогоширсон том хар нүдээрээ хэрхэн инээдэг байсныг чи нэг ч хараагүй. Баяр хөөр гэрэлтсэн нүд нь надад бүхнийг орлодогсон. Тэр чинь ямар энхрий хөгжилтэй хүү байв даа. Чиний дүрэлзсэн шаргуу зан чиний юм бүхэн түүнд шингэсэн байлаа. Хүү минь бүтэн цагаар ч хамаагүй ямар нэгэн тоглоомоор өөрийгөө саатуулж (яг л чиний амьдралаар тоглодог шиг) дараа нь ном уншихдаа хөмсгөө зангидан анхаарлаа төвлөрүүлж удаан суудагсан. Хүү чинь чамайг дэндүү дуурайсан юм шүү. Хүүд минь хоёрдмол хөнгөн, буурьтай зан чанар аль эртнээс бүрдэж, миний ухаан алдан дурлаж байсан чамайг давтсан юм шиг санагддаг байсан. Хүү минь сайн сурдаг, францаар шаазгай шиг шулганадаг, дэвтрүүд нь хамгийн цэвэрхэн байдаг байлаа. Хар хилэн костюм, усан цэргийн цагаан хүрэмтэйгээ тун ч аятайхан харагддагсан.

Градогийн наран шарлагын газар хүүгээ зугаацуулж явахад хүүхнүүд түүний минь шаргал үсийг илж, гуалиг сайхныг нь шагшдаг байсан. Земмерингэд чаргаар гулгахад нь хүмүүс түүнийг бахдан хардаг байв. Хүү минь тийм хөөрхөн энхрий амьтан байсан юм. Өнгөрсөн жил Терезанумын дотуур байртай сургуульд ороод, тэндээс тавьж өгсөн дүрэмт хувцсаа өмсч бяцхан сэлмээ зүүчихээд байгаа нь XYIII зууны үеийн язгууртны цэргийн сургуулийн сурагч шиг харагддаг байсан. Гэтэл одоо хөөрхий минь гараа цээжин дээрээ зөрүүлээд уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна. Чи надаас хүүгээ яаж тийм дээдсийн зиндааны хүмүүжлээр хүмүүжүүлж тийм санаа амар хөнгөн амьдралаар бялхуулж байсан юм бэ гэж асуух байх.

Гэвч би чамтай нүүр тулж суугаад ярьж байгаа биш болохоор ичихгүй байна. Хайрт минь бүү айгаарай. Би биеэ худалдаж байсан юм. Чиний хүү баян тансаг амьдралд булхаж чиний зэрэгт өсч, чиний амьдарч байгаа тэр л хүрээнд амьдраасай гэж би хүссэн. Зөвхөн үүний төлөө л би биеэ худалдсан юм. Энэ явдлаа би бузар булай юм гэж бодоогүй. Учир нь миний биед ойртсон чи л надад хамаатай цорын ганц хүн байсан бөгөөд бусдын хувьд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй. Ямар ч утга илэрхийлдэггүй байсан юм. Эрчүүд намайг үнэн сэтгэлээсээ хандан энхрийлж байсан ч би тэднийг хүндэтгэдэг байсан хэдий ч би өөрийнхөө хязгааргүй хайр сэтгэлээс өөрийг бодож тэвчдэггүй байлаа. Миний таньж мэддэг хүн бүхэн намайг хайрлаж хүндэтгэдэг байсан юм.

Нэг хижээл насны бэлэвсэн гүнтэн намайг төрсөн охин шигээ хайрлаж хүүг минь Терезаниумын гулгуурын талбай руу авч явах гэж босгыг минь элээх шахдаг байлаа. Намайг гэрлэе гэж гурав дөрвөн ч удаа гуйсан. Хэрвээ тэгсэн бол би гүнтний хатан болж Тирол дахь үлгэрийн юм шиг харшид залран сэтгэл төвдөх юмгүй, хүү минь ч сайхан сэтгэлтэй хүндэт эцэгтэй, би тайван дөлгөөн сайхан ханьтай болж болох л байсан. Би түүний сэтгэлийг хүлээж аваагүйгээрээ хөөрхийг ямар их зовлонд унагаснаа харсаар байж зөвшөөрөөгүй. Хэрвээ би тэр үед чамтай хэзээ ч таарсан сул чөлөөтэй байх ёстой гэж бодож байгаагүй бол өдийд хаа нэгтэй газар амар жимэр сууж хүү минь ч ээжтэйгээ хамт байж л байх байсан даа гэж бодогдох юм. Хүүхэд наснаасаа мөрөөдсөн чамтайгаа хэзээ нэгэн цагт заавал уулзана, чи намайг дуудна гэдэг бодол сэтгэлийн минь мухарт үргэлж байсаан. Тиймээс чиний анхны дуудлагаар ч чам дээр очиход ямар ч татлаа түлхээгүй чөлөөтэй байхыг хүсч байв. Аль хүүхэд байхын л миний хүсэл бүх л амьдралынхаа туршид чамайг хүлээсэн хүлээлт байлаа. Хүсэн хүлээсэн цаг минь ч ирлээ. Гэвч тэрний тухай чи юу ч мэдэхгүй шүү дээ. Хайрт минь.

Тэр үед чи намайг бас л таниагүй одоо бол бүр хэзээ ч мэдэхгүй. Би урьд нь чамтай театр, концерт, Нратергийн гудамжинд зөндөө л дайралдаж, дайралдах бүртээ зүрх минь шимширдэг байлаа. Чи намайг ердөө ч таньдаггүй байсан. Мэдээж миний гадаад төрх охин байсан үеийнхээсээ асар их өөрчлөгдөж үнэтэй тансаг хувцас өмссөн шүтэн бишрэгчид намайг хаа ч явсан хүрээлж байдаг байсан бөгөөд хүмүүс намайг сайхан хүүхэн гэдэг байсан юм. Тийм болохоор чи намайг бүдэг гэрэлтэй унтлагынхаа өрөөнд харсан туранхай хүүхэн гэж яаж мэдэхэв дээ. Намайг дагалдан явсан эрчүүдийн хэн нэг нь хааяа чам руу толгой дохин мэндлэхэд чи хариу мэхийхдээ намайг зүгээр л найрсаг зангийн үүднээс зэрвэс хараад өнгөрч байлаа. Чиний харц ямар хачин хөндий хүйтэн үл таних харц байдаг байсан гэж бодноо. Намайг Танихгүй байдагт чинь би бараг дасаж байтал намайг тэсгэлгүй зовоосон нэг учрал болсныг би санаж байна. Театрт юм үзэхээр очоод лоожинд сууж байтал чи хажууханд сууж харагдав. Хөгжим эхэлж гэрэл унтрахад чиний царай надад харагдахаа болив.

Гэвч тэр нэгэн шөнийх шиг чиний амьсгаа ойрхон сонсогдож чиний энхрий зөөлөн гар надаас хилэн хөшгөөр л тусгаарлагдаж байв. Намайг хэзээ нэгэн цагт энхрийлэн таалж байсан энэ гарыг бөхийгөөд шуналтайгаар үнсэх юмсан гэдэг тэсгэлгүй хүслэн намайг эзэмдэв. Сэтгэл түгшүүлэм хөгжмийн ая ухаангүй явдал хийх гэж байсан миний уруулыг чиний гарт хүрэхээс өмнө тогтоон барилаа. Нэгдүгээр бүлгийн дараа би хамт яваа хүнээсээ намайг хүргэж өгөхийг хүслээ. Би чамтай ийм ойрхон харанхуй газар тэвчин сууж чадсангүй. Гэхдээ хүссэн цаг маань ирсэн гэдгийг би түрүүн хэлсэн билээ. Миний нэрвэгдэн сүйдсэн амьдралд сүүлчийн удаа тэр цаг ирсэн гэдгийг би хэлэх гэсэн юм. Энэ бүхэн одоогоос жилийн өмнө чиний төрсөн өдрийн маргааш нь болсон билээ. Хачирхалтай нь би өдөржин чиний тухай бодсон.

Яагаад гэвэл би чиний төрсөн өдрийг баяр шиг тэмдэглээд сурчихсан юм. Өглөө эрт сурсан зангаараа гэрээсээ гарч чамд зориулан цагаан сарнай худалдаж аваад тэртээд мартагдсан цагийн дурсгал болгон чамдаа илгээлээ. Өдөр нь хүүтэйгээ хамт гулгаад дараа нь Демелийн амттаны дэлгүүрт оров. Ямар нэгэн баяр тэмдэглэж байна гэдгээ хүүдээ мэдэгдэхгүйн тулд орой нь театрт очив. Маргааш орой нь би тэр үед найзалж байсан Брюинээс ирсэн үйлдвэрийн эзэн залуу найзтайгаа хамт концерт үзэв. Бид хоёр жилийн турш харьцаатай байсан боловч тэр намайг бусдын нэгэн адил хайрлан хүндэтгэж гэрлэхийг хүссэн мөртлөө ямар ч тодорхой шалтгаангүй татгалзсан хариу сонссон нэгэн байв. Надад тусалж, хүү бид хоёрт бэлэг өгч сайн сайхныг хүсдэг боломжийн сайн хүн байсан билээ. Бид концерт дээр танилуудтайгаа тааралдаж хамтдаа Рингштрассе зоогийн газар оройн хоол идэхээр явцгаав. Наргиан цэнгээнтэй байсан тул Габерены бүжгийн танхим руу очихыг би санал болгов. Би тиймэрхүү газар очихоос голдуу татгалздаг байсан учир нь тэнд дэндүү шуугиантай согтуучууд бөөнөөрөө байдаг байсан юм. Гэтэл намайг тайлбарлахын аргагүй нэг хүч тийш нь чангааж найз нар маань ч уухайн тас зөвшөөрлөө.

Яагаад дургүй юмандаа дурлаад байгаа гэдгээ би өөрөө ч мэдээгүй боловч тэнд хэн нэгэн хүн намайг хүлээж байгаа ч юм шиг нэгэн үл үзэгдэх хүчин намайг тийш нь хөтөлж байлаа. Миний хамт явсан нөхдүүд намайг ихэд хүндэтгэдэг болохоор тэр дороо л босож Габарен руу явцгаав. Тэнд шампаан дарс ууж, би урьд хэзээ ч байгаагүй галзуу юм шиг аашлан хөгжиж байлаа. Ямар хөгжилтэй байсан гэж санана. Би уугаад л…шалиг дуу дагаж дуулаад л…хэрвээ жаахан л удсан бол босоод бүжиглэх юм уу, эсвэл танхим дүүрэн тачигнатал хөхрөхөд бэлэн байсан. Гэнэт би чамайг олж хараад галд хайрагдсан ч юм шиг, мөсөнд хайруулсан ч юм шиг зүрх минь хачин оргиод явчихыг мэдрэв. Чи хажуу талын ширээнд нөхөдтэйгээ суучихсан намайг өнөөх л сэтгэл зүрхийг минь булаасан хүсэл шингэсэн тэр л харцаараа шимтэн ширтэж харагдах нь тэр…

Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л Танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулсныг чи мэдээгүй. Чи толгойгоо үл ялиг хөдөлгөн намайг үүдний өрөөнд гарч уулзъя гэж дохив.

Тэгээд чи зориуд чанга дуугаар нөхөдтэйгээ салах ёс хийн тооцоогоо бодуулаад намайг хүлээж байна гэдгээ надад ойлгуулаад гарч одов. Би даарсан мэт чичрэн догдолж хөөрснөөсөө болоод нэг ч үг дуугарч чадсангүй. Яг энэ үед хос харууд шал товшин бүжиглэж, бүхний анхаарал шинэ маягийн бүжиг, хашгираанд татагдах тэр үед би цуг явсан хүндээ одоохон ирнэ гэж хэлчихээд чиний хойноос гарлаа. Чи үүдний өрөөн дэх өлгүүрийн дэргэд намайг хүлээн зогсож байснаа намайг ойртон очиход минь царай чинь гэрэлтээд явчихсан. Инээмсэглэсээр над руу ирэхдээ намайг өнөөх бүсгүй гэдгийг огтхон ч таниагүй. Анх удаагаа л учирч байгаа хүүхэн гэж бодож байгааг чинь би шууд л мэдэрсэн. “Та надад зориулан жаахан зав гаргахгүй юу?” гэж итгэлгүй дуугаар асуухад чинь намайг ганц оройг хамт өнгөрүүлэхийн тулд худалдаад авчихаж болдог тэр эмэгтэйчүүдийн нэг гэж бодож байгааг чинь би ойлголоо.

“Тэгье” гэж догдлон өгүүлэхдээ яг л өнөөх нарийхан гудамжинд жаахан охин байхдаа уулзсан шигээ байдалд орчихов. Чи надаас “Хэзээ уулзах вэ?” гэж асуув. “Хэзээ ч яах вэ?” гэж хариулахдаа би чамаас ердөө ч ичсэнгүй. Чи тэртээ нэгэн цагт намайг өөртөө зөвшөөрөх үеийнх шигээ сонирхсон итгэлгүй харцаар гайхан харав. Чи шийдэж ядсан дуугаар “Одоо болох уу?” гэв. “Тэгье, явцгаая” гэж хэлэхдээ би өлгүүр лүү дээлээ авахаар очсон байлаа. Тэнд очсон хойноо л өлгүүрийн дугаар нөгөө хүнд маань байгааг санав. Буцаж очоод дугаараа авах боломжгүй, тэгвэл уртын урт тайлбар хэрэгтэй болж, энэ нь миний олон жил тэгтлээ их хүсэн хүлээж байсан чамтайгаа өнгөрүүлэх цагаас хороох учраас би хүссэнгүй. Би үдшийн гоёлдоо огтхон ч харамсаагүй агаад бүтэн хоёр жилийн турш гэрлэх гэж байгаа бүсгүй нь гэж яригдсан надад зөвхөн сайныг л хүсдэг тэр хүнээ ч юман чинээ бодолгүй дөнгөж уулзуутаа л чамтай хамт явахаар шийдэв. Би чамд тийм л хайртай байлаа. Гэвч энэ бүхнийг хэзээ хойно бүх юм өнгөрсөн хойно хэлж байгаадаа харамсаж байна.

Хэрвээ хэвтэрт үхлүүт байхад чи минь дуудвал би чамайгаа дагаад явах л байсан байх гэж санагдах юм. Ийм хүч надаас гарах л байсан. Орцны үүдэнд машинаас бууж бид танайх руу орлоо. Би дахин чинийхээ дотно дууг сонсож хамт байгаагаа мэдэрч байхдаа бидний анхны учрал шиг жаргалдаа мансуурч явлаа. Арван жил өнгөрсөн хойно би нөгөө шатаараа ахиад өгсөж байна. Гэвч, гэвч би энэ тухай дахин дахин ярьж чадахгүй нь. Яг л урьд тохиолдсон шиг дахиад л чамтайгаа явж байсан билээ. Чиний өрөөнд ганц хоёр тавилга, хэдэн зураг номноос өөр нэмэгдсэн юмгүй, өнөө л урьдын танил хэвээрээ байв. Бичгийн ширээн дээр чинь миний чамд төрсөн өдрөөр чинь дурсгал болгон илгээсэн сарнайтай цэцгийн сав байж байлаа.

Чи хэн болохыг нь санахгүй, тэр ч байтугай гараа барилцан ярилцаж байхдаа хүртэл дэргэдээ байгааг нь мэдэхгүй байгаа энэ л бүсгүй илгээсэн гэдгийг яаж мэдэхэв дээ. Гэлээ ч гэсэн миний дурлалын илэрхийлэл болсон тэр цэцгийг чи хадгалж, тэр нь танай өрөөнд байгааг би харахдаа баяртай байлаа. Чи намайг тэвэрлээ. Би танайд дахиад л урт шөнийг өнгөрүүлэв. Гэсэн ч намайг таньсангүй. Нэг л мэдэхнээ өглөө болж бид оройхон босоод өглөөнийхөө цайг хамт уухаар болов. Хэн нэгний бэлдсэн өглөөний цайг уун, чөлөөтэй ярилцацгаалаа. Чи надтай дахиад л сонирхсон шинжгүй энгийн яриа өрнүүлэв. Миний хэн болох, хаана амьдардаг, юу хийдгийг огт асуусангүй. Би бол чиний хувьд агаарт замхран арилдаг тамхины утаа, хэн нь ч үл мэдэгдэх учраад өнгөрдөг замын л нэг хүүхэн байлаа.

Чи надад өмнөд Африк руу хоёр гурван сарын хугацаатай, аялан явах гэж буй тухайгаа ярив. Миний баяр хөөр уйтгар гунигаар солигдон айсандаа цус минь царцах шиг болж “гүйцээ бүх юм өнгөрч” гэдэг үг чихэнд минь сонсогдох шиг болов. Би хөлд чинь сөхрөн “Намайг аваад яваач, тэгвэл чи энэ олон жил өнгөрсөн хойно намайгаа одоо л ойлгох болно шүү дээ” гэж хашгирмаар байлаа. Гэвч би дэндүү зүрхгүй хулчгар амьтан, чиний дэргэд номхон “боол” шиг л байсан юм. Тэгээд зөвхөн “Ямар харамсалтай юм бэ?” гэлээ. Чи намайг харан инээмсэглээд “Чамд үнэхээр харамсалтай байна уу?” гэв. Би цаашид удаан тэсвэрлэж чадахгүй нь гэдгээ ойлгов. Би босож чиний царайг удаанаар ширтэн хараад тэр намайг одоо л таних байх гээд айсандаа чичрэн горьдон хүлээв.

Гэвч чи над руу харж инээмсэглээд зугаатайгаар “Аялалаас эргэж ирсэн биз дээ” гэв. Би “Тиймээ, гэвч эргэж ирээд л мартчихсан” гэлээ. Миний хэлсэн дууны өнгө чамд гайхалтай сонсогдсон юм байлгүй чи гайхсан зөөлөн дулаан харцаар харснаа мөрөөр минь тэврэв. “Сайн хүмүүс мартдаггүй юм. Би чамайг мартахгүй ээ” гэж хэлээд чи намайг сайн тогтоож авах гэсэн мэт нүд рүү минь удаан ширтлээ. Надаас ямар нэгэн юм хайсан мэт шуналтай ширтэхэд чинь одоо л нэг юм намайг таньж миний сэтгэлийг онгойлгох нь гэж баярлав. “Тэр намайг таньж байна, таньж байна” ингэж бодоод сэтгэл минь дэвэрсэн. Гэвч чи намайг таньсангүй. Би чамд хэзээ ч ойр дөт байсангүй. Яагаад? Яагаад гэвэл чи хэдхэн минутын дараа хийснээсээ өөр юм миний тухай хийж чадахгүй байсан юм. Чи намайг шуналтай үнсэж, би үсээ дахин самнахаас өөр аргагүй болов.

Үргэлжлэл бий...

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.