Хархорум дахь Исламын шашин

Twitter Print
2021 оны 07-р сар 30-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Нүүдэлчин гүрнүүдийн шашны олон талт байдал (4/6)

"Хархорум дахь Исламын шашин"

Дундад зууны үед нүүдэлчин эзэнт гүрний шашны олон талт байдал нэгэн шинэ шашнаар нэмэгдэв. Арабын хойгоос эхэлсэн Исламын шашин эхлээд Иранд хүрээд, цаашаа Төв Ази хүртэл тархжээ. XIII зуунд Монголын эзэнт гүрэн өргөжин тэлэхэд, төв азийн баруун хэсэг аль эрт мусульман удирдагчдын гарт нэгэнтээ байв. Кара-Китай, Хоресменчүүдийг эрхшээлдээ оруулсны дараа Монголын залуу эзэнт гүрэнд оршин суугчдынх нь нилээд хувийг мусульман шашинтнууд эзлэх болов. Самарканд, Ургенч, Бухара зэрэг хотуудыг эрхшээлдээ оруулсны дараа олон олон дархан, гар урчуудыг Монголд ирүүлэн, шинэ эздэд зүтгүүлэхээр авчирчээ. Бусдыг нь монгол цэргийн албанд татав. Түүхийн эх сурвалжуудад Төв Азиас ирсэн лалын шашинтнууд эзэнт гүрний төрд алба хашиж байсан болон худалдаачид, гар урчууд олноор ирж суурьшин, ажиллаж байсан талаар дурддаг. Персийн түүхч Жувейнигийн тэмдэглэлд тэд Монголд Их хаанд зориулж ордон барьсан талаар гардаг. Персийн түүх судлаачдын түүхэн бүтээлүүд нь Монголын эзэнт гүрний тухай бичигдсэн хамгийн чухал бичгэн эх сурвалжуудын нэг хэвээр байна.

Ялангуяа Жувейнигийн "Дэлхийн байлдан дагуулагчийн түүх", Рашид-Ад-Диний "Шастирын эмхэтгэл" зэрэг нь нэн сонирхолтой. Эдгээр Персийн лалын шашны шастирууд нь Монголын эзэнт гүрний түүхийг нарийвчлан тайлбарласнаас гадна Хархорум хотын амьдралын тухай шог яриаг мөн хадгалан авч үлдсэн байдаг. Рашид-Ад-Диний бүтээлд тус хот дахь шашны олон талт байдалтай холбоотой нэгэн сонирхолтой хэсэг байдаг. Мөнх хааны залгамж халааг авахаар Ариг Бөх, Хувилай нарыг хоорондоо дайтах үеэр Ариг Бөх тус хотын оршин суугчдыг өөртэй нь нэгдэхийг хүссэн боловч тэд татгалзжээ. Хамгийн сонирхолтой нь, тус хотын оршин суугчдыг уг хэлэлцээрт хотын захирагч бус харин Буддын, Лалын, Христийн гэсэн шашны гурван нийгэмлэгийн тэргүүн төлөөлж байжээ. Энэ нь тухайн үед шашнуцд зэрэгцэн оршиж, шашин нь өөрөө хотод ямар чухал үүрэг гүйцэтгэж, хот нь эзэнт гүрний чухал төв, пан-шашны дархан газар байсныг харуулж байна.

Мөн 1253 онд Хархорумд аялж байсан Европын аялагч Вильгельм фон Рубрук энэ хотод бурхны, христийн шашны сүм хийдүүдээс гадна мусульман шашны сүм хийд байсан хэмээн өөрийн аяллын тэмдэглэлдээ дурдсан байдаг. Харамсалтай нь өнөөг болтол энэхүү мусульман шашны чухам хаа байрлаж байсан байршилыг тодорхойлж чадаагүй байна. 1970-аад онд Монгол, Зөвлөлтийн археологчид (Сэр-Оджав, Войтов) нарын хийсэн малтлагын явцад хуучин хотын хэрмийн хойд талд байрлах олон булш бүхий оршуулгын газрыг илрүүлсэн бөгөөд эдгээр булшнууд нь аливаа нэгэн өргөл барьцгүйгээр оршуулагдсан байсан. Уг малтлагыг хийсэн эрдэмтэд энэхүү газрыг тус хотын мусульманчуудын томоохон оршуулгын газар байсан болов хэмээсэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг.

Эдгээр гар бичмэлүүд нь ихэвчлэн чимэг болгон зурсан бяцхан зурагнуудаар чимэглэгдсэн байдаг. Эдгээр бүтээлүүдийн ихэнхийг одоо онлайнаар үзэх боломжтой болжээ.

Зураг: Персийн түүхч Жувейнигийн “Дэлхийн байлдан дагуулагчийн түүх” -ийн гар бичмэл дэх хотыг бүслэлт. https://gallica.bnf.fr/ark:/12148/btv1b84229930/f305.item

Зураг: Рашид-ад-Диний бичсэн "Шастирын цуглуулагч" -ын гар бичмэлд байх морин цэргийн тулаан. https://images.is.ed.ac.uk/.../UoEsha~4~4~61252~102900... 3Blc% 3AUoEsha ~ 4 ~ 4 & mi = 38 & trs = 391

Германы Археологийн Хүрээлэнгийн Улаанбаатар хот дахь судалгааны төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.