
ОРЧЛОНТ ЕРТӨНЦ ҮҮСЭХ ЦАГААР
Гэрийн босгоор гадагш хөл тавимагц, цасны жавар өөдөөс тасхийтэл хайрав. Надаас өрсөн үүдээр гарах гэсэн мэт хаалга үүдээр уур манан багтаж ядан савсана.
“Аргагүй дээ, ингэж хүйтрэх нь аргагүй. Харин ч намар шиг их л налайлаа. Өдийд чинь өвлийн ганирсан хүйт хургаж байдаг цаг. Бидний багад их л хүйтэрдэг байжээ. Манай хөдөөнийхөн л лав өдийд үнэгэн малгай, үстэй өмд, азарган нэхий дээлтэй унаа морьдоо цантуулан давхина. Тэмээний зогдор хөдөлгөн хөглийтэл хүглийтэл алхуулна. Одоо тэгж хувцаславал яах бол? Бараг амь тэмцэх байх. Байгалийн хувирал, цаг уурын өөрчлөлт гэгч чинь хүний нэгэн насанд ингэтэл анзаарагддаг зүйл үү?”
Гадаа гарч, өвлийн шөнийн нам гүмийн дунд зогсоход иймэрхүү бодол хаа нэг харвасан од шиг орж ирнэ. Дүүрэн тэргэл саран зулай дээр мэлтийнэ. Маргааш өвлийн дунд сарын шинийн арван таван, ингэж харагдахаас ч яах вэ! Тэнгэр огторгуйн хүнхийсэн их хээлэнд тоолшгүй түмэн живаа одод жирэв журав гэлцэнэ. Хаа нэгтэйгээс од харван одно. Оддыг тийнхүү ажин зогсохдоо бид, яг энэ агшинд огт зөрөөгүйгээр тэр бүхнийг олж харж байна хэмээн эндүүрдэг. Гэтэл тэр одод хэдэн зуу, хэдэн мянга, хэдэн сая, бүр хэдэн зуун тэрбум гэрлийн жилийн тэртээд оршин байгааг, оддын энэ гэрэл гэгээ манай гаригт, бидний нүдэнд хүрч ирэх гэж хичнээн жил болсныг огтоос анзаардаггүй. Одоо би Алтан гадасыг харавч, яг байгаагаар нь олж үзэж байгаа хэрэг биш, 434 жилийн өмнөхийг нь харж байгаа гэх бодол ерөөс надад төрдөггүй. 434 гэрлийн жилийн ухашгүй чанадын алсад байгаа Алтан гадас од өдгөө бидний нүдэнд нээрээн л төдий жилийн өмнөх дүрээрээ харагдахаас биш, яалаа гэж яг байгаагаараа тусах билээ!
Тавхан хоногийн дараа, энэ сарын 22-нд Жеймс Уэбб нэг сая, таван зуун мянган километр замыг нэг сарын дотор туулан байж, Франц-Италийн суут математикч, механикч, одон оронч Жозеф Луи Лагранжийн нэрээр нэршсэн сансрын тогтвортой нэгэн байршилд хүрч очино. Эх дэлхийдээ эргэж ирэхгүйгээр, 13.8 тэрбум гэрлийн жилийн тэртээхийг дурандсаар өөрөө үгүй болтолоо тэндээ хоцорно.
Жеймс Уэбб (The James Webb Space Telescope -JWST) хэмээх сансрын аварга дуран авай бол НАСА, Европын сансар судлалын агентлаг, Францын сансар судлалын агентлаг хамтран хорин жилээ зориулж, арван тэрбум америк доллараа зарцуулан байж бүтээсэн энэ цаг үеийн шинжлэх ухааны эгнэшгүй ололт.
“Ариан-5” хэмээх Францын сансрын тээгч хөлгөөр харван одох хугацаа ойртох тусам хариуцан бүтээсэн сансар судлалын агентлагууд, гардан зохион бүтээсэн эрдэмтэд төдийгүй дэлхий дахины одон орончид нэг талаар сэтгэл нэн догдлон хөөрч, нөгөө талаар “What if it fails?” (Бүтэхгүй бол яана аа?) хэмээн сэтгэл нь улам их шаналан зовцгоож байгаа ажээ. Өчүүхэн алдаа, урьдчилан төсөөлөөгүй хариугүй жаахан эндэл л аугаа их нээлтийг хүн төрөлхтний өмнө нээж өгөх учиртай Уэбб-д нэг мөсөн үхлийн цохилт болно. “Жеймс Уэбб зорилгоо биелүүлж чадахгүй байх наад зах нь 300 тээг бий” хэмээн одон орончид ч өөрсдөө ч эмээнгүй өгүүлцгээж байгаа юм.
Жеймс Уэбб хэмээх сансрын тэрхүү аварга дуран авай хүн төрөлхтөнд ямархуу их нээлтийг цоо шинээр хийж өгөхөөр сарны нөгөө талд, нэг сая, таван зуун мянган километрийн алсад, нарыг тойрон эргэх вэ гэхээр, орчлонт ертөнцийн үүслийг л тайлж өгөх гэж байгаа хэрэг. 13.8 тэрбум гэрлийн жилийн тэртээхийг олж дурдсанаараа, хэрэв л цаг үеийн машин юмсан бол, 13.8 тэрбум жилийн өмнөх рүү эргэн очно гэсэн үг. Орчлонт ертөнц үүсэн бий болоод төдий жил өнгөрсөн гэдэг билээ. Ер нь Их тэсрэлт (Big Bang, -Большой взрыв)-ээс хойш юу болж, хэрхэн яаж ертөнц бүрэлдэн бий болсныг очиж харах хүн төрөлхтөний бүтээсэн элч гэвэл Уэбб.
2021 оны арван хоёрдугаар сарын 22-нд хүмүүс та бид одот тэнгэрийг бишрэнгүй ширтэнгээ, манай хүн төрөлхтний агуу нэгэн бүтээл болох Жеймс Уэбб сааталгүй сар явсаар, Лагранж хэмээх зорьж гарсан сансрын тэр нэгэн цэгтээ хүрч очиж, торолгүй зургаан сарын турш бэлтгэл, туршилт, тохиргоогоо хийж, ирэх жилийн долдугаар сарын сүүлчээс эхлэн дурандаж олсон зураг, дүрс бичлэгээ эх дэлхий рүүгээ эндэлгүй сайн илгээгээрэй хэмээн залбирах юм биз дээ.
Тэр цагт хүн төрөлхтөн ертөнцийн үүсэл хөгжлийг тааж таамаглах төдийхөн биш, ингэж үүссэн юм хэмээн илэрхий тодоор батлан өгүүлэх ажээ.
Дэлхийн улс гүрнүүд сансрын цаглашгүй уудам руу оюун ухаанаа улам тэлсээр, тэр зүг рүү улам тэмүүлсээр байх аж. Манай Монгол Улс харин цор ганц байдаг Хүрэл тогоот дахь Улаанбаатар одон орон судлалын Оргилоо, Одон орон, геофизикийн судалгааны төвөө ихэд анхаарч, чамгүй хөрөнгө зарж, дэлхийн алхаатай хараа бараатай явдаг биз ээ.
До.Чулуунбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.