
Тайландад коронавирусын халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан сайн дурын ажилчид өнгөрсөн лхагва гарагт Бангкок хотын олон улсын Донмыанг нисэх буудлын каргоны агуулахыг коронавирусын халдвартай иргэдийг хэвтүүлэх 1800 ортой хээрийн эмнэлэг болгон тохижуулжээ.
Өнгөрсөн лхагва гарагт л гэхэд Тайландад коронавирусын халдварын 16 533 тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 133 хүн нас баржээ. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш тус улсад коронавирусын халдварын нийт 543 гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 4397 хүн нас барсан юм.
Тус түр эмнэлэгт коронавирусын халдвартай, КОВИД-19 өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа өвчтнүүдийг хүлээн авах ба өвчтнүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдолд өөр эмнэлэг рүү шилжүүлэх гэнэ.
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өсөх хандлагатай байгаа ба нэмж түр эмнэлгүүд байгуулах шаардлагатай байгаа аж.
Бангкок хотод коронавирусын халдвар хурдацтай тархаж байгаатай холбоотойгоор тус хотын эрүүл мэндийн тогтолцоо ачааллаа дийлэхээ больсон ба иргэд коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай явагдаж байгаад бухимдалтай байна.
Тайландын эрх баригчид энэ оны сүүл гэхэд 50 сая иргэнийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах зорилт тавьсан ч өнөөдрийн байдлаар 66 сая гаруй хүн амынх нь 5.6 хувь нь л коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдаж, 19.2 хувь нь эхний тундаа хамрагджээ.
Эх сурвалж: https://edition.cnn.com/2021/07/28/asia/thailand-covid-19-hospital-bangkok
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn