Хурандаа Томас Блад гэгч Английн хааны титмийн эрдэнийн чулууг хулгайлахыг оролдож байв

Twitter Print
2023 оны 08-р сар 02-нд 16:27 цагт
Мэдээний зураг,

1671 оны 05-р сарын 09-нд Хурандаа Томас Блад /Colonel Thomas Blood/ Лондонгийн цамхагаас /Tower of London/ Английн хааны титмийн эрдэнийн чулууг зохион байгуулалттайгаар хулгайлахыг оролджээ.

Блад Ирландын засагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж Дублин шилтгээн рүү дайран орж, засгийн газрыг булаан авах, Ормондын 1-р гүн, лорд дэслэгч Жэймс Батлерыг /James Butler/ барьцааны хүн болгон хулгайлахаар хуйвалдав. Яг хэрэгжүүлэх өдөр тэдний төлөвлөгөө баригдаж, оргоцгоосон ба цөөн хэд нь баригдан цаазлагдсан.

1670 онд Блад эрэн сурвалжлагдаж байсан хэдий ч Англид буцаж ирсэн бөгөөд Айлофф /Ayloffe/ хэмээх нэрийг авч Лондонгийн зүүн хэсэгт орших Ромфорд захад /Romford Market/ эмч юм уу эм зүйчээр ажилласан гэж үздэг. Түүний дараагийн зорилго нь Ормондын гүнг хороох байлаа. Энэ зорилгынхоо хүрээнд түүнийг нэг удаа цөөн тооны хамгаалагчтай явахад нь барьж чадсан боловч алдсан. Хуйвалдагчид баригдаагүй. Энэ нь эртнээс Ормондын гүнтэй зангидсан өшөө авалтын нэг хэсэг байв.

Бладын дараагийн томоохон төлөвлөгөө нь хааны титмийг, эрдэнийн чулуутай нь хулгайлах байв. 1671 оны 4, 5-р сард тэрээр лам хувцас өмсөж, эхнэрийн дүр эсгэсэн эмэгтэй хамтрагчаа дагуулан Лондонгийн цамхагт хэд хэд очжээ. Хааны титмийн эрдэнийн чулууг хамгаалагчид хураамж төлснөөр үзэх боломжтойг ашиглахаар шийдсэн байна. Титэм дээрх эрдэнийн чулуунуудыг үзэж байхдаа Бладын "эхнэр" гэдэс нь өвдсөн мэт дүр үзүүлж, шинээр томилогдсон 77 настай Талбот Эдвардсаас /Talbot Edwards/ тусламж гуйсан байна. Эдвард болон түүний эхнэр тэднийг гэртээ урьж асраад явуулжээ.

Дараагийн өдрүүдэд Блад Эдвардсийн ордонд зочлохоор Цамхаг руу буцаж ирээд хатагтай Эдвардсд талархлын илэрхийлэл болгон дөрвөн хос цагаан бээлий бэлэглэжээ. Блад өөрийн зохиомол зээ хүүгээ тэдний охинтой гэрлүүлэх санал хүртэл тависан байна. 1671 оны 5-р сарын 9-нд Блад өөрийн 2 найз болон зээ дүүгийн хамт зоог барихыг хүлээж байх зуураа үнэт чулуунуудыг үзэх хүсэлтэй байгаагаа хэлж Эдвардсыг ятгав. Үнэт эдлэл хадгалдаг өрөө нь Мартин цамхагт байсан бөгөөд үнэт эдлэлийг төмөр торны ард хадгална. Бладын хамсаатнууд таяган дотор илд, чинжаал, халаасны гар буу зэргийг далдлан авч явж байжээ.

Эрдэнийн ордонд ороход тэдний нэг нь гадаа харуулд зогсож байгаа дүр үзүүлэн бусад нь Эдвардс, Блад хоёртой нэгдэв. Хаалгыг хаасны дараа Эдвардсыг нөмрөгөөр дарж, алхаар цохиж унагаад, хүлж, амыг нь боон, хутгалжээ. Тэд торыг таслан авч дотроос нь титэм, эрднийн чулууг амжилттай авсан ч, яг энэ үеээр Эдвардс эцсийн хүчээ шавхан тэдэнд саад болсон байна. Эдвардсын тэмцэл анхаарал татахуйц хэмжээний үймээн дэгдээсэн үү, эсвэл санамсаргүй тохиолдолоор харуулууд мэдсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

Блад болон түүний бүлэглэл Гэгээн Кэтриний /St Catherine's Gate/ хаалган дээр хүлээж байсан морьлуугаа зугтаж явахдаа тэднийг зогсоохыг оролдсон хамгаалагчидруу буудаж, нэгийг шархдуулсан байна. Хэдийгээр Блад харуулуудрүү буудаж байсан ч онолгүй, Төмөр хаалганд хүрэхээс өмнө баригджээ. Нөмрөгнөөс нь титэм унасны дараа ч Блад бууж өгөхөөс татгалзаж, барьцаалагчидтайгаа тэмцэж, "Энэ бол зоригтой оролдлого байсан ч амжилтгүй болсон! Титмийн төлөө!" /"It was a gallant attempt, however unsuccessful! It was for a crown!"/ хэмээн орилжээ. Титэм олдсон боловч хэд хэдэн чулуу дутаж, бусад нь суларсан байна.

Баривчлагдсаныхаа дараа Блад хаанаас өөр хэнтэй ч ярихгүй гэсэнтул гинжлэн ордон руу аваачиж, хаан Чарльз /King Charles/, хунтайж Руперт /Prince Rubert/ болон бусад хүмүүс түүнийг байцаажээ. Чарльз хаан Бладаас "Би чамд амийг чинь өгвөл яах вэ?" гэж асуухад Блад "Би таны үнэнч боол байхыг хичээх болно, эрхэм ээ!" хэмээн хариулжээ. Блад Ормондын гүнд л өширхөж явснаа хэлснээр өршөөгдөөд зогсохгүй Ирландад жилд 500 фунт стерлингийн үнэ бүхий газар олгосон байна.

Эдвардсынханд 300 фунтээс бага шагнал олгосон ба мөнгийг хэзээ ч бүрэн төлөөгүй байна. Тэрээр хулгай хийхийг завдсан тухай домгийг цамхагт ирсэн зочдод ярьж баярлуулсаар 1674 онд нас барсан бөгөөд түүний булш Лондонгийн цамхаг дахь Гэгээн Петрийн сүмд байрладаг.

Хаан яагаад Бладыг өршөөсөн шалтгаан тодорхойгүй. Гэхдээ Бладын хамтрагчид өшөө авах вий гэдгээс эмээсэн эсвэл угаас ийм тэнэг зүйл хийдэг хүмүүст хаан талтай ханддаг байсантай холбодог.

1679 онд Блад Букингемийн /Buckingham/ гүнтэй маргалдаж, зан чанарынх нь талаар доромжилсон үг хэлсний төлөө Бладаас 10,000 фунт нэхэмжилжээ. Дараах шүүх хурлаар Бладыг 1680 онд хааны шүүх яллаж, хохирлоо барагдуулаагүй ч батлан даалтаар гаргажээ. Блад 1680 оны 7-р сард шоронгоос суллагдсан боловч 8-р сарын 22-нд комд орон хэвтэв. Тэрээр 8-р сарын 24-нд Вестминстер дахь гэртээ нас баржээ. Түүнийг Гэгээн Жеймс цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох Гэгээн Маргаретын сүмийн (одоогийн Кристчерчийн цэцэрлэгт хүрээлэн) хашаанд оршуулсан. Эрх баригчид цогцос мөн гэдгийг батлахын тулд булшнаас гаргаж шалгасан гэж үздэг. Энэ нөхцлүүд нь түүнийг өрнөөсөө зугтах муухан заль байж магадгүй гэж хүмүүс сэжиглэж байсантай холбоотой гэнэ.

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.