Дани болон Нидерландын зүгээс Киевт 61 F-16 сөнөөгч онгоц нийлүүлнэ

Twitter Print
2023 оны 08-р сар 21-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн Дани болон Нидерланд улсад хийсэн айлчлалын үеэр дээрх хоёр улс Киевт нийт 61 ширхэг F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээ мэдэгдсэн байна.

Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен Данийн зүгээс Киевт нийт 19 ширхэг сөнөөгч онгоц хандивлахаар төлөвлөж байгаа, ингэхдээ шинэ жилийн үеэр зургааг, ирэх онд наймыг, 2025 онд үлдсэн таван онгоцоо илгээнэ гэжээ. Тэрээр, "Энэхүү хандивыг маань Украин улсын эрх чөлөөний төлөөх тэмцлийг Дани улсын зүгээс тууштай дэмжиж байгаагийн бэлгэ тэмдэг гэж хүлээн авна уу." хэмээн онцолжээ.

Нидерланлын Ерөнхий сайд Марк Рутте Киевт чухам хэдэн F-16 сөнөөгч онгоц хандивлахаа тодорхой хэлээгүй ч Нидерландын агаарын нисэх хүчинд нийт 42 ширхэг F-16 сөнөөгч онгоц байгааг ойрын хугацаанд мөн л АНУ-д үйлдвэрлэсэг F-35 сөнөөгч онгоцуудаар солих гэж байгаа аж.

Тэрээр, "Өнөөдөр Нидерланд болон Дани улс Украинд болон Украины агаарын нисэх хүчинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэх болсноо зарлаж байна." хэмээн Украины төрийн В. Зеленскийн хамт Эйндховенд байрлах агаарын нисэх хүчний бааз дээр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Түүний хэлснээр сөнөөгч онгоцнуудыг Украины нисгэгчид болон нислэгийн багийнхан хангалттай бэлтгэгдсэний дараа илгээх нөхцөлтэй аж. F-16 сөнөөгч онгоцын жолоодох чадварыг эзэмшихэд 6 сар, стандартын шаардлагад нийцсэн техникийн англи хэл сурахад 4 сар болох аж.

Үүнээс харвал украинчууд 2024 оноос нааш F-16 сөнөөгч онгоцыг ОХУ-ын эсрэг тулаанд ашиглах боломжгүй болж байгаа юм. Нөгөөтээгүүр Дани болон Нидерландын зүгээс албан ёсоор ийнхүү мэдэгдэл хийсэн нь барууны улс орнууд F-16 сөнөөгч онгоцыг Киевт илгээх нь гарцаагүй болсныг илтгэж байна.

В. Зеленский тэдгээр сөнөөгч онгоцнууд нь Украины агаарын хамгаалалтыг сайжруулж, Киевийн сөрөг довтолгоог эрчимжүүлэхэд тусална гэдгийг онцолжээ.

Украины агаарын нисэх хүчин нь ОХУ-ынхтай харьцуулахад ЗХУ-д үйлдвэрлэсэн хуучин, хүчин чадал багатай онгоцнуудаас бүрддэг аж.

Өнгөрсөн бямба гарагт Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников Украины нисгэгчдийн бэлтгэх ажил эхэлсэн хэмээн мэдэгдсэн бол Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте өнгөрсөн ням гарагт F-16 сөнөөгч онгоцны нисгэгчдийг бэлтгэх бэлтгэл ойрын хугацаанд эхэлнэ хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.