“Коронавирус илэрсэн” гэх худал мэдээлэл тараасан иргэнийг “хүн гүтгэсэн” хэргээр торгожээ

Twitter Print
2020 оны 02-р сар 07-нд 15:57 цагт
Мэдээний зураг,

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Баянзүрх дүүргийн эмнэлэгт дөнгөж сая Коронавирус илэрч хөл хорио тогтоож байна” гэх мэдээллийг өөрийн фэйсбүүк цахим хаягтаа нийтэлсэн.

Уг иргэнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагаа явуулж худал мэдээллийг нийтэд дэлгэсэн иргэн Э-г Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүн гүтгэсэн гэх заалтаар  2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажиллажээ. Уг заалт нь:

6.21 дүгээр зүйл. Гүтгэх

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 

Тэгвэл уг хэргийн талаар өмгөөлөгч Б.Мэргэн “Коронавирусын талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн тухай хуулиар торгоно гэж тагнуулаас анхааруулаад байхаар нь ямар заалтаар вэ гээд гайхаад өнгөрсөн юм. Тэгсэн хүнийг гүтгэх заалтаар торгосон ч байх шиг. Ингэхгүй ээ. Хуульгүй бол хариуцлагагүй шүү дээ. Эрүүгийн хариуцлагыг төсөөтэй хэрэглэдэггүй зарчимтай. МАН-ын үед эрх зүйн зарчмууд, хуулиуд сайхан завхарч байна.

ЗГХЭГ-ын дарга нь тусламжаар гадагшаа явна гэсэн эмчдээ байхгүй хуулиар эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж занаад байхаар доошоогоо аргагүй ч юм уу даа. Зөвхөн энэ вирусын талаар биш олон нийтийг эмх замбараагүй байдалд хүргэдэг худал мэдээлэл тараасан тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг зохицуулалт шаардлагатай гэдэг нь олон зүйл дээр харагддаг. Тийм хуулийн зохицуулалтаа батал л даа. Тэгээгүй байж ингэж хүчиндэнэ гэж юу байсан юм” хэмээн бичжээ. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.