АНЗЭН ДАЙИЧИ буюу аюулгүй байдлыг нэгдүгээрт

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Япон хэлэнд АНЗЭН ДАЙИЧИ “安全第一” буюу Аюулгүй байдлыг нэгдүгээрт гэсэн үг бий. Ямар нэгэн арга хэмжээ, аялал жуулчлал, уралдаан тэмцээн, ажил үйлс ... хүний амьдралд тохиох янз бүрийн үйл явдал, үйл явцад хүн юуны түрүүн “анхаарал болгоомж, аюулгүй байдал”-ыг эрхэмлэх тухай хэлсэн үг юм.

Манайхан ч гэсэн “болгоомж илүүдэхгүй” гэж ярьдаг даа. Энэ л дээ. Нийгэмд болж буй харанхуй бурангуй бүхэн, байгаль дэлхийд тохиож буй гай гамшиг, энэ бүхэн хүний амьдралд ул мөрөө үлдээнэ. ХАМГИЙН ХАРАМСМААР НЬ ХҮНЭЭС ШАЛТГААЛАН ГАРЧ БУЙ ХОХИРОЛ, ГАМШИГ. Ялангуяа хариуцлагатнууд, төрд ажиллах, ард түмний бүхнийг захиран зарцуулах эрхийг биднээс авчихаад “бидний эсрэг” ажиллаад байгаагаас үүсэх ХОХИРОЛ, ГАМШИГ.

Нэг жишээ байна. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын гудамжаар Япон хүнтэй цуг алхалж байв. Зам дээр автомашины осол гаргах магадлал тун өндөр байгааг бид харж явлаа. Замаар хөндлөн гарч буй явган хүнийг хараад япон хүн хэлж байна: Энэ хүмүүст техник осолтой, махан бие хэврэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй, гэв. Харин би “дүрэм зөрчиж буй жолооч нар маш муу” гэх маягийн юм хэлэв. Бидэд сэтгэлгээний ялгаа байна. Япон хүн мэдээж, жолооч нарын буруу гэдгийг мэдэж харж байна, харин “амь нас хүнд юунаас ч чухал, амь насаа хамгаалах хэрэгтэй” гэдгийг нэгдүгээрт тавьж байна.

Бидэнд нэг буруу хандлага байгааг хүлээн зөвшөөрцгөөе. “Тэр жолоочоос, тэр даргаас, тэр гишүүнээс, тэр хүнээс, тэр сайдаас болоод ийм харамсалтай үйл явдал боллоо” гээд л, бүгд уурсан “дайрдаг”. Буруутан байна, тэгэх тусмаа төр засагт ажиллаж байгаа хүйтэн сэтгэлтнүүдийн буруу маш их. Би ч гэсэн тэдэн рүү дайрдаг. Харин, өөрөө өөрсдийнхөө амийг, эд хөрөнгөө, байгаль дэлхийгээ хамгаалах үүрэг, шаардлага бий гэдгийг бид мартаад байдаг. Маргааш дахиад л хүйтэн сэтгэлтнүүдээс болоод хүүхэд өтгөс осолдлоо гэж бодъё, бид дахиад л хамаг байдаг муу үгээр шүүмжлэе дайръя, харин байдал үргэлжилсээр л байх шинжтэй.

Тэгэхээр яах вэ, нийгмийг хохироолгүйгээр, хууль зөрчилгүйгээр Хувиа бодоцгоо, Аюулгүй байдлыг нэгдүгээрт тавь, ар гэрийхээ төлөө, ойр дотныхноо төлөө эрүүл мэнд, амь насаа бодож найр наадмаас, амттай сайхнаас, хурал цуглаанаас, эрсдэлтэй бүхнээс татгалздаг бай! Чамд зуу зуун сая төгрөгийн ашигтай байсан ч... Ямар ч үед АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ нэгдүгээрт тавьж сурцгаая!

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.