Хөлс урсаж, нулимс асгарах Олимп, энэ зуны, эрин зууны их наадам

Twitter Print
2021 оны 07-р сар 28-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

Хорвоогийн 1460 хоног гэдэг урт хугацаа, тун их урт хугацаа! Дөрвөн жилийн ийм сунагар урт хугацаанд хүлээлгэн байж ганцхан тохиодог хүн төрөлхтний аугаа их наадам Олимп тэгэхлээр үнэтэй хүндтэй, тамирчин хүний алдаж болохгүй агшин байхаас өөрөөр яах вэ! Энэ удаагийн олимп бүр жил илүү хүлээлгэснийг ч яана. Тиймдээ ч улс орон бүрийн хэдэн зуун мянган шилдэг шигшээ тамирчид бүхэн Олимпын наадамд оролцохын төлөөнөө хүчээ хайргүй барж, хөлсөө харамгүй асгаруулж жил сараар зүтгэсээр тэдний ердөөн 10305 нь л Токиог зорих эрхтэй болжээ.

Олимпын наадмын дэвжээ хатуу, өрсөлдөөн ширүүн, өөрөөр байхын ч эцэсгүй, зорьж ирсэн болгонд ээлээ хайрлахгүй.

Олимп гэдэг бол тэрчигээрээ оргилж буцалсан гал халуун залуу нас юм.

Олимп гэдэг бол тэрчигээрээ шандас тэнхээ, хурд хүчний шалгуур юм.

Олимп гэдэг бол тэрчигээрээ эрэмгий зориг, хийморь сүлдний илэрхийлэл юм.

Олимп гэдэг бол тэрчигээрээ гоё ганган, гоо сайхны цаглашгүй их талбар юм. Алекс Морган, Алика Шмидт, Наталия Гончарова, Наоми Осака, Ребека Андраде, Дарья Белодед зэрэг зуу зуун бүсгүйчүүд, булчин шөрмөс нь зангирсан, жигд тэгш биетэй залуус олимпын талбарыг улам ч чимэглэнэ.

206 улс орон, бүс нутаг, эзэн хаадын эзэмшил газраас шалгарч шигшигдэж ирсэн мөнөөх арван мянга хэдэн зуун тамирчдаас Олимпын наадамд оролцсон нэр зүүгээд мөрөөрөө буцъя гэсэн нэрлээд өгөх нэг ч тамирчин байхгүй. Бүгд л залуухан, цугаараа л тэмүүлэлтэй, цул гэхээр ур авъяас, ухаан билэг, биеийн хүч тэгширсэн энэ цагтаа багтаж ядан шигшигдсэн хүмүүс нэг дор цуглачихаад өрсөлдөж байна. Тийм л хорвоогийн хосгүй хүмүүсийн дундаас эртний түүхт, энэ Монгол улсын минь охид хөвгүүд Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар өнөөдөр гэхэд бидний Молом гэдэг Саид Моллаи нар Олимпын медальтан боллоо. Өнжөөд нэг медаль, өнгө нь хүртэл өөр болно, улам цааш нэмэгдэнэ.

Юутай бахтай хэрэг вэ.

Олимпын талбар гэдэг бол хөлс их урсдаг, түүнээс дутахааргүй баяр бахдал, харуусал халаглалын нулимс бас асгардаг талбар. Бахархал болсон манай тамирчин хөвгүүд охидын минь баярын нулимс дотроо барих аргагүйгээр мэлтэлзэж байг!

Байгаль дэлхийг тэтгэж бороо гадаа шаагина. Босоо заяатай Монголын минь үрс дэлхийд нэрээ гаргана.

Ийм байхад хэн маань бухимдах билээ!

До.Чулуунбаатар 2021. 07. 27

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.