БНСУ-ын засгийн газрын төрөлтийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл шүүмжлэлд өртжээ

Twitter Print
2023 оны 03-р сар 31-нд 07:53 цагт
Мэдээний зураг,

Хүн амын өсөлтийн асуудалтай тулгараад буй өмнөд солонгосчууд төрөлтийн тоогоо нэмэгдүүлэх арга зам хайсаар байна. Тус улсын засгийн газраас сүүлд санал болгосон хуулийн төсөл ард иргэд, сөрөг хүчнийхэн болон хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хатуу шүүмжлэлд өртжээ.

Өмнөд Солонгосын хууль тогтоогчид 3 ба түүнээс дээш хүүхэдтэй 30 хүртэлх насны эрэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх, хүүхдийн тооноос хамаарч татвараас хөнгөлөх, гадаадаас гэрийн үйлчлэгчээр ажиллах хүчийг татаж, БНСУ дахь цалингийн доод хэмжээнээс бага хөлсөөр ажиллуулах зэрэг санал гаргасан нь иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Иргэд үүнийг орчин үеийн боолчлолыг дэмжсэн, эрэгтэйчүүдэд давуу тал олгосон хэмээн үзжээ.

Төрөлтийн тоо нь жил дараалан буурч байгаа ноцтой асуудлыг шийдвэрлэхийн тулд Сөүл байж болох бүх л арга хэмжээг авч байгаа билээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд хүүхэдтэй эрэгтэйчүүдийг цэргийн албанаас чөлөөлөх нь зөвхөн эрэгтэйчүүдэд ашигтай шийдвэр бөгөөд хүн амын өсөлтийн асуудлын гол нь төрөлтийн тоондоо бус ялгаварлан гадуурхалд байгааг онцолжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтарсан мэдэгдэлдээ хүүхэд төрүүлэх нь эмэгтэйчүүдийн карьерт нөлөөлдөггүй байх нийгмийг хүсэж буйгаа мөн эрчүүд хүүхдээ харах, өсгөн хүмүүжүүлэх ажил, гэрийн ажилд оролцох нь байх ёсны асуудал гэдгийг дурджээ.

Гадаадын ажилчдыг цалингийн доод хэмжээнээс ч бага хөлсөөр ажиллуулах саналыг гаргахдаа хууль тогтоогчид Сингапур улсыг жишээ татсан ба тус улсад гадаадын ажилчдыг цалингийн дундаж хэмжээнээс 10 дахин бага хөлсөөр ажиллуулдаг гэжээ.

Түүнчлэн тэдгээр гадаадын ажилчдыг орон байр, хоол хүнсээр ханган,эх орондоо авч болох цалингаас нь өндөр хөлсөар ажиллуулна гэдгийг онцолжээ. Консерватив талыг баримтлагч Чосүн Илбо сонин уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэн, "Шуурхай арга хэмжээ шаардаж байгаа энэ нөхцөлд бид төрөлтийг дэмжих шийдэмгий алхмуудыг дэмжихгүй бол ноцтой үр дагавар гарна." хэмээн бичсэн бол сөрөг хүчнийхэн уг хуулийн төслийг батлах нь орчин үеийн боолчлолыг дэмжсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг зөвшөөрсөн явдал болно хэмээн тодорхойлжээ.

Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр ажил хийдэг эмэгтэйчүүдийн тал хувь нь ажлын байраа алдахаас эмээн хуулиар олгогдсон амаржсаны амралтаа авч чаддаггүй аж. БНСУ-ын иргэд дэлхийн бусад улс орнуудын иргэдтэй харьцуулахад хамгийн олон цаг ажилладаг ба эмэгтэйчүүдэд ажил хийхэд хамгийн ээлгүй газар гэгддэг.

Үүн дээр Ерөнхийлөгч Юн Сук Ёлын зүгээс долоо хоногт ажиллах цагийн дээд хязгаарыг 69 цаг болгон нэмэгдүүлэх санал гаргаад байгаа нь солонгосын ард иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцэлтэй тулаад байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.